
Төмрийн хүдрийн экспорт нэмэгдэж буйд Та яагаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм бэ?
Монголын төмрийн хүдрийн нөөц хариугүй жаахан. Дархан Сэлэнгийн раойны нөөц хагас тэрбум. Увс Ховдод 2 тэрбумын нөөц байгаа. Түүнийг бид ашиглахгүй үр хойчдоо үлдээх ёстой. Төмөртэйн ордоос Хятад руу өдөр шөнөгүй төмрийн хүдэр зөөсөөр байна. Бид эх оронтой хүмүүс, өөрсдөө төмрийн хүдрээрээ юм хийх хэрэгтэй. Тиймээс биш Монгол орон Хятадын түүхий эдийн бааз биш шүү дээ. Хятадын нийт хэрэгцээтэй харьцуулах юм бол манайх өчүүхэн хэмжээний төмрийн хүдэр гаргаж байгаа. Хятад жилдээ 300 сая гаруй тонн ган хайлуулдаг. Зөвхөн Бугатын үйлдвэрээс гэхэд 20 сая тонн хүдэр гаргадаг. Монголоос бол жилд 2 сая тонныг авдаг. Тэр 2 сая тонноо өчүүхэн бага үнээр авна. Нэг вагон төмрийн хүдрээс гаалийн татвар гэж 8 доллар 20 цент авч байгаагаас өөр ордлого цайр төмрөөс Монголд орж ирдэггүй. Уг нь роялти татвар, орд ашиглаж байгаа татвар орж ирэх ёстой юм.
Төмрийн хүдэр дотор олон төрлийн үнэт метал бий. Тэр нь төмрийн хүдэр нэрээр хямдхан гарсаар байна. Үүнийг хэн ч тооцдоггүй. Төмөртэйгээс экспортлож байгаа төмрийн хүдэрт кобальт гэж ховор металь агуулагддаг. Кобальт нь дэлхийн зах зээл дээр нэг тонн нь ойролцоогоор 50.000 долларын үнэтэй. Мөн төмрийн хүдэр доторх алт мөнгийг хэн ч тооцохгүй байна. Одоо экспортлож байгаа металлууд нь манай лабротарит ордоггүй. Хятадууд өөрсдөө лабротарид оруулсан нэр зүүлгээд аваад явчихдаг. Зүй нь экспортоор гарч буй металиудыг Монголдоо лабраторид оруулаад ямар ямар ховор үнэт метал агуулагдаж байгааг тогтоох ёстой юм.
Таниас авахуулаад эрдэмтэн судлаачид төмрийн хүдэр дотор өөр үнэт металууд агуулагдаж байгааг сануулсаар байна. Тэгвэл үүнийг төрийн зүгээс хэр анхаарч байна?
Монголд энийг зангиддаг зангилгаа байхгүй. Дуртай хүн нь өөртөө ашигтай шийдвэрийг гаргадаг. Хүссэн хүн нь лиценз эзэмшдэг болчихсон. Орд эзэмжих хууль дээр зарж болно, дамалж болно, барьцаалж болно гээд орчихсон. Тэр цоорхойг чинь ашиглаад манайд алдагдалтай үйл ажиллагаа далдуур явагдсаар байна.
Тэгвэл энэ асуудлыг шийдэх ямар арга зам байна?
Асуудлыг шийдэхийн тулд ашигт малтмалын хууль, кадастрын хуулиа өөрчлөх, лиценз өгөхдөө тухайн газрынх нь баялагийг үнэлж өгөх хэрэгтэй. Одоо бол 100 саяын нөөцтэй ордыг 50.000 төгрөгөөр өгч байна ш дээ. Тийм хямдхан бараг үнэгүй шахам авсан газраас асар их орлого олоод тэр мөнгө нь далд эдийн засаг руу орж байна. Хууль тогтоогчид бодлоготой ажиллах л хэрэгтэй дээ.
Таны бодлоор төмрийн хүдрийг өөрсдөд ашигтай байлгах оновчтой шийдэл юу вэ?
Хамгийн зөв шийдэл бол төмрийн хүдрийг зөвхөн боловсруулаад зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Манайх одоо үсрээд барилгын арматурын төмөр л гаргадаг. Үүнийг төмөр утас, хадаас, зүү тэвнэ болгох хэрэгтэй. Адаглаад одоо шинээр баригдах гэж байгаа төмөр замынхаа рельсийг өөрсдөө хийчдэг болмоор байна. Том юм болохоор хүнээс авдаг, жижиг юмыг өөрсдөө аргалдаг өрөөсгөл ойголттой байж болохгүй. Монгол улсын төмрийн хэрэгцээ бага. Хамгийн гол хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ гаднаас авч, гадаадад хөрөнгө оруулалт хийдэгт шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Уг нь гадагшаа экспортлоод баяждаггүй юмаа гэхэд дотоод хэрэгцээгээ хангаад байвал бидэнд л ашигтай шүү дээ.
О.Хосцэцэг