
Улайсан гэрлүүд юуны учир асаад байна вэ гээд бодохоор асуудал юунд байгааг эхлээд тодорхойлох шаардлагатай мэт. Нэг: Реакц үзүүлээд байгаа нөхдөд, Хоёр: Ц.Нямдоржид, Гурав: Нэгтгэх тухай тогтоолд гэсэн дүр зураг үндсэнд нь гарч ирж байна.
Бусад сургуулиудыг нэгдэхэд яагаа ч үгүй атлаа хүчний сургуулиудын нэгдэх болоход реакц үзүүлэгчдийн тэргүүн эгнээнд Ерөнхийлөгчийн багийнхан багтаж голлох байр суурийг илэрхийлж байгаа. Ц.Элбэгдорж Засгийн газрыг буруутгахдаа цэргийн анги, байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч буюу надтай зөвшилцөлгүйгээр татан буулгах хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Гэхдээ хэрэв зөвшилцье гээд ирсэн тохиолдолд ч “зөвшөөрөхгүй” байснаа илэрхийлээд байгаа. Үүнийгээ “хоорондоо ялгаатай гурван үндсэн чиг үүрэг бүхий цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагуудын хүний нөөц бэлтгэх тогтолцоог нэгтгэсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог үр нөлөөтэй, боловсронгуй болгох төрийн бодлогод нийцэхгүй байна” гэж тодорхойлж.
Угтаа өнгөрөгч сонгуулийн долдугаар сарын 1-нээс хойш хууль зүй, дотоод хэргийн салбарын тогтолцоог өөрчлөх яриа эрчээ авсан. Гэвч энэ өөрчлөлт нь реакц гаргагчдын “урмыг хугалсан” аж. Тухайлбал, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулж гаргасан санал дүгнэлт, зөвлөмжид ингэж Дотоод хэргийн сургууль байгуулаад цагдаа, тагнуул, хилийн цэргийн сургуулиудыг нэгтгэх тухай биш, харин эсрэгээрээ цагдааг бүтцийн хувьд задлахаас өөр аргагүй болсон байна гэдгийг хэлж байжээ. Ингээд бодохоор “овоон дээр суусан шаазгайнуудад” буюу реакцлагчдад асуудлын гогцоо хамаагүй болох нь. Дараагийн шалтгаан болох Ц.Нямдорж ч үнэндээ гогцоо болж чадахгүй. Тайлбарлавал, энэ тогтоолын төслийг Ц.Нямдорж санаачилж, батлуусан ч буцаагаад дангаар өөрчлөх эрхгүй, тогтоолыг Засгийн газрын кабинетаас гаргасан, батлуулахад нь өөр хэн нэгэн байсан ч хамаагүй олон нийтээс шүүмжлэх л байсан учраас тэр. Өөрөөр хэлбэл, одоо тэр хэн ч биш.
Ингээд л ганц үлдсэн дээрээ буухдаа тогтоол хэзээ анх гарч ирсэн гэдгээс харвал илүү ойлгомжтой харагдана. Үйл явдал ингэж өрнөжээ.
2011 оны долдугаар сарын 06-ны өдөр:
“Хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилготой” гээд Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Дотоод хэргийн их сургууль байгуулах нь зүйтэй гэх 229-р тогтоолыг Засгийн газраас гаргав. Ингэхдээ наймдугаар сард багтаан Их сургуулийн удирдлагыг томилж, бүтэц, орон тооны дээд хязгаар, дүрмийг батлан, дээрх гурван сургуулийн одоогийн байр, төсөвт түшиглэн үйл ажиллагааг нь эхлүүлэх нь зүйтэй гэж шийдэв. Энэ өдрийн хуралдаанаар 44 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь энэ байв.
2011 оны долдугаар сар:
Ерөнхий сайд С.Батболдоос Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дотоодын цэргийн 804, Хилийн цэргийн 0345 дугаар ангиудыг татан буулгаж, дотоодын цэргийн анги байгуулах асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийг Ерөнхийлөгчид илгээв. Магадгүй энэхүү бичгийг засгийн газрын хуралдааны өмнө явуулах ёстой байж.
2011 оны долдугаар сар:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хууль зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үндэсний эрх ашигт харшилсан дээрх шийдвэрээ хүчингүй болгох шаардлагыг Засгийн газарт албан ёсоор хүргүүлэв. Үүнд: Засгийн газар цэргийн анги, байгууллагыг байгуулах, татан буулгах тухай асуудлыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн шийдвэрлэх журамтай. Гэтэл Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолоор цэргийн ангийн статустай цэргийн байгууллага байгуулсан шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг зөвшилцөлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тул дээрх тогтоолыг хүчингүй болгох” нь зүйтэй гэж.
2011 оны наймдугаар сарын 17-ны өдөр:
Дотоод хэргийн их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 243-р тогтоол гаргав. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн гарын үсэгтэй энэхүү Засгийн газрын тогтоолоор Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг орон тоо, төсвийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэх тухай зааж. Ингэснээрээ Ерөнхийлөгчид “өмнө гаргасан тогтоол маань хууль зөрчөөгүй тул хэрэгжүүлэхтэй холбоотой дараагийн алхмаа хийж байна” гэх санаагаа хүргэв.
2011 оны аравдугаар сарын 9-ний өдөр:
Цагдаагийн академийн байранд шинэ хаяг хийжээ. Дотоод хэргийн их сургууль. 229 дүгээр тогтоолоор өгсөн үүргийн дагуу Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийн багш, албан хаагчдыг Дотоод хэргийн их сургуулийн холбогдох нэгжид шилжүүлэн ажиллуулжээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Дотоод хэргийн их сургууль байгуулаад сургалтын албаны захирлаар нь долдугаар сарын 1-ний хэрэг гарах үед Мөрдөн байцаах албаны дарга хийж байсан нөхрийг аваачаад тавьчхаж байгаа байхгүй юу. Уул нь бол “Таны удирдах арга барил Монголын хуулийн байгууллагын бүтцэд байж болохгүй нь ээ” гэж хэлээд холдуулах ёстой байтал ирээдүйн боловсон хүчнээ бэлтгүүлэх гээд тавьж байгаа нь Ц.Нямдорж гэдэг хүн ямар ч сургамж аваагүйн шинж” гэж ч дүгнээд амжиж.
2011 оны арваннэгдүгээр сар:
Энэ асуудлын маргаан намжаагүй байхад Ц.Нямдоржоос дараагийн хуулийн төсөл орж ирсэн нь Цагдаагийн байгууллагын хуульд өөрчлөлт оруулж онцгой үед галт зэвсэг хэрэглэх зохицуулалтыг эрх дарх, үүрэгтэйгээр нь оруулжээ. Үүнд нь дахиад л улаан гэрэл анивчив. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэг “Ц.Нямдорж сайд цэрэг цагдаа бүгдийг нь дотоод яамны мэдэлд авч нийгмийг атгандаа байлгахыг, хуучны дотоод яамыг сэргээхийг хүсч байна гэдэг нь сүүлд санаачилсан энэ хуулийн төслөөс хүмүүст ойлгогдож байгаа байх. Тэгэхээр яагаад цэрэг, цагдаа, тагнуулын сургуулийг нэгтгэхээр улайрсан, одоо ч тэр хууль бус шийдвэрээ хамгаалж байгаа нь ойл¬гогдох байх” хэмээн товч дүгнэв.
2011 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдөр:
Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад хандаж Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болгохыг шаардан албан бичиг илгээв. Засгийн газарт асуудлыг тавиад шийдэгдэхгүй тул хууль тогтоох байгууллагад хаяглахаар шийдсэн нь энэ аж.
Албан бичигт Хууль зүй, дотоод хэргийн сайд ерөнхийлөгчийн хүргүүлсэн шаардлагыг биелүүлээгүйгээр зогсохгүй дээрх хууль зөрчсөн тогтоолын агуулгыг баталгаажуулсан Засгийн газрын 243 дугаар тогтоолыг нэмж гаргасан тухай дурдаж.
Хамгийн гол нь Засгийн газрын гаргасан алдааг засах эрх УИХ-д бий аж. Үүнийг тодруулбал, Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-т. “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж дурайжээ.
2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр. Хилийн цэргийн сургуулийнхны цахим хуудсанд Дотоод хэргийн сургуулийн дотоод асуудлын талаар сонсогчид сэтгэгдэл бичигдсэн аж. ”Дотоод хэргийн их сургууль гэж нэг л муухай сургууль нэгдэж байна…” гэж. Үүнд нь өөр нэг нөхөр их л дүргүйцсэн бололтой “Танайхан хуучнаар Цагдаагийн академийн хичээлийн байранд буюу одоогийн ДХИС-ийн төв байранд нүүж ирчхээд зүгээр л байчхаж чадахгүй “муухай байна, энээ тэрээ” гээд л яриад байгаа чинь бидний чихэнд онцгүй сонсогдож байгаа. Аргагүйдээ энд ирээд гоё байна гэвэл хуучин төрөлх сургуулиа доош нь хийсэнтэй л адил үйлдэл болно шүү дээ” гээд сүүлд нь “одоо аль ямар ангид нь сурдаг вэ” гээд дарамтлах аяс харагдав. Эхний нөхөр ч мөчөөгөө өгөлгүй “Харьцааны ёс зүй өндөртэй хүмүүс байсан бол бид юу гэж муухай байна гэж хэлэх вэ дээ” гээд үргэлжлүүлж. За даа, нэг иймэрхүү л яриа болж. Гэхдээ Хилийн цэргийн сургуулийн сонсогчийн сүүлд хэлсэн үг нь төгсгөл шиг санагдсангүй. Дамжуулбал, ХИЛЧИД ХИЛЭЭ МАНАДАГ.