Монголын төрийн байгууллагуудын вэб сайтуудын талаар

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Монголын төрийн байгууллагуудын вэб сайтуудын талаар

АНУ-ын “Center for Digital Government”төвөөс жил бүр АНУ-ын төрийн байгууллагуудын вэб сайтуудаас хаанахын аль байгууллага хамгийн сайн вэб хуудастай байгааг шалгаруулдаг. 2009 онд хамгийн шилдэг вэб сайтаар нэгдүгээр байранд Юта мужийн вэб хуудас шалгарсан бол, хоёр, гуравдугаар байранд Калифорни, Арканзас мужуудын вэб хуудас шалгарч байсан. Монголын төрийн байгууллагуудын зарим вэб хуудасны мэдээлэл, үзэмж дизайн, технологи, хэрэглэхэд дөхөмтэй байдал, шинэчлэгдсэн байдлаар нь үзвэл дараах байдалтай байна.

http://www.pmis.gov.mn/
гэдэг үзэмж муутай портал сайт Монгол Улсын төрийн байгууллагуудын үндсэн нүүр сайт бололтой. Уг сайтыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцаж хөтөлдөг. Үндсэн хэдэн линк бүхий энэ сайтны арын дэвсгэр хэтэрхий цулгуй, уйтгартай саарал өнгөтэй. Монголын газрын зургийг захиргааны нэгж буюу аймгуудаар хуваасан боловч тэдгээрийнх нь дээр ямар нэг нэр ус байхгүй. Мэдэхгүй хүн бол аль нь аль аймаг вэ гэдгийг таах хэрэгтэй. Сайшаалтай нь аймгуудын зураг дээр дарахад тухайн аймгийн вэб хуудас нээгдэхээр хийхээр зорьсон бололтой. Гэвч зарим аймгууд вэб хуудасгүй юм уу яасан юм зарим линк байхгүй байлаа.

http://www.president.mn/mongolian/ Монгол Улсын ерөнхийлөгчийн вэб хуудас. Ерөнхий үзэмж сайтай. Хөх өнгө дажгүй аятайхан суурь болсон байна. Суурь өнгийг хээтэй хийсэн нь үндэсний өнгө аяс оруулах оролдлого бололтой. Гэхдээ доор байрлуулсан, жижиг фонтоор бичсэн линкүүд хээтэй дэвсгэр дээр ялгарч харагдах нь төвөгтэй байна. Зөвлөхүүд гэдэг дэд гарчиг дотор харин бараг мэдээлэлгүй, зөвлөхүүд нь юм хийдэггүй юм шиг санагдахаар байна. Хэрвээ бараг мэдээлэл ордоггүй юм бол ийм дэд гарчиг байх хэрэг байна уу? Иргэний танхим гарчиг доторх хуулийн төслүүд болон мэдээллийн төв хэсэг харин мэдээлэл сайтай байгаа нь олзуурхууштай. Түүнчлэн хэлэлцүүлэг хэсэг дотор Форум хийсэн байгаа нь сонирхолтой шийдэл юм.

http://www.open-government.mn/ Монгол Улсын Ерєнхийсайд, Засгийн газрын алба ёсны Нээлттэй засаг вэбсайт гэж танилцуулсан тус сайт мэдээлэл, өнгө үзэмж сайтай байна.

http://www.jurists.mn/web1/main.aspx?code=10 Хууль зүйн яамны вэб хуудас. Ерөнхий өнгөний сонголт, үзэмж дажгүй. Харин зүүн талын холбоос багана гүйцэд ажиллахгүй харагдаж байгаа нь мэдээлэл авахад хүндрэл учруулж байна.

http://www.e-procurement.mn/ Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааны вэб хуудас. Мэдээллийн шинэчлэл, өнгө үзэмж сайн.

http://www.mne.mn/mn/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам.Өнгө үзэмж маш тааруу, нэлийсэн ногоон дэвсгэртэй. Хэт их мэдээллийг нүүр хуудсанд шахаж оруулсан нь шавааралдаж цэгцгүй харагдаж байна. Засгийн газрын Яамны сайт гэхэд хэцүү л юм.

Сайт тус бүрийн хувьд дүгнэлт тайлбар бичих нь хэт нурших тул үүгээр зогсъё. Бусад байгууллагууд үүнээс санаа аваад өөрсдийн вэб хуудаснууддаа дүгнэлт хийнэ биз ээ. Ерөнхийдөө ажиглагдсан зүйл бол төрийн байгууллагуудын зарим нь gov.mn гэсэн домейнтэй байгаа бол зарим нь зүгээр л хувийн компани шиг .mn гэсэн домейн дээр байна. Ихэнх нь дэвсгэр сууриндаа ямар нэг хээ угалз хийх ёстой гэж үздэг бололтой. Дээрх сайтуудаас үзэхэд төрийн байгууллагуудын вэб сайтанд тавигдах нэгдсэн стандарт байхгүй, албан ёсны нийтлэг фонт байхгүй буюу эсвэл байгаа нь мөрдөгддөггүй бололтой. Үүн дээр холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй байх. Аймгуудаас Баян Өлгий, Говь-Сүмбэр, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймгууд вэб хуудасгүй, бусад аймгууд вэб хуудастай байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж