”Энэ бол үнэнийг эрхэмлэдэг хүмүүсийн эмоцийн цуглуулга”

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

”Энэ бол үнэнийг эрхэмлэдэг хүмүүсийн эмоцийн цуглуулга”

Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 105 жилийн ойд зориулан түүний гэргийн тухай нэгэн шинэ, баримтат бүтээл МҮОНТ-ээр гарч нэлээдгүй шуугиан тарьж байна. Их зохиолчийн анхны гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, ээдрээт хувь заяаны талаар өгүүлэх энэхүү “Бүрхэг шөнийн тэргэл саран” баримтат киног Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат киноны нийгэмлэгийн уран бүтээлчид хийжээ.

“Тухайн үеийн улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцохын зэрэгцээ, хүрээ хот даяар олныг шагшуулж байсан залуу хосын баялаг атлаа богинохон, бахархалтай, бас эмгэнэлтэй хувь заяаг 1920-1930-аад оны хувьсгалт марш, цус нулимс холилдсон цаг үетэй нь зангидан гаргахыг оролдсон” хэмээн кино бүтээгчид ярьж байна. Энэхүү кино нь Дамдины Пагмадуламыг сайн мэдэх хүмүүсийн яриа, өмнө нь огт хөндөгдөж байгаагүй баримтуудыг дэлгэснээрээ судлаачдын анхаарлыг эрхгүй татжээ. Түүхэн баримт нэн ховор энэ хүний тухай өгүүлэхдээ түүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан найз нөхөд, сэхээтнүүдийн дурсамжийг цуглуулсан төдийгүй Дамдины Пагмадулам гэгч хүний төрхийг гаргахыг оролдсон ажээ. Нөгөөтэйгүүр хуурай баримтаас татгалзаж чадсан нь киног улам сонирхолтой болгосон мэт. “Энэ кинонд Нацагдорж судлаачдыг оролцуулаагүй. Тэдний ярьдаг, бичдэг зүйл тодорхой. Энэ кино нь баримтын цуглуулга биш. Их найрагчийг, түүний гэргийг, түүхийн үнэнийг эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн эмоцийн цуглуулга. Киноны гол онцлог нь энэ” гэж уг киноны ерөнхий найруулагч Б.Бадрал тодотголоо.

Дурсамж, баримт, нийтлэл, мөрдөлт, таавар, хөгжим, сонгодог бүжгэн жүжиг… Энэ бүгдээс  бүрдсэн ээдрээтэй гэмээр зохиомжтой энэ содон бүтээл ням гаригийн 13.40 цагаас “Боловсрол суваг” телевизээр үзэгчидтэй дахин золгох юм. Кинонд Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаагийн “Их Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж төрөл” бүтээлийг түлхүү ашиглажээ. Улсын хэмжээнд сүр дуулиантайхан тэмдэглэдэг байсан Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их найрагчийн мэндэлсэн өдөр сүүлийн жилүүдэд Оюутны эрхийн өдөр гэгчид дарагдан аядуухан өнгөрөх болсон. Ийм чимээгүйхэн байдлыг сэрээх мэт түүний гэргийн ээдрээтэй, бэрх амьдралын талаар өгүүлэх энэ киног заавал үзээрэй.   Их зохиолч, Пагмадулам нарын дундаас нэг охин гарсан, гэсгээлийн хар сүүдэр мэт тэр он жилүүдэд тэд хэрхэн гадуурхагдаж, яаж зовж зүдэрсэн бэ гэдгийг энэ киногоор хөндсөн нь зөвхөн Пагмадулам ахайтан төдийгүй хэлмэгдүүлэлтийн нүсэр машин Монголын сэхээтнүүдийг хэрхэн сөхрүүлснийг гэрчлээд ч байх шиг…Д.Нямаа гуайн олж мэдэн судалж, бүтээл болгосон номд огт дурсагдаагүй шинэ баримт ч энэ кинонд бий. Д.Намдаг гуайн Пагмадуламын талаар дурссан нь бас л сонирхолтой. Энэхүү бүтээлийг хийхэд кино баг жил гаруйн хөдөлмөрөө зарцуулжээ. Найруулагч Б.Бадралтай уулзаж ярилцлаа.

-Киног бүтээхдээ хэр хөрөнгө зарцуулсан бэ?

-Ер нь л их хэмжээний мөнгө зарцуулсан.

-Зарцуулсан хөрөнгийн хэмжээ нууц уу гэж үү? Ер нь энэ киног ивээн тэтгэсэн, туслалцаа үзүүлсэн хүмүүс бий юү?

-Зарцуулсан хөрөнгөний хэмжээ нэг их чухал биш. Туслалцаа үзүүлсэн хүмүүс олон бий. Хамгийн гол нь энэ киногоор Пагмадулам гэгч хэн байсан бэ гэдгийг хүмүүсийн ярианд түшиглэн гаргаж ирснээрээ онцлог.

-ОХУ-ын архиваас нууц баримтууд олдож, түүнийг дагаад энэ улсын түүх ч өөрчлөгдөж байна. Тиймээс баримтат кинону уран бүтэлчид их сонирхолтой байдлаар бүтээл туурвих болсон. Энэ бүтээл тийм кинонуудын нэг шиг санагдсан. Их шинэлэг кино байсан л даа. Зориуд тэгж хийсэн юм уу?

-Энэ кинонд хүмүүсийн аман яриа, юу гэж хэлж байсан зэргийг оруулсан болохоор хүнд хүргэх талаас нь их ажилласан. Яаж хийвэл илүү сонирхолтой байх вэ гэдгийг нэлээд бодолцож хийсэн юм. Архивын баримтын тухайд нэг их ашигласан зүйлгүй. Ашиглая гэсэн ч төдийлөн авчихаар баримт үгүй юм билээ.

-Киногоо театруудаар гаргах уу?

-Одоогоор тийм бодол байхгүй. Энэ киног үзье, гаргая гэсэн бүхэн нээлттэй үзүүлнэ, өгнө. Одоогоор МҮОНТ-ээр гаргасан. Удахгүй, энэ сарын 2-нд “Боловсрол суваг” телевизээр гарна. Ер нь үзье, харъя, хүмүүст үзүүлье гэсэн бүхэнд нээлттэй. Бидэнтэй харилцаад авч болно. Ашгийн төлөө энэ киног хийгээгүй болохоор худалдах сонирхол алга.

-Ямар нэгэн байдлаар DVD болгох ч юм уу, худалдаанд гаргахгүй гэсэн үг үү?

-Тийм ээ, одоогоор тийм бодол алга.

-Дахин ийм кино хийх үү?

-Ер нь хийнэ. Гэхдээ одоогоор бид “Монгол соёлын товчоо” гэсэн 33 цуврал кино бүхий төслийг эхлүүлээд ажиллаж байна. Монголын уламжлалт соёл, оюуны ертөнцийн хамгийн гол тулгуур ойлголт, үзэгдлүүдийг тус бүрд нь нарийвчлан гаргах шинжлэх ухааны цуврал баримтат киноны төсөл. Нийтдээ 10 шахам жил үргэлжлэх юм. Үр дүнд нь монгол соёлын эд өлгийн томоохон медиа сан бүрдэхийн зэрэгцээ гол нь дэлхийн стандарт, BBC, Discovery-гийн түвшний баримтат кинонууд гарна. Үүний зэрэгцээ түүхэн цуврал нэвтрүүлэг, хөргүүдийг ТВ-ийн төсөл маягаар хийх төлөвлөгөөтэй байна.

-Тухайлбал ямар хүмүүсийн хөрөг байх бол?

-Янз янзын олны танил байсан хүмүүс. Гэхдээ олонд төдийлөн ил болоогүй амьдралыг нь харуулахыг зорино.

-Сонирхолтой санагдаж байна. С.Зориг агсан тэр цуврал хөрөгт гарах болов уу?

-Одоогоор С.Зориг агсны тухай кино хийх талаар бодоогүй л байна. Гэхдээ яагаад болохгүй гэж. Хийж магадгүй л юм.

-Танай нийгэмлэгийг ажиж байхад туршлагатай уран бүтээлчид цугласан юм шиг. Энэ чиглэлд шинэ хүн орж ирж байна уу. Сурч, төгсч байгаа хүмүүс хэр байдаг юм бол оо?

-Шинэ хүмүүс ер нь л орж ирэхгүй байгаа даа. Баримтат кинонд бүхнээ зориулсан хүмүүс л үлдэж. Нөгөөтэйгүүр манай нийгэмлэг байгуулагдаад удаагүй байгаа болохоор нарийн мэдээллийг сайн мэдэхгүй байна.

-Гадаадын сургуулиудын ийм чиглэлийн хуваарийг нь өнгөцөөр шохоорхсон нөхдүүд авч явчихаад төгсөлгүй хаячихдаг болсон гэж дуулдах юм билээ?

-Тийм яриа дуулддаг л юм. Гэхдээ яг нарийн сайн мэдэхгүй юм аа.

-Төрөөс баримтат киног хэр дэмжиж байна вэ. Энэ кинонд гэхэд туслалцаа үзүүлсэн үү?

-Төрөөс нэг их дэмжээд байгаа зүйлгүй. Энэ кинонд ч дэмжлэг аваагүй. Баримтат кино хийхэд маш их зардал гардаг. Гэхдээ хэзээ ч ашиг олдоггүй. Тийм ч зорилго байхгүй. Уг нь бодлогоор анхаармаар л байгаа юм…

Их зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын охин болох Цэрэндуламыг монголчууд төдийлөн мэддэггүй. Харин энэ киноноос тэр тухай нэлээд мэдээллийг авч болно. Энэ тухай яриа анх 1956 онд буюу их зохиолчийн мэндэлсний 50 жилийн ойгоор гарсан ажээ. Д.Нямаа гуайн тэмдэглэснээр “Ой тэмдэглэх гээд хөл болж байх үед энэ охины тухай мэдээ чимээ дуулдсан юм билээ. Тэр үеийг сайн мэдэх Б.Бааст гуайн нэгэнтээ надад ярьснаар, МЗЭ-ийн дарга байсан Д.Сэнгээ гуай уг мэдээг Цэдэнбал даргад хүртэл танилцуулсан гэдэг юм. Цэдэнбал дарга ‘”Та нар юу ч гэсэн энэ удаа ойгоо тэмдэглэчих. Тэгээд ой тэмдэглэсэн хойноо уг асуудлыг ултай суурьтай сонирхож үзэх нь зүйтэй” гэсэн хариу өгчээ. 1957 оны хавиас ч юм уу Д.Сэнгээгийн бие муудаж улам хүндэрсээр 1959 оны тавдугаар сарын эхээр нас барчихсан тул энэ асуудал эзэнгүй үлдсэн шиг байгаа юм” гэжээ. Их зохиолчийн анхны гэргий Пагмадуламын тухай одоо хэр нь туйлын бүдэг бүрхэг. Энэ нь магадгүй манайхан зохиолыг нь уншихаас зохиолчийг нь төдийлөн судалдаггүйтэй холбоотой байх. Тиймээс ч их зохиолчийн амьдрал, түүний гэргий Пагмадулам хэрхэн амьдарч, яаж гадуурхагдсаныг анзааралгүй өнгөрсөн биз.

Цэл залуухан, гучин хэдхэн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Пагмадуламыг 1924 онд МАХН-ын төв хорооны бvсгvйчvvдийн хэлтэс байгуулахад анхны даргаар нь томилж байжээ. Тэрээр таван ңастайгаасаа бичиг vсэг заалган гэрийн боловсрол олж, Орос Германд явж эрдэм боловсрол эзэмшсэн, орос, герман, хятад, манж, түвд хэлтэй байсан гэдгийг нууцхан баримтууд гэрчилдэг. Харин тэр үед ийм өндөр боловсрол эзэмшсэн эмэгтэй төдийлөн байгаагүй нь лавтай. Хорвоогийн адармаатайхан нугачаанд тухайн үеийн элит гэр бүл байсан ч Нацагдорж, Пагмадулам нар аргагүйн эрхэнд хувь заяагаа салгаж салаа замаар явцгаасан байдаг. Пагмадуламын амьдрал хэрхэн төгсч, хувь заяа нь хэрхсэн түүхийг “Бүрхэг шөнийн тэргэл саран” баримтат кино та бидэнд хүүрнэнэ.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж