Бэлчээрийн даац багасч, малын тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн даац багасч, малын тоо нэмэгджээ

“Зудаас
авах сургамж, өвөл­жилтийн бэлтгэл”. Энэ бол Өвөр­хангай, Дундговь,
Өмнөговь, Архан­гай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай гэсэн долоон аймгийн
төлөөлөл оролцсон хурлын нэр. Тэд зудаас үүдэж мал аж ахуй дээр
баримталж буй бодлогоо хэрхэн өөрчилсөн, цаашдаа ямар аргыг нэвтрүүлж
болох талаар хоёр хоногийн турш, ярилцаж туршлага солилцох аж.

Зудад нэрвэгсдэд НҮБ 1.37 сая  ам.долларын тусламж үзүүлжээ

2009
оны эцэст тоологдсон малын 22,1 хувь нь 2009-2010 оны зудад хорогдож,
Монгол Улсад учир­сан эдийн засгийн алдагдал 340 сая ам.доллар болж
байжээ. Тиймээс НҮБ-ын ХХАА-н зөвлөл манай улсад гурван үе шаттай төсөл
хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Эдгээр төслүү­дийн сүүлийнх болох “Онцгой
байд­лын үеийн тусламж 3” төслийн хү­рээнд Өвөрхангай аймгийн Сант,
Баянгол, Төгрөг, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэрэн, Дэлгэрхангай,
Өмнөговь аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Ханхонгор, Архангай аймгийн
Хотонт, Түвшрүүлэх, Цэнхэр, Баян­­хон­гор аймгийн Баянцагаан,
Баян-Өндөр, Эрдэнэцогт сум, Зав­хан аймгийн Алдархаан, Отгон, Шилүүстэй,
Говь-Алтай аймгийн Халиун, Бугат, Жаргалан, Хөх морьт сумдын нийт 2614
өрхөд 1 сая 375 мянган ам.долларын тусламж үзүүлсэн байна.

“Манайд
энэ төсөл хэрэгжээд тодор­хой үр дүнд хүрээд явж байгаа. Бэлчээрийг
сайжруулах, олон настай болон нэг настай ургамлыг тарих зэргээр ажиллаж
байна. Гэхдээ энэ хөтөлбөр хэрэгжээд дөнгөж үр дүнгээ өгч эхэлж байтал
зогсоно гэхээр үр дүн нь хангалттай хэмжээнд гарах­гүй гэж бодож байна”
гэж Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг дарга н.Цогтбаяр ярьж байсан
юм.

Төсөл хэрэгжүүлэгчдийн хэлж байгаагаар эдгээр төсөл
хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх гэнэ. Гэхдээ өөрсдийн хүч хөрөнгийг
ашиглаж эдгээр аймгуудад олон төрлийн сургалтуудыг зохион байгуулах юм
байна. ХХАА-н зөвлөлөөс хэрэгжүүлсэн энэхүү төсөл хөтөлбөр нь зөвхөн
зудын асуудлыг тойрч хэрэгжих ажил биш. Төслийн хүрээнд хөдөө аж ахуйд
ашиглагдаж байгаа технологийг аль болох сайжруулж, мал эмнэлэг үржлийн
тасгийг тодорхой аймгуудад барьж байгуулах ажлыг хийсэн байна.

“2009
оны өвөл болсон зудын аюул бидэнд сургамж өгсөн. Түүнээс хойш бид
дөрөв, таван өрхөөрөө нэгдэж хоршоо байгуулан ажиллаж байгаа. Зуд
тохиолдлоо гэхэд цөөхөн мал хорогдуулах, малаас гарч байгаа ашиг шимийг
үр ашигтайгаар хүртэх боломжтой болсон”. Энэ бол Архангай аймгийн жирийн
малчдын үг. 2009 оноос хойш Архангай ч гэлтгүй, өөр аймгуудад хоршоолол
үүсгэн ажиллах болсон бөгөөд НҮБ-ын ХХАА-н зөвлөлөөс хэрэгжүүлсэн
бэлчээрийг сайжруулах төсөл их биш ч, тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн
гэж тэд үзэж байна.

Бэлчээрийн даац багасч, малын тоо нэмэгдэж байна

Монгол
Улсын нийт бэлчээрийн хэмжээ 113 сая га талбайг эзэлж байгаа. Харин
2010 оны байдлаар 32 сая 729 мянган мал тоологджээ. Бэлчээрийн даацын
прогнозоор бол 113 сая га талбайд 74,6 сая мал л бэлчээрлэх багтаамжтай
аж. Цөлжилттэй холбоотойгоор бэлчээрийн даац багассаар байгаад бөгөөд
1964 оныхоос хойшхи хугацаанд 9,1 сая га-гаар хорогджээ. Хамгийн
сонирхолтой нь одоогийн байдлаар мал сүргийн 98,2 хувь нь хувийн өмчид
байгаа ч, бэлчээрийн талбай 100 хувь төрийн мэдэлд байгаа юм. Энэ хэвээр
бэлчээрийн даац багассаар байвал Монголын хөдөө аж ахуй хүнд байдалд
орно гэж ХХААХҮЯ-ны Бэлчээрийн нөөц хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадорж
ярив. 

Энэ талаар нэлээд нарийн судалгаа хийжээ. Нэг хонь жилд
584 кг өвс иддэг, үүнийг 29 боодол гэж тооцвол жилдээ 87 мянган
төгрөгийг зарцуулна гэсэн үг. Харин нэг ямаа жилд 600 кг өвс иддэг аж.
Тиймээс дунджаар нэг ямаанд 90 мянган төгрөгийг жилдээ зарцуулдаг аж.
Харин малчид арьс ширээ зарж борлуулаад нэг ямаанаас 15 мянган төгрөгийн
ашиг олдог ажээ. Нэг ямаанаас дунджаар 300 грамм орчим ноолуур авдаг нь
зах зээлийн үнэлгээгээр 20-25 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл бараг
ашиггүй бизнес гэсэн үг.

Одоогийн байдлаар бэлчээрийг
зохицуулсан ямар нэгэн эрх зүйн орчин байдаггүй бөгөөд малын ургамал
даган нүүдэллэхийг л харж бэлчээрийг зохицуулдаг байна.

“Үнэхээр
төрийн бодлого дутагдаж байгаа. Хэдэн сарын өмнө нэр бүхий гишүүд
бэлчээрийн тухай хууль санаачилсан юм. Энэ хуулийн төсөл дээр манай яам
ажилласан. Уг нь бид хөдөө орон нутгийн 15 мянган малчдын санал,
хүсэлтийг тусгаж боловсруулсан юм шүү дээ. Гэхдээ үүнийг УИХ дэмжсэнгүй.
Тэгэхээр бэлчээрийн тухай ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй гэж
ойлгож болно. Энэ нөхцөлд бид аймаг болоод иргэдийг зөв менежменттэйгээр
бэлчээрийг хуваарилж ашиглахыг л зөвлөх боломжтой” гэж тэр ярьж байлаа.

Хүнс, тэжээл хангалттай

Энэ
жил Монгол Улсын хэм­жээнд 35 сая толгой мал өвөлжих дүн мэдээ байгаа
юм. Гэхдээ жил бүрийн өвөл энэ олон малыг хэрхэн өвөлжүүлэх вэ гэсэн
асуудал тол­гой гашилгадаг.

Тэгвэл энэ жил хадлан, тэжээл
хангалттай нөөцөл­сөн учраас санаа зоволтгүй гэнэ. “Энэ жилийн хувьд 1,3
гаруй сая тн хадлан, 30 мянган тн ногоон тэ­жээл, 43 мянган тн гар
тэжээл, 45 мянган тн үйлдвэрийн тэжээлийг бэлтгээд байна” гэж ХХААХҮЯ-ны
мэргэжилтэн М.Галбадрах ярьж байна. Энэ жил нийт 343 мянган га талбайд
тариалалт хийсэн бөгөөд 8,2 мянган га-д тэжээл тарьж 23 тн үр хураажээ.
“Манай яаманд олгож байгаа төсөв жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн
жил 460 сая төгрөг төсөвлөдөг байсан бол энэ жилийн тухайд 2,5 тэрбум
төгрөг төсөвлөсөн байгаа. Гэхдээ ирэх жилийн төсөв багассан” гэж тэр
ярилаа.

Монгол Улсын хэмжээнд 160 гаруй мянган малчин өрх байдаг
бөгөөд эдгээрийг бүгдийг нь жи­жиг, дунд үйлдвэрийн хэмжээнд хөгжүү­лэх
бодлогыг яамнаас баримталж байгаа гэнэ. Эхний ээлжинд ай­маг бүрийн
засаг захиргааны байгуул­лагуудад малчин бүрийн регистрийн дугаар
цуглуулах ажлыг явуулж, айм­гаас ирүүлсэн малчдын тоог үндэслэн
гэрчилгээ олгох тухай албаны хүмүүс нь ярьж байна.

Ийнхүү долоон
аймгийн төлөө­лөл хоёр өдрийн турш Улаанбаатар хотод уулзалт, семинар
зохиогдох гэж байна. Өнөөдрийн хувьд гэвэл малын тэжээлийн арчлалтыг
хэрхэн сайжруулах вэ, усалгааг хэрхэн ор­чин үеийн төвшинд хүргэх, сайн
чанарын үр тариаг хэрхэн тариалах талаар зөвлөлдөх юм.

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж