Монголбанкны ерөнхийлөгч нарын ялгаа

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Монголбанкны ерөнхийлөгч нарын ялгаа

Төрөөс мөнгөний бодлогын та­лаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн баталлаа. Үүгээр мөнгөний бодлогын зорилтын хү­рээнд ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд, 2013-2014 онд най­ман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар инфляци улсын хэмжээнд  жилийн 10.9 хувь, нийслэлд 12.6 хувьтай байна. Энэ тоо 20 хувьд хүрч болзошгүй гэсэн прог­нозыг эдийн засагчид, судлаачид хэлж буй. Гэтэл Монголбанкны мөн­гөний бодлогын хүү 12.25 хувь­тай байна. Монголбанкны ерөн­хийлөгчөөр А.Батсүхийг ажиллаж байх үед инфляци 34 хувьтай байхад мөнгөний бодлогын хүүг 14 хувь болгосных нь төлөө зээлийг хумилаа хэмээн шүүмжилсээр огцруулж бай­сан түүх саяхных. Тэр үед эдийн засгийн өсөлт, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ ямар байсныг өнөөгийнхтэй харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай. Мөн банкны салбарын “эрүүл мэнд”-д эрсдэл учирчихаад байсныг санах хэрэгтэй.

Харин өнөөдөр эдийн засаг энэ оны эхний гурван улиралд 16.7 хувиар өсч урьд хожид байгаагүй өндөр үзүүлэлттэй гараад байгаа. Энэ нөхцөлд “А.Батсүхийн” бодлогын үр дүнг хадгалж ажилласан бол инфляцийн хэмжээ одоогийнхоос хавьгүй нааштай байж бол­моор санагдана. Л.Пүрэвдорж Мон­гол­банкны ерөнхийлөгчөөр анх то­милогдохдоо “Мөнгөний бодлогыг зөөл­лөнө. Зээлийн хүүг бууруулна” хэмээн ярьж байсан /“Ардчилал” сонины 2009 оны нэгдүгээр сарын 9-ний дугаарт/. Харин хоёр жил гаруйн дараа буюу энэ оны арваннэгдүгээр сарын 3-нд Монголбанкны Ерөн­хийлөгч Л.Пүрэвдорж УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ “Оны эхнээс тасралтгүй өсч буй эрэл­тийн шалтгаантай инфляцийг хяз­­гаарлахын тулд Монголбанк мөн­­гөний бодлогоо чангаруулж ирэв. Үүний дээр 5-6 сард төрийн зо­хи­­цуулалттай зарим бараа, шата­хууны үнэ өсч, улмаар тээврийн зард­лаар дамжин бусад бараа, үйл­чилгээний үнэ нэмэгдэж эхэлсэн нь мөнгөний бодлогыг чангатгах шаардлагыг улам ч нэмэгдүүлж бай­на. Инфляцийг нэг оронтой тоо­ноос хэтрүүлэхгүй байлгах зо­рилт нь эдийн засаг тогтвортой өсөх, хөрөнгө оруулалтыг тэтгэх, төгрөгт итгэх итгэлийг хадгалах, гадаадын хөрөнгө оруулагчдын ит­гэлийг алдахгүй байх хамгийн дээд хязгаар юм. Инфляцийг 10 хувиас хэтрүүлбэл хэрэглээ, хөрөнгө оруу­лалт, зээл болон хадгаламжийн шийдвэр гаргалтад тодорхой бус байдлыг үүсгэнэ. Инфляцийг 10 орчим хувьд байлгалаа ч иргэдийн амьжиргааны хүрсэн түвшинг хад­галах, ядуурлыг бууруулахад хүнд­хэн сорилт болох нь тодорхой. Нөгөөтэйгүүр, инфляцийн ийм түв­шин зээлийн хүүг бууруулахад гол саад тотгор болсоор байна. Ийнхүү инфляцийг нэг оронтой тоонд багтаах нь зөвшөөрч болох дээд хязгаар юм. Өөрөөр хэлбэл, төсөв болон мөнгөний бодлогын хэрэглээний үнийн өсөл­төд үзүүлэх нөлөө нь нийт дүнгээрээ нэг оронтой тоонд багтаж байх зорилтыг дэвшүүлэх нь зүйтэй” гэв. Түүний үг, Монголбанкны үйл ажиллагаа зөв гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ энэ хооронд нөхцөл байдал олонтаа өөрчлөгдсөн. Тэр тусмаа таатай нөлөө нь илүү байсан. Тодруулбал 2006 оны дунд үеэс манай эдийн засагт халалтын шинж тэмдгүүд илэрсэн. Энд нийтлэг зүйл нь төсвийн алдагдал нэмэгдэх, цалин ойр ойрхон өсөх, хөрөнгө оруулалт богино хугацаанд огцом өсөх зэргийг нэрлэж болно. Халалтын шинж тэмдгүүд илэрсэн ийм орчинд төсвийг тэлэх, мөнгөний нийлүүлэлтийг хүчтэй өсгөх нь гарцаагүй инфляци өсөхөд хүргэнэ гэдэгтэй олон эдийн засагч санал нийлдэг. Эдийн засгийн халалт, мөнгөний гаралтай инфляциас сэр­гийлэх, шатахуун, хүнсний үнийн өсөл­тийн эсрэг Монголбанкнаас мөнгөний бодлогыг хатууруулах чиг­лэлд зарим арга хэмжээ авч хэ­рэгжүүлсэн. Товчхондоо мөн­гөний бодлогын хүүг анх 2007 оны долоодугаар сараас нэвтрүүлж, инфля­­цийн өрнөлттэй уялдуулаад дөрвөн удаа нэмэгдүүлсэн. Үүнийг дагаж банк хоорондын захын хүү ч тогтмол өсч ирсэн.

Банк хоорондын захын хүү 2008  оны дөрөвдүгээр сард 16.01 хувь болж өссөн нь нэг талаас мөнгөний хумих бодлого явуулсан, нөгөө талаас банк хоорондын зах дээр бий болсон нөөцийн түр хугацааны эрэлт өссөнтэй холбоотой байв. Түүнчлэн мөнгөний хатуу бодлогын үр дүнд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт харьцангуй багассан нь зээлийн хэт өсөлтийг буурах ханд­лагатай болгосон. Мөнгөний бод­логын арга хэмжээний үр дүн нь эдийн засагт тодорхой хугацааны дараа бүрэн хүчээрээ инфляцид нөлөөлдгийг манай болон бусад орны туршлага харуулдаг. Өндөр хөгжилтэй ор­нуудад 16-18 сарын дараа бүрэн хэмжээнд нөлөөлж байхад манайд 5-6 сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байв. Энэ таатай нөлөө олон сарын турш Монголбанкныхныг тайвшруулж, саяхнаас л мөнгөний бодлогыг хатууруулах тухай ярьж эхэллээ. Гэхдээ хоёр жилийн өмнөх болон өнөөгийн инфляцийн өсөлтийн шалтгаан, эдийн засгийн нөхцөл байдал эрс тэс ялгаатай. Заавал мөнгөний бодлогын хүүг нэмэхгүйгээр ч инфляцийг буу­руу­лах боломж хангалттай бий. Тиймээс “аюултай” нөхцөл байдалд хүрэхээс урьтаж, байгаа боломжоо ашиглан, тогтвортой байдлыг хангах талаар Монголбанкны одоогийн удирдлагууд онцгой анхаарч  ажиллах нь чухал байна.

А.Батсүх ажлаа хүлээлгэж өгөхдөө “Би Монголбанкийг бие даасан хэвээр нь, ард түмний итгэл найдвар, Засгийн газар, УИХ-ын дэмжлэгтэй нь үлдээхийн тулд өөрөө огцрох өргөдлөө өгсөн. 34 хувийн инфляцийг давчихсан юм чинь одоо агаар тунгалагшиж байна. Харьцангуй хүнд үеэ давчихсан. Олсон сайн үр дүнгээ бататгах хэ­рэгтэй. Хоосон яриа биш. Багахан ч гэсэн бодитой зүйлийг би эрхэмлэдэг. Өндөр инфляцитай үед хаашаа хөрөнгө оруулах нь хүртэл бүрхэг болчихдог юм шүү дээ. Ийм хэцүү үеийг давсан юм чинь манайхан чадаж л таарна” гэж хэлсэн байдаг. Үүнийг л Монголбанкны удирдлагууд зөв үргэлжлүүлэх учиртай. Энэ бол төрийн ажлын зал­гамж чанар, тогтвортой, амжилттай ажиллах гол арга зам юм.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж