
-Монголын Ногоон намын дарга С.Маам МАХН-тай ирэх сонгуулиар хамтран ажиллах талаар санамж бичигт өнөөдөр /өчигдөр/ гарын үсэг зурлаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Өөрийн чинь асуусан асуултын талаар хэвлэл мэдээллээс харлаа. Үүнд нэг их гайхахгүй байна. Иргэний Зориг, Монголын Ногоон намын нэгдлийг бүртгэхгүй байгаа нь анхнаасаа үүний төлөө л явсан гэдгийг бид зургаан сарын өмнө л ярьж байсан шүү дээ. Гэвч харамсалтай нь өнөөдөр шүүхийн тогтолцоо улс төрийн хараанд орсон. С.Маам гэдэг хүн Монголын Ногоон намын их хурлын үеэр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд намын гишүүн байгаагүй. Тийм болохоор бид үүнд албан ёсны тайлбар хийж чадахгүй. Харин эл үйл явц бол зургаан сарын өмнө эхэлсэн үйл ажиллагааных нь үргэлжлэл юм. Ийм байдал нь цаашид ч үргэлжлэх байх.
-С.Маам танай намын гишүүн биш гэлээ. Тэгвэл энэ хүнийг “Монголын Ногоон намын нэрийг барьж байна” гэх үндэслэлээр шүүхэд хандаж яагаад болохгүй гэж?
-Бид нэг л байр суурьтай байгаа. Манай намын их хурлын үеэр Иргэний Зориг намтай нэгдэх шийдвэрийг нийт гишүүдийн 10 хувь нь эсэргүүцсэн. Шүүх хэзээ ч цөөнхийн саналыг авч хэлэлцдэггүй. Гэтэл цөөнхийн саналыг авахдаа бүр намын тамга, тэмдэггүй, нам бус хүмүүсээс авч шүүхийн тогтолцоонд өмнө нь байгаагүй алхам хийсэн. Үүний үр дүнд Монголын Ногоон намын дүрмийг өөрчилсөн. Ингэж өөрчлөхдөө намын их хурлыг дөрвөн жил тутам хийхгүйгээр өөрчилсөн байгаа юм. Тиймээс энэ үйл явц хуулийн хүрээнээс нэгэнт гарчихлаа. Нэг үгээр хэлбэл хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй гэсэн үг. Учир нь Дээд шүүх хууль бус ажиллагаа явуулан улс төрийн ажилд оролцоод ирэхээр л хууль үйлчлэхээ больчихож байгаа юм. Миний хувьд тэд хамтарч, эвсээд зогсохгүй байх гэж бодож байна. Хэрэв Монголын Ногоон намын удирдлагууд гээд байгаа нөхөд МАХН-тай нэгдвэл МАХН намуудын нэрсийн жагсаалтын гуравдугаарт албан ёсоор бичигдэнэ.
-Ямартай ч Улсын дээд шүүх тэдний дүрмийг бүртгэчихсэн. Тиймээс хуулиар бол үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээлттэй. Харин тэд танаас намын тамга, тэмдгээ авахын тулд шүүхэд хандана гэсэн. Үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Улс төрийн намын тухай хуулиар тухайн намын дарга нь хэн болж тамгаа барих вэ гэдгийг шүүх шийддэггүй. Харин би тэдэнд “Намын тамгыг Д.Энхбатаас ав” гэсэн шүүхийн шийдвэрийг аваад ир” гэж л хэлж байгаа. Ийм шийдвэр авчраагүй цагт намын тамгыг хэн барихыг гишүүд л шийднэ.
-Танай нам одоо хэчнээн гишүүнтэй вэ. Тухайн үед хэд нь Иргэний Зориг намтай нэгдэхийг дэмжиж, санал хураалгаж байсан юм бэ?
-Иргэний Зориг намтай хамтран их хурал хийхэд нийт 800 хүн оролцсон. Тэдний 98 хувь нь хоёр намын нэгдлийг дэмжсэн юм. Харин Монголын Ногоон намын дарга гээд байгаа хүмүүсийн ярьж байгаа их хуралд 112 хүн оролцсоноос тэн хагас нь намын гишүүн бус хүмүүс байсан. Энэ талаар ярьсаар байгаад олон нийт бараг залхаж байх шиг байна. Миний хувьд Дээд шүүхийн 17 гишүүн ийм зүйл хийсэн гэж боддоггүй. Монголд олон сайн хуульч бий. Тэд энэ үйл явдлыг хараад үнэхээр толгой сэгсэрч байгаа.
-Тэгэхээр цаашид яана гэсэн үг вэ. Энэ асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх ёстой биз дээ?
-Одоо бол асуудлыг шийдвэрлэхгүй. Яагаад гэвэл, “Улс төрийн намын дотоод асуудалд шүүх оролцохгүй” гээд хуульд тодорхой заачихсан байгаа. Шүүх үнэхээр оролцдог байсан бол Ардчилсан намын хэсэг гишүүн хуралдаад намынхаа даргыг сольж болно. Үүн шиг олонхи, цөөнхийн шийдвэрийг шүүх шийдвэрлэвэл Монголд ардчилал үгүй болно. Ардчиллын тулгуур зарчим нь эвлэлдэн нэгдэх, асуудлыг олонхиороо шийдвэрлэхэд оршдог. Гэтэл тэр хүмүүс шүүхийн хараат бус, бие даасан байдал гэх чухал заалтын ард нуугдаж байна. Гэхдээ ийм замаар удаан явж чадахгүй болов уу. Яах вэ, УИХ-ын 2012 оны сонгуулиар гарч ирнэ гэж бодож байгаа байх. Хүмүүс тэднийг дэмжиж сонгохгүй шүү дээ. Яваандаа уг асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. Учир нь энэ бол зөвхөн Иргэний Зориг, Монголын Ногоон намын асуудал биш.
-Тухайн үед хоёр намыг нэгтгэхийг хэчнээн гишүүн эсэргүүцэж байсан юм бол?
-Монголын Ногоон намын Бага хурал 21 гишүүнтэй. Үүний хоёр нь төрийн албанд орсон учир 19 гишүүнтэй болсон. Эдгээр гишүүнээс дөрөв нь эсэргүүцэж, 15 нь дэмжиж их хурал хийсэн юм.
-”Дээд шүүх хууль зөрчлөө” гэж танай нам, Иргэний Зориг намынхан ярьж байна. Харин та энэ талаар парламентад сууж буй хуульч гишүүдээс зөвлөгөө авсан уу?
-Хууль мэддэг бүх хүн инээгээд толгой сэгсэрч байна. Хуульч гишүүд битгий хэл хууль мэддэггүй гишүүд ойлгоно. Дээд шүүх яахаараа нам бус хүмүүсээс тамгагүй бичиг авдаг болохыг хэн ч ойлгохоор шүү дээ. Шүүх иргэдээс л тамгагүй бичиг авдаг. Харин 20 жил болчихсон улс төрийн намаас тамгагүй бичиг авах ёсгүй. Монголын Ногоон намынхан гэх хүмүүс бичиг баримт дээрээ хотын салбар зөвлөлийн тамгыг дарсан байсан. Угтаа хотын салбар зөвлөл хэзээ ч намаа төлөөлдөггүй.
-Та хэдий ингэж хэлж байгаа ч шүүхийн шийдвэр гарч, Монголын Ногоон намыг өөр хүмүүс төлөөлөөд байна. Энэ уур амьсгал сонгууль дөхөж буй энэ үед та бүхэнд сөргөөр нөлөөлөх юм биш үү?
-Бид Иргэний Зориг-Ногоон намаа байгуулна. Учир нь шийдвэрээ гаргаж, Иргэний Зориг намтай нэгдчихсэн. Тиймээс үүнийгээ үргэлжлүүлээд явна. Харин үлдсэн хүмүүс Монголын Ногоон нам мөн үү, биш үү гэдгээ батлах л үлдэж байгаа юм. Бид өөрийнхөө замаар явна. Тэд бас өөрсдийнхөө замаар явна.
-Иргэний Зориг-Ногоон намыг Дээд шүүх бүртгэх болов уу?
-Яагаад бүртгэхгүй гэж.
-Яах вэ бүртгэхгүй ингэж удаад байгаа болохоор эргэлзээ төрөөд байна?
-Ганц л зүйл хэлье. Иргэний Зориг нам Иргэний Зориг-Ногоон нам болж өөрчлөгдөнө. Намын нэр солихыг Дээд шүүх зогсоож чадахгүй. Тэгээд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсны дараа бид намынхаа их хурлыг хийнэ.
-Нэгдсэн намыг бүртгэх боломжийг МАХН-ын дарга Н.Энхбаяр хааж байна гэх яриа бий?
-Өнөөдрийн /өчигдрийн/ мэдээллээс та харж л байгаа байх. Хүн бүхэн л мэдэж, бас ойлгож байна. Энэ бол нэг их гайхалтай зүйл огт биш. Үүний цаана Монголын улс төрийн бохир тоглоом бий. Би эдгээр хүмүүст “Аливаа зүйл ингэж явдаггүй юм” гэж хэлмээр байна. Ер нь улс төрөөс гадна амьдралын ухаан гэж байдаг. Хүн хэзээ ч иймэрхүү замаар амжилтад хүрдэггүй. Гэхдээ тодорхой хугацааны дараа үүнийхээ төлбөрийг төлдөг юм. Энэ хүмүүс яаж явахыг нь харъя л даа. Монголчууд хэн нь зөв явж байгааг нь харна биз. Бид тэр хүмүүсээс зам салсандаа харин ч баяртай байгаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр жижиг нам, иргэний хөдөлгөөнүүдийг эгнээндээ нэгтгэж буй. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдтай дайсагналцаж байна. Түүний энэ үйлдлийг улстөрч хүнийхээ хувьд юу гэж бодож байгаа вэ?
-Н.Энхбаяр дарга Монголын том намын дарга байсан хүн. Энэ хүрээндээ ажиллахын тулд олон нам, иргэний хөдөлгөөнийг хамтаръя гэж ярьж байна. Гэхдээ ингэлээ гээд хүмүүс хамтрахгүй шүү дээ. Учир нь үзэл санаа, эв нэгдэл, олон жилийн харилцан ойлголцлын хамтрал биш учир хурдан амжилтад хүрнэ гэдэгт нь итгэхгүй байна. МАХН бол бие даасан, өөрийн үзэл бодолтой нам. Тиймээс өөрсдийнхөөрөө яваг л дээ. Ардчилсан нийгэм учир үйл ажиллагааг нь шүүмжлэх зүйл алга. Тэднийг доош нь хийхийг хүсэхгүй байна. Миний бодлоор Монголын парламентад намуудын төлөөлөл бүгд орох ёстой. Хэрэв МАХН ард түмний тодорхой хувийн дэмжлэгийг авсан бол парламентад заавал орох хэрэгтэй. Түүнээс биш зохиомол хэрэг үүсгэж, хавчиж, гадуурхаж болохгүй. Яагаад Н.Энхбаяр орж болдоггүй юм. Ц.Нямдорж сайдтай маргалдаад байгаа зүйл нь хуулиар шийдвэрлээд зөв байвал парламентад орох хэрэгтэй л гэж үзэж байна.
-Ирэх сонгуулийн уур амьсгал хэдийнэ орчихжээ. Танай намд саяхан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл элссэн. Бас УИХ-ын гишүүн З.Алтай, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга С.Ганбаатар нар хамтрах сураг байна. Ингэж эвсэж, нэгдэж байж ирэх сонгуульд амжилт үзүүлэх магадлал бий юү?
-С.Дэмбэрэл дарга манайд элссэн гэж шууд хэлж болно. Харин С.Ганбаатарын хувийн байр суурь учир би өмнөөс нь тайлбар хэлэхгүй. УИХ-ын гишүүн З.Алтай дэмжигч гишүүн байна гэдгээ хэлчихсэн. Эрх баригч намууд үнэн хэрэгтээ нэг нам болчихсон шүү дээ. Нэг нам доторх хоёр фракци шиг ирэх сонгуулийнхаа тойргийг хүртэл тохиролцож байна. Манай намын хувьд сонголтоо хийсэн хүмүүс элсэж байна. Ялангуяа гадаадад суугаа монголчууд их элсэж байгаа. Бид Ардын нам, Ардчилсан намыг дайсан гэж харахгүй. Харин тэдэнд Монгол Улсын өнөөгийн хөгжлийн зарчимд нийгмийн зөвшилцөл хэрэгтэй байна гэдгийг ярьдаг. Ийм болж чадвал манай улс хөгжинө. Ер нь парламентад нийгмийн төлөөллийг түлхүү оруулах нь хамгийн чухал. Иргэний зориг-Ногоон нам нийгмийн төлөөллийн нэг хэсэг гэж итгэж буй учир үүнийхээ төлөө явах болно.
-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр хоёр намын бүлэг тохиролцчихсон. Уг хуулийн төсөл батлагдвал шинэ улс төрийн хүчин гарч ирэх боломжтой юу?
-Хоёр намын бүлгийн гишүүд “УИХ-ын 2012 оны сонгуульд ялчихвал боллоо” гэж бодоод байна. Яллаа гэж бодоход юу сайжрах юм бэ. Улс орныг хамраад байгаа ядуурал үгүй болох уу, Улаанбаатарын утаа арилах юм уу. Одоогийн 76 буцаж сонгогдоод юу ч өөрчлөгдөхгүй. Арга барил нь өөрчлөгдөөгүй цагт хүмүүс нь солигдлоо ч нэмэргүй. Аналгин уулгаад хүнийг эмчилнэ гэж байдаггүйтэй адилхан шүү дээ.
-“Иргэд намд итгэх итгэлгүй болжээ” гэж судалгаагаар гарсан байна лээ. Үүнээс сонгогчдын үзэл бодол өөрчлөгдсөнийг харж болох юм?
-Улс төрийн намууд дотроосоо ялзарч байна. Гэмт хэрэгтнийг хаацайлдаг, эсвэл хувийн бизнесээ хөөцөлдөхийн тулд УИХ-д ордог, тодорхой нэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг болчихлоо. Зах зээлээс хойш Монголд их зүйл өөрчлөгдсөн. Харин ганц Улс төрийн намын тухай хууль л өөрчлөгдөөгүй. Ялангуяа Ардын намын тогтолцоо пролетарийн дарангуйллыг тогтоох армижсан намын бүтэц юм. Манай намуудыг одоогийн нөхцөл байдалд шашинтай адилтгаж болохоор. Баяраар хөшөөнд цэцэг өргөх нь зул өргөхөөс юугаараа ялгаатай гэж. Үүгээрээ улс төрийн намуудын нэр хүнд унаж байна. Нөгөөтэйгүүр дэлхийн ихэнх намууд түрээсийн байранд байдаг. Тэдний үйл ажиллагаа олон нийтийн өмнө ил байх учраас тэр. Ийм байж чадахгүй байгаа болохоор бидэнд улс төрийн намын шинэ загвар, нээлттэй, хяналттай, санхүү нь ил тод байх улс төрийн намууд хэрэгтэй.
-Иргэний Зориг-Ногоон нам улс төрийн шинэ загварыг бий болгож чадах уу?
-Улс төрийн намын тухай хуулиар шинэ загварыг бий болгож чадахгүй. Харин “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг хөтөлдөг зургаан гишүүн бусад гишүүнтэй хамтран Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Шинэ хууль гаргаж байж энэ байдлыг өөрчилнө. Гэвч нээлттэй, хяналттай, санхүү нь ил тод байна гэхээр намын толгойд байгаа хүмүүс сонгогдохгүй. Тиймээс амархан баталчихгүй болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин