Сургалтын системийн 90 хувь нь Кембрижтэй адилхан

Хуучирсан мэдээ: 2011.11.18-нд нийтлэгдсэн

Сургалтын системийн 90 хувь нь Кембрижтэй адилхан

Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” өчигдөр хийлээ. Энэхүү уулзалтын үеэр сэтгүүлчид цаг үеийн байдлын талаарх олон асуултанд хариулт авч, харилцан санал солилцсон юм.

Оюутны хотхон барихад бэрхшээлтэй асуудал гарч байна

Монгол улсад оюутны нэгдсэн хотхон барих асуудлыг Н.Энхболд тэргүүтэй судалгааны баг хариуцан ажиллаж байгаа бөгөөд судалгааны ажил дуусах шатандаа орж эцсийн байдлаар хүргүүлээд, судалгааны ажлын чиг шугам өнгөрөгч аравдугаар сарын 25-нд гарах байсан. Харин салбарын сайд ийм хариуг өглөө.

“Оюутны хотхоныг барих асуудал их том ажил. Зураг төслийн ажил эхэлчихсэн явж байгаа. Судалгааны ажил явж байгаа болохоор тоймтой хариулт өгөхөд бэрх. Ямар ч байсан БНХАУ-ын “Эксим” банкны хөрөнгө оруулалтаар баригдахаар болсон. Гэхдээ ажил хийж байхад бэрхшээлтэй зүйлс гарч байсан. Наад зах нь тухайн газар орчны шинжилгээ, судалгааны ажил гэж нүсэр юм байдаг ” гэж хариулсан юм. Бодит ажил болоод оюутны хотхон бариад эхэлчихвэл МУИС, МУБИС гэх сургуулиудын байрыг түүхэн дурсгалт газарт газарт тооцож төрийн байгууллагууд байрших төлөвлөгөөтэй байгаа аж. Харин төрийн бус сургуулийг дуудлага худалдаанд оруулах юм байна. Гэхдээ оюутны хотхоны ажил эхлээгүй байгаа учраас энэ мэдээлэл зөвхөн яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа гэдгийг сануулсан юм.

Дэвтэр засалтын болон анги даасан мөнгө цалинд орсон

Сүүлийн үед багш нар анги даалт болон дэвтэр засалтын мөнгөгүй болсон, ерөөс багш нарын цалин багасаад байгаа гэж хэвлэлээр шуугиж байгаа. Харин энэ талаар салбарын сайд нь “Анги даасан болон дэвтэр засалтын мөнгийг цалинд оруулсан. Одоо авч байгаа цалинд орсон болохоор ердөө хасагдаагүй гэсэн үг. Яваандаа бид багшийн үндсэн ажил гэж юу юм, нэмэлт ажил нь юу юм бэ гэдгийг ялгаж салгах ёстой” гэж хариулж байсан юм. Мөн захын сургуулиуын ачаалал ихэсч багш нар нь хүрэлцэхгүй болсон нь сүүлийн хоёр жилийн турш баримталсан орон тоо нэмэхгүй гэсэн бодлоготой холбоотой ажээ. Мөн багш нарын үүсгээд байгаа цалин хөлсний гомдлын талаар боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлтэй уулзаж, ярилцсан бөгөөд тэдэнтэй санал нэг байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

“Мэдлэг өгөхөө чухалчлаад, мэдлэгийг хэрхэн ашиглах нь дутуу”

Энэ үгийг гадны эрдэмтэд хэлжээ. Монголын боловсролын тогтолцоог хараад ийн уулга алдсан нь энэ.  Ингэж хэлсэнийг ч салбарын сайд нь хэлж байсан юм. “Манай тогтолцоо бол мэдлэг өгөхөө чухалчлаад, мэдлэгийг эзэмшүүлэх, ашиглах тал дээр нь анхаарахгүй орхидог юм байна. Одоо бидний зорьж хэрэгжүүлэх гээд байгаа кембрижийн стандартаар бол мэдлэгээ ч өгнө, эзэмшүүлэх аргыг нь ч заах ёстой шүү дээ. Одоогийн байдлаар зарим хичээлийн агуулгыг өөрчлөх ёстой. Жишээлбэл химийн хичээлийг аль 1960-1970-аад оны химийн хичээлийг зааж байгаа шүү дээ. Гэтэл одоо химийн салбарт хичнээн хэмжээний өөрчлөлт гарсаныг харж байгаа. Тиймээс зарим хичээлийн агуулгыг өөрчлөх асуудал яригдаж байгаа.

Кембрижийн тогтолцоотой бид 90 хувь адилхан, 10 хувь өөр

Кембрижийн тогтолцоог судалж байх явцад ийм дүгнэлтэнд хүрчээ. “Бидний хийсэн судалгаагаар одоогийн сургалтын системийн 90 хувь нь кембрижтэй адилхан, 10 хувь нь өөр гэж гарсан. Тэр 10 хувийг хэрхэн монголын хөрсөнд буулгах вэ гэдэг асар том ажил” гэж Ё.Отгонбаяр ярьж байсан юм. Одоогийн байдлаар 35 дугаар сургууль дан монгол хэлээр Кембрижийн стандартыг хэрэгжүүлэх сургууль болоод байгаа юм. Харин Хос хэлний сургалтыг 115 дугаар сургууль болоод Мон-Ген цогцолбор сургууль дээр хэрэгжүүлж байгаа ажээ. Мөн Төмөр-замын 20 дугаар сургууль лаборатори сургууль болоод байгаа юм. Одоогийн байдлаар зөвхөн судалгааны шатандаа явж байгаа бөгөөд ямар нэгэн тодорхой мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг анхааруулсан юм.

Түүхийн дурсгалыг сэвтээсэн асуудлаар Хятадын ЭСЯ-нд хандсан…

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйгаас бичиг үсгийн түүх, соёлын 300 жилийн түүхтэй дурсгал дээр Хятад ханз бичсэн тухай мэдээлэл гараад байсан билээ. Энэ асуудлаар салбарын сайд нь дараах хариултыг өгсөн юм. “Судалгаа хийхэд энэ бичээс нь 300 жилийн түүхтэй болох нь тогтоогдсон. Харин энэхүү бичээс дээр ханз бичсэн асуудлаар бид Хятадын ЭСЯ-нд бичиг хүргүүлсэн юм. Ямар ч байсан үүнийг сэргээх асуудлыг ярьж байна” гэж хариулж байлаа. Сүүлийн үед түүх, соёлын дурсгалыг санаатайгаар болон санамсаргүй эвдлэн сүйдлэх нь ихэсч байгаа бөгөөд зохион байгуулалттай сүлжээ хүртэл бий болжээ. Хэрвээ энэ талаар тодорхой мэдээлэл байвал салбарын яаманд нь мэдээлж болох гэнэ.

Гадаад хэлний дуудлага, бичлэг нь өөр байгаа учраас тогтоол гаргасан

БСШУЯ-наас 300 гаруй монгол үгийн бичвэр болон зарим гадаад хэлний дуудлагыг өөрчлөх тухай тогтоолыг энэ сарын эхэнд гаргасан билээ. Энэхүү тогтоолын талаар хэвлэлээр олон янзын мэдээлэл цацагдсан. Чухам энэхүү тогтоолын талаар дараах хариултыг өгсөн юм. “Монгол хэлэнд өөр хоорондоо ялгаатай бичигддэг 700 гаруй үг байдаг түүнийг цэгцэлж нэг мөр адилхан бичдэг болгохын тулд л энэ тогтоолыг гаргасан. Гадаад үгсийн дуудлагыг монголчлох нь ч чухал байсан. Угаасаа радиог “араажав” гэж дууддаг. Тиймээс зарим үгийн дуудлагыг монголчилж тогтоолд тусгасан байгаа. Өөр хоорондоо ялгаатай бичигддэг үгсийг дээд сургуульдаа өөр, дунд сургуулдаа өөр бичээд байвал хэцүү биз дээ. Энэ тогтоолоор хоёр, гурван сургууль ижилхэн бичдэг болно л гэсэн үг” гэж хэлж байлаа. Гэхдээ ингэж бичэх, бичээгүйгээс болоод ямар нэгэн хариуцлага байхгүй бөгөөд хэрэглээнд ашиглах журмыг л сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад өгсөн ажээ.

МУБИС-ын босго оноог өндөрсгөх тухай хэлэлцэж байгаа

Багшлах боловсон хүчний чадваргүй байдлыг сүүлийн арав гаруй жил болсон ч энэ талаар ямар нэгэн ажил хийгдээгүй өнөөг хүрлээ. Харин салбарын сайд нь энэ талаар ямар бодолтой байдгыг сонслоо. “Багшлах боловсон хүчин үнэхээр тааруу байгаа. Нуулгүй хэлэхэд социализмын үед МУИС, ТИС, Анагаахын хуваарь авч чадаагүй хүмүүс л ордог байсан шүү дээ. Тиймээс одоо энэ үзэл бодлыг халж МУБИС-ын босго оноог арай өндөрсгөх тал дээр ярилцаж байна. Хэрвээ багшлах боловсон хүчийг чадавхжуулахгүй бол Кембрижийн тогтолцоонд шилжинэ гэдэг хүндрэлтэй” гэж  ярьж байлаа.

Энэ мэтчилэн олон сонирхолтой асуултуудад БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр хариулт өгч байсан юм. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд боловсролын талаар илүү түлхүү хөндөж, бодитой мэдээ хүргэж байхыг хүссэнийг сануулъя.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж