
Тэртээх 1990 оны цагаан морин жил ялалтын талбайд банзан гитарын аялгуунд ардчиллын салхийг “хөөргөж” байсан хонхны дуу араасаа ардчиллын дуун түрлэгүүд олныг төрүүлсэн. Харин энэ удаад “Ерэн он Цагаан морин жил” симфони мэндэлж Монголын хөгжмийн урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө, хөг аялгуу нэмлээ. Анхны сонсогчид нь Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж болон ардчилсан хувьсгалыг дэмжигчид байсан юм.
Симфонийг УГЗ хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг туурвиж, цомнолыг Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Нямаа бичиж, Цэргийн дуу бүжгийн найрал дуучид дуулж, Улсын Филармонийн Симфони найрал хөгжимчид тоглож, удирдаач н.Нямдаш удирдсан. Хөгжим судлаачид “Монголын түүхэнд гарсан гурав дахь их эргэлт буюу Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг хөгжим яруу найргаар алдаршуулан хүүрнэсэн өвөрмөц шинэ хэллэгтэй том хэлбэрийн бүтээл боллоо. Энэ симфони удиртгал зохиогчийн оргилсон сэтгэгдэл, үйл явдлын халуун өдрүүдийн гэрчийн догдлуун дурсамж, өмнөх түүхийн омголон бөгөөд бахархалт дурдатгал, цаг үеийн алтан хэлхээг Г.Алтанхуяг композиторын сэтгэлгээний эрч догдлолоор ирмүүн хөдөлгөөнтэйгээр эрс шууд илэрхийлсэн. Мөн хөгжмийн хувьд тасралтгүй хөдөлгөөн, ирээдүйг сайн сайхнаар бэлэгдэн илэрхийлсэн шинэ эриний дуудлага болжээ” хэмээн дүгнэсэн юм.
Дашрамд сонирхуулахад, “Ерэн он Цаган морин жил” симфони “Алтан намар” хөгжмийн наадамд хүч үзэх ажээ.