Би өргөсөн тангарагтаа үнэнч байж, үнэнийг л хэлсэн

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Би өргөсөн тангарагтаа үнэнч байж, үнэнийг л хэлсэн

Цагтаа газар тариалангийн томоохон бүс байсан Дархан-Уул аймгийн Хонгор  сум өнөөдөр нурж унасан хэдэн байшин, хоосон хашаанаас өөр зүйлгүй шахуу болж хоцорчээ. Хонгор сум гэдэг нэрийг дуулсан хүн тэндхийн иргэдээс зайгаа барьж, хөлс хүчээ гарган байж тарьсан ногоог нь мал ч тоож идэхээ больсон гэнэ. Сүүлийн хэдэн жилийн турш яригдаж байгаа Хонгор сум хордсон, хордоогүй гэх энэ маргаанд цэг тавьж, үнэнийг тогтоох төр засаг өнөөдөр Монголд алга бололтой. Тус суманд хамгийн түрүүнд үзлэг хийж, хордсон гэсэн  дүгнэлт гаргасан Анагаахын шинжлэх  ухааны Ph.D, дэд профессор , хордлого судлаач их эмч С.Юндэнтэй уулзаж ярилцлаа.
 -Та Хонгор сумын тухай хамгийн сайн мэдэх хүний нэг.  Анх яагаад Хонгор сум руу явах болсон юм бэ?

-Тухайн үед би Хордлогын төвийн зөвлөх эмч байсан юм. Гэтэл 2007 оны IV сарын 30-нд Хонгор сумаас над руу ярьсан. 200 гаруй хүн гэнэт хордоод, биен дээгүүр нь юм туураад байна гэсэн.Ингээд л би хэдэн сувилагч, асрагч нараа аваад очсон юм.

-Одоо хэр нь Хонгор хордсон уу, хордоогүй юу гэдэг тодорхойгүй, төр засаг иргэд өөр өөр байр суурьтай байдаг. Анхны үзлэг хийсэн хүний хувьд та энэ тухай үнэн зөв мэдээлэл өгнө байх гэж итгэж байна?

-Хордсон шүү дээ Хонгорынхон. Энэ тухай би олон удаа хэлж байна. Хордох хордохдоо бүр химийн хордлого гэдгийг би анх тогтоож тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Д.Туяад хэлж байсан.

-Та хордлогоор дагнан мэргэшсэн эмч. Тухайн үед хүндрээгүй, цөөн хүнийг хамарсан байгаа дээр нь шуурхай арга хэмжээ авч, яаралтай тусламж үзүүлж болоогүй юм уу?

-Юун болоогүй юм уу гэж. Би анхны үзлэгээ хийгээд хордлого байгааг тогтоогоод яаралтай арга хэмжээ авахыг сайддаа сануулж байсан. Д.Туяа сайд “яаралтай арга хэмжээ авъя, эмч нарын баг гаргая, маргааш Хонгор руу явна” гэж байсан. Гэтэл маргааш нь гэнэт Хонгорт ажиллах багаас намайг хасаад, баахан арьс өнгөний эмч нарыг аваад явчихсан. Тэгээд л Хонгорынхныг хамуу тэмбүүтэй гээд зарласан. Би тухайн үедээ их гайхсан.

-Та эмч  нартаа хордлого байна гэдгийг яагаад хэлж болоогүй юм бэ. Тангараг өргөсөн хүмүүс хүний эрүүл мэндийг хамгийн эхэнд бодох учиртай биш үү?

-Хэн ажлаасаа салж, салбарынхаа сайдын өмнөөс үг хэлж зүрхлэх юм бэ.Би одоо хэр нь нэг зүйлд эмзэглэж, харамсч явдаг. Бид иргэнийхээ эрүүл мэндийн манаанд үнэнчээр зүтгэнэ гэж тангараг өргөдөг хүмүүс. Гэсэн атлаа хэнд ч ойлгомжтой зүйл  дээр сайдын үгийг дагаж тангарагаасаа няцсан. Тэр хүмүүс мөнгө, албан тушаал амалбал эрүүл хүнийг ч өвчтэй, өвчтэй хүнийг ч эрүүл гэж хэлэхэд бэлэн гэж ойлгож болох нь ээ.Тийм байж болох уу даа.

-Одоо хэр нь мөнгөн ус цианитын хордлого үргэлжилсээр байна гэх юм. Олон хүний амь нас , эрүүл мэндтэй холбоотой ийм хэрэг үүссэн байхад хариуцлага хүлээдэггүй  “Мичид” компани чухам хэний мэдэлд байдаг юм бол?

-“Мичид” компани одоогийн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай холбоотой юм билээ. Гэхдээ дан ганц энэ хүний асуудал гэж хэлж болохгүй л дээ.

-Өөр хэнтэй холбоотой гэж?

-Зүсээ хувилгасан олон хүн энд байна шүү дээ. Хонгорын асуудал 2008 оны сонгуулийн өмнө болсон хэрэг. Энэ үед ядарч зовсон хонгорынхныг сонгуульдаа яаж ашиглаж байсан гээч. Одоогийн Байгаль орчны сайд Л.Гансүх хонгорынхны талд ороод л энэ асуудалд хариуцлага гэж байх ёстой гээд л гүйгээд байснаа одоо хумсаа нуусан муур шиг байж байгаа. Сонгуулийн үед ярьж, хэлж байсан шиг нь санаад  хонгорынхон сайд дээр очдог  юм билээ. Гэтэл огт танихгүй хүн шиг ханддаг гэж хэлж байна лээ. Тухайн үед эрх мэдэлд хүрэхийн төлөө хэнд ч юу ч гэж хэлэхээс буцахгүй хүмүүсийг одоо л ард түмэн ялгаж салгаж байгаа байлгүй дээ. Ардчилсан намынхан мөн л Хонгорыг сонгуулийн шоу болгож байсан. Одоо хамтарсан Засгийн газар байгуулсан учир энэ тухай ярих хүн байхгүй болжээ. Хэрвээ энэ Засгийн газарт Эрүүл мэндийн сайд  Л.Ламбаа  багтаагүй байсан бол өдийд эсэргүүцэл илэрхийлж МАХН-ын нэр хүндийг унагахын төлөө яаж зүтгэх байх  бол. Харин одоо “нэг хөнжилд” орсон хүмүүс яаж ч энэ тухай ярих билээ. Сонгуулиар тэндхийн иргэдээр яаж тоглож байсныг би сайн санаж байна. Хордоод нутаг ус маань хэцүүдлээ гээд гүйгээд байсан нэг хэсэг хүмүүс сонгуулийн үед эсрэг болчихсон, хордсон хүмүүстэй хэрэлдээд “хэдэн үеэрээ хамуутай байсан” гээд ярих жишээтэй. Ёстой л нэг мөнгөөр хүнийг хэн болгож, яаж хувиргаж болдгийг харуулж байсан даа.

-Д.Хаянхярваа гэж хэн бэ. Энэ олон хүний эрүүл мэнд, амь насанд аюул учраад байхад яагаад чимээгүй байгаад, хэн түүнийг өмгөөлөөд байдаг хэрэг вэ нь. Ер нь энэ зөвхөн хонгорчуудын асуудал ч биш шүү дээ?

-Тиймээ. Үүнийг би хамгаас илүү ойлгож мэдсэн хүн учраас л үнэнийг хэлж, ад болсоор явна. Олон хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой энэ асуудал зөвхөн Д.Хаянхярваагийн хэрэг биш болсон. Яагаад гэвэл улстөр, сонгуульд ялах хөшүүрэг болгосныхоо төлөө одоо хоёр нам юу ч ярих эрхгүй болсон. Одоо нам дарах гэсэн аргыг л сонгоод байх шиг.

-Хонгорт эрүүл бус, эрхтний согогтой хүүхэд гарах нь ихэссэн тухай мэдээлэл их байна. Хамуу, тэмбүү өвчин хүний удмын санд нөлөөлдөг гэж дуулаагүй юм байна. Харин химийн хордлого хэдэн үед нь нөлөөлдөг гэсэн?

-Тэр үнэн. Одоо хордоод байгаа хүмүүсээр ингээд зогсохгүй шүү дээ. Цаашлаад хэд хэдэн үед нь нөлөөлнө. Тагнайгүй хүүхэд, сэтэрхий уруул, гар хуруугүй хүүхэд төрөх нь  наад  захын асуудал. Хүний оюун ухаан, сэтгэцэд нөлөөлнө. Хүнээр тогтохгүй мал амьтанд ч нөлөөлсөөр байгаа биз дээ. Гахайнууд нь гэдэс нь идээ бээрээр дүүрч, үсгүй тугал, хөлгүй хурга ишиг гарсан.

-Тэгээд цаашдаа яах вэ.  Дэлхийн улс оронд энэ мэт зүйл тохиолдоход ямар арга х эмжээ авч байсан юм бол?

– Байгаль дэлхий өөрөө өөрийгөө цэвэрлэдэг. Хүний  цус ч мөн адил хэдэн үеийн дараа цэвэрлэдэнэ. Тэгж байж л химийн энэ хордлого тайлагдах байх. Төр засгаас ямар ч арга хэмжээ авахгүй байгаа биз дээ. Хонгор сумынх гэж  хэлэхээсээ тэндхийн залуус айдаг гэсэн. Хүмүүс мэдэхээрээ илт дургүйцэж, эвгүйрхдэг гэнэлээ. Зүй нь хүн нутаг усаараа бахархаж, нэр усыг нь айх зүйлгүй л хэлдэгсэн. Дэлхийн олон оронд ашигт малтмал дагасан энэ мэт тахал байдаг. Тэгэхдээ дандаа нуун дарагдуулж, иргэдээ хохироосон байдаг юм. Би ОХУ-д олон жил ажиллаж амьдарсан. Үйлдвэрийн ажилчид удирдлагынхаа хууль бус үйлдлийг эсэргүүцэж, туг бариад л гадаа жагсаад байдаг. Гэтэл арын хаалгаар нь бүх үнэт зүйлийг нь ачаад явж байхыг харсан. Тэрэн шиг хонгорынхон хэрэлдээд маргалдаад л байна. Цаагуур нь  нутгийг нь цөлмөөд, хэнд ч хэрэггүй балгас үлдээж байгааг бид харж байна.

-Тантай хамт үзлэг хийгээд, химийн хордлого гэдгийг тогтоосон олон хүн ажилгүй болсон гэсэн мэдээлэл байна. Та яагаад ажлаасаа гарсан юм бэ. Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа хордлогын төрөлд тань шиг мэргэшсэн хүн байхгүй гэдэг?

-Би өргөсөн тангарагтаа үнэнч байж, бодит байдлыг л хэлсэн хүн. Тухайн үед Хонгор суманд үзлэг хийхэд нарийн шинжилгээний багаж байгаагүй. Иймээс яг хэдэн хувийн мөнгөн ус, хэдэн хувь цианитийн хордлого байгааг би хэлж чадахгүй байсан ч яах аргагүй  химийн хордого мөн гэдгийг мэдсэн. Би олон жил энэ чиглэлээр ажилласан хүн мэдэлгүй яахав дээ. Би хонгорынхонд анхны үзлэг хийж, “хорджээ” гэж тогтоочихоод,  дараа нь сайдын үгэнд орж худал хэлэх арчааүй хүн биш. Миний гаргасан дүгнэлт үнэн гэдгийг олон шинжилгээний хариу баталдаг. Тухайлбал 2007 оны дөрөвдүгээр сарын 25-нд анхны шинжилгээ хийсэн байдаг юм.  Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас алт угааж байсан үйлдвэрийн хаягдал ус болон төвлөрсөн усны эх булгаас дээж аван Геологийн төв лабораторид шинжлүүлсэн шинжилгээний хариу энд байна. Энд  “үйлдвэрийн хаягдал уснаас 747,50 мл цианит натри илэрсэн бол, төвлөрсөн усны эх булгаас 0,26 мл цианит натри илэрсэн”  гээд бичсэн байгаа биз дээ. Дараа нь 2007 оны намар. Хонгор сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гантулгад улсын ахлах байцаагч Л.Даваадулам, Орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Д.Болормаа нар мөнгөн усны хордлого байгааг тогтоогоод яаралтай  арга хэмжээ авахыг анхааруулсан шинжилгээний хариуг хүргүүлсэн байдаг юм.Энэ мэт маш олон шинжилгээний хариу байж байдаг. Мөнгөн ус  зөвшөөрөгдөх хэмжээнээс  хэд дахин их байсаар байдаг. Гэтэл бүх юм эсрэгээрээ болчихдог л юм билээ. Миний ажлаасаа гарах нь хэнд ч хамаагүй. Би хаана ч очоод чаддаг зүйлээрээ хэнээс ч  гуйхгүй амьдрах хүн. Тухайн үед хордсон гэсэн хариу гаргаж байсан мэргэжлийн хүмүүс одоо  ажилгүй байдаг гэдэг үнэн. Ямар учир шалтгаантайг би мэдэхгүй ээ. Ер нь Хонгорын тухай ярих бүртээ би “шоглуулчихдаг” юм.

-Яаж?  Хэн таныг “шоглодог” гэж?

-Гавьяатад хоёр ч удаа тодорхойлсныг хассан. Саяхан Хонгор сумын иргэн н.Мөнхтогосын охин Зулаа  хөлөө тайруулаад хавдар боллоо. Энэ эмэгтэй урд өмнө нь юм ярьдаггүй байсан. Гэтэл охин нь зүгээр байж байгаад гэнэт ийм хүнд өвчин туссан учир ярьж эхэллээ. Хонгорынхон саяхан мэдээлэл хийснийг хүмүүс санаж байгаа байх. Тэр үед надаас нэг телевиз яриа авсан юм. Гэтэл маргааш нь  миний ажиллаж байгаа эмнэлгийг шууд шалгаад эхэлж байх жишээтэй. Миний ажиллаж байгаа эмнэлэг Баянгол дүүрэгт харьяалагддаг ч Сонгинохайрханы мэргэжлийн хяналтаас шалгаад сүйдлэх дөхлөө. ИнээвЯнз бүрийн хүн дугаараа нууцалж ярина. “Амаа мэдээрэй, ална” гэж ч байх шиг. Хачин зүйл их болдог доо.

-Засгийн газарт итгэхгүй байж болох ч  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирсэн шинжээчдийн багт  итгэхгүй байх аргагүй. Тэдний   шинжилгээгээр ноцтой зүйл илрээгүй  гэж одоо ч хэлсээр байх юм эрх баригчид?

-Хонгор  мөнгөн усанд хордсоноос хойш хоёр жилийн  дараа,  тэгээд өвлөөр хийсэн шинжилгээгээр юу илрэх вэ дээ. Ямар хариу гарах нь хэнд ч тодорхой байсан. Хэрвээ хүнээ хамгаалъя гэсэн бол мөнгөн ус, цианитын хордлого ид идэвхитэй үед нь шинжилгээ хийлгэх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ Хонгор хордоогүй юм бол одоо ч үргэлжилсээр байгаа, онош нь тогтооход бэрх өвчлөлийг юу гэж тайлбарлах вэ энэ хүмүүс.

-Хонгорынхон одоо таньтай уулзаж, зөвлөгөө авч байна уу?

-Саяхан би Хонгорт очсон. Нурж унах шахсан хэдэн хашаа байшин л үлдсэн байна лээ. Хонгорынхон ирж үзүүлж, зөвлөгөө авдаг юм. Тэдэнд хэрхэн тусалж, яаж эрүүлжүүлж, хохирол багатай байлгах билээ гэж л би шаналдаг. Тангараг өргөсөн эмч хүн худал мэдээлэл хийж байгаад харамсч явдгаа дахин хэлмээр байна.Энэ бол хүний аминд хүрч байгаагаас ялгаа юу байх вэ. Надад эдийн засаг, улс төрийн ямар ч эрх ашиг байхгүй учир би үнэнийг л хэлнэ, хэлсээр ч байх болно.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж