Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Лаа асаах эрх чөлөө

Түнэр харанхуйг зүхэж суу­хаар ганц ч болов лаа асаа… Энэ бол сүүлийн үеийн “илтгэгч”-дийн моод болсон үг.

Надад түнэр харанхуйг гэрэлтүүлэх лаа нь ч, лааг асаах эрх чөлөө нь ч алга. Гэтэл харанхуй ноёлоод байдаг. Уг нь тээр тэнд сүүмийсэн гэрэл хараг­даад байгаа юм. Энэ гэрлийг улам наашилж, улам тод болохыг бид 20 жил хүлээсэн. 20 жилийн дотор тэртээх гэрэл ойртдоггүй юм аа гэхэд байрандаа баймаарсан. Даанч гэрэл тодрохыг хүсэх болгонд улам алсарсаар…

1989 оны хаврын хүйтэн өдөр Сүхийн талбайд өлссөн тэр олон хүмүүс тэртээд ёлтойх гэрлийн төлөө тэмцсэн юм. Тэдний тэмцэл биеллээ олсон. Гэхдээ тэд одоогийн нийгэмд ажиглагдаж байгаа муу, муухай болгоныг хүсч тэмцээгүй нь лавтай. 

Ямар асуудлыг, аль бай­гуул­лага нь мэддэгийг үл мэ­дэх хоорондоо сүлжилдсэн 80 гаруй байгууллага, агент­ла­гууд жирийн ардын хүс­лийг гүйцэлдэхийн тулд ажил­ла­даггүй болсон. Эгэл ардад мөнгө байвал хэдэн өдөр хөөцөлдөөд бүтээгүй ажил, хэдхэн хормын дотор бүтнэ. Анагаах эмнэлэг, гэгээрүүлэх сургууль нь хүр­тэл “мөнгө” гэсэн ганцхан хэмжээсээр ажиллана. Сайд, дарга нар нь дархлагдсан мэт эрх мэдлийн сэнтийдээ гагнагдаж, улсын хүсэл биш, хувийн хүслээ гүйцэлдүүлнэ. Бизнес хийх ёстой байгууллага нь хүртэл  эрх мэдлийн төлөө улайрч “гишүүн” болох гэж зүтгэнэ. Хэзээ ч чандлан мөрдөгдөх ёстой төрийн хууль ард иргэдэд хатуу, дарга, сайд нарт зөөлөн үйлчилнэ. Иргэдийн дуу хоолой болох ёстой төрийн бус байгууллагууд нь хүртэл иргэдээр бамбай хийн эрх мэдлийн төлөө улайрна. Хүчтэй төрийн халамжийг мэд­­рүүлэх гэж сар бүр 21 мян­гийг тарааж, эрүүлжүүлэхэд орогсдын тоог зузаатгана. Улс орны хөдөлгүүр “мотор” бол­сон залуус нь хүртэл хэн нэгэн даргыг даган долигнож, эрх мэдэл, “мөнгө”-ний төлөө улайр­на. Ард түмний цөхрөл дээр тоглосон эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй олон бөө хаа сайгүй тархаж, хүний хувь заяаг дохиод л сайжруулах үзмэрч, зурхайчид хаданд гарав. Чухам ямар үүрэгтэй  нь мэдэгдэхгүй Дээрхийн гэгээнтнийг харах гэж ард түмэн нь “алаан” болно.

Эцэст нь ард түмний гүүр, дуу хоолой болсон сэтгүүл зүйг нь хүртэл боомилох хүсэлтэйгээ төр нь илэрхийлж, ард түмэндээ нээлттэйгээ зарласан ардчилсан төр улам л хаалттай байхыг хүсч “социализм” руугаа тэмүүлж эхлэв.

Ардчилалтай эн чацуу залуус бид уг нь ийм хар бараан зүйлсийг хүсээгүй. Сар бүр сургуультай амьтан мэт “21”-ээр тэжээлгэж, хэн нэгэнд долигонож, ажлаа бүтээлгэхийн тулд ямар нэгэн хүний гарыг “хүндрүүлж”, орой болгон түшээ­дийн төр болж тоглохыг харах гэж, африкын араас орохыг хүсээгүй.  Бид зүгээр л иргэндээ нээлттэй төр, залууст боломжийг нь олгох засаглалыг хүссэн. Дөнгөж төгссөн залууст бүх боломж нь нээлттэй байж, гадаадын чанартай сургууль руу ардын хүүхдүүд явж, ажлын байр нь, цалин нь амьдралд  хүрэх тийм л ирээдүйг хүссэн. Бид өөр юу ч хүсээгүй…

Амьдрал хар бараан байна гээд үглэж суухын оронд ганц ч болов лаа асаамаар байна. Даан ч лаа, түүнийг асаах эрх чөлөө нь надад, ерөөс бидэнд алга. Лаа асаасан хэн нэгнийг “мундагчуул” нь гадуурхаж, барьсан лааг нь хугачин, асаасан лааг нь унтраана. Уг нь лаа асаахыг  хүсч байгаа залуус 20 жил хүлээгээд томорч, тодроогүй ёлтойх гэрлийг тодруулахын тулд шүү гэдгийг сануулъя. Залуус бидэнд 21 мянга байна уу, 536 ширхэг хувьцаа байна уу ер хэрэггүй. Бидэнд лаа асаах боломж, эрх чөлөө л хэрэгтэй.

Энэ тийм биелэгдэшгүй мө­рөө­дөл гэж үү…

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж