Нярай хүүхдээ хаясан эхчүүдийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Нярай хүүхдээ хаясан эхчүүдийг хайж байна

Сүүлийн үед төрүүлсэн хүүхдээ хаях тохиолдол ихээр гарах болсон байна. Уржигдар л гэхэд  Баянгол дүүргийн долоодугаар хорооны 25 дугаар байрны хогийн бункерт нярай хүүхдийн цогцос байна гэсэн дуудлага цагдаагийнханд иржээ. Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайн орчмоос бас нэг нярайн цогцос олдсон байна. Цагдаагийнхний мэдээлж буйгаар Баянгол дүүргээс олдсон цогцос нь эрэгтэй нярайнх байсан ба Улиастайгаас олдсон нь эмэгтэй нярайн цогцос байжээ.

Баянгол дүүргийн долоодугаар хорооны 25 дугаар байр нь III, IV хорооллын “Оргил” худалдааны төвийн эсрэг талд байрладаг аж. Тус байрны хоёрдугаар орцны хогийн бункерээс нярайн цогцос олсон гэх дуудлагыг уржигдар цагдаагийнханд жижүүр нь өгсөн байна. Тиймээс тус байрны хоёрдугаар орцны жижүүртэй уулзаж юу болсон талаар тодруулсан юм. Харин тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй бөгөөд зураг даруулахаас ч дургүйцсэн юм. Түүнтэй өрнүүлсэн яриаг хүргэж байна.

-Хогийн бункерт нярайн цогцос байгааг яаж мэдсэн юм бэ?

-Хогийн бункерийг ТҮК-ийнхнаас гадна шил, лааз түүдэг хүмүүс хааяа “цэвэрлэж” өгдөг юм. Мягмар гарагийн 12 цагийн үед шил, лааз түүдэг хүмүүс манай орцны бункерийг ухаж байгаад гялгар уутан дотор хийсэн нярай хүүхдийн цогцос оллоо гэж хэлсэн. Тэгж л мэдсэн.

-Цагдаад хэн мэдэгдсэн юм?

-Үүний дараа СӨХ-ныхны хурал болсон. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн. Одоо Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст энэ хэргийг шалгаж байгаа гэсэн.

-Танай бункер цоожтой юм байна. Тэр шил, лааз түүдэг хүмүүс яаж тэндээс хог түүдэг юм бэ?

-Түлхүүр гуйж авдаг юм. Тэр өдөр ч гэсэн түлхүүр гуйж авсан.
 
-Тэр хүмүүс хийчихсэн байх вий гэж хардаад байна л даа?

-Тийм юм байхгүй байх аа. Цагдаагийнхан нас бараад 2-3 хоног болчихсон цогцос байна гэж байсан. Тэр хүмүүс байнга ирж хог түүдэг байсан болохоор тийм зүйл хийхгүй гэж хэлж байна л даа.

-Танай байранд нярай хүүхэдтэй хүн байдаг уу?

-Нэг жирэмсэн эмэгтэй байдаг байсан. Тэр хүн саяхан төрсөн. Хүүхдээ тэврээд л явж харагддаг.

-Та нярай хүүхдийн цогцсыг яаж хийсэн байх магадлалтай гэж бодож байна вэ?

-Надад хэн нэгэн орц руу барьж ороод хийчихсэн юм болов уу гэсэн хар төрөөд байгаа. Орц руу орж, гарч байгаа хүн бүрийг бид шалгаад байдаггүй шүү дээ. Тийм ч эрх байх биш.

Орцны жижүүр дээрх хариултыг өгсөн юм. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд “Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн мэдээллийг өгөх боломжгүй” хэмээсэн юм. Мөн тус дүүргийн цагдаагийн хэлтэст хэдэн сарын өмнө “Хангай” зочид буудлын орон доороос олдсон нярайн цогцосны хэргийг шалгаж байгаа бөгөөд одоо болтол хүүхдээ хаясан эмэгтэйг олоогүй байгаа юм.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастай орчмоос олдсон нярайн цогцосны хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн бас шалгаж байгаа аж. Тэдний өгсөн мэдээллээр уг нярайн цогцос нь төрөөд 16-17 хоносон, 900 грамм жинтэй, 27 сантиметр урттай байсан аж.

Дээрх хоёр тохиолдолтой ний­лээд энэ жил таван  нярайн цогцос олджээ. Гэхдээ энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж буй тоо юм. Ийм тохиолдлуудаас болоод цагдаагийнхан буух эзэн, буцах хаяггүй олон хэрэгтэй орооцолдож байна. Тэд нярай хүүхэд хаядаг эхчүүдийн эрэлд гарч байгаа ч олсон тохиолдол хараахан алга байна. 

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж