-Монгол Улсын 2012 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Харин төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, хариуцлага тооцох асуудлыг хуульд хэрхэн тусгасан бэ?
-Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад хуулийг биелүүлэх байдал улам доройтсон байна. Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Энэ төсөлд “Тухайн жилдээ багтаагаад төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ” гэсэн хөнгөрүүлсэн заалт орсон байгаа. Үүнээс төсвийн гүйцэтгэлийг дараа оных нь эхний хагас жилд багтааж хэлэлцэхгүй бол зөрчил гаргасан этгээд дараагийн жидлийн төсвийг дахиад бүтэн жил сүйтгэх нөхцөл байдал харагдаж байна. Уг нь тухайн төсвийн жилийн эхний улиралд тайлан, тэнцлээ өгөх ёстой. Ингээд гуравдугаар сарын 20-д гэхэд төсвийн гүйцэтгэл гарсан байх ёстой. Энэ хугацаандаа багтааж эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд, ноцтой зөрчил гаргасан, төсвөө хуулиас гадуур зүйлд зарцуулсан тохиолдолд хариуцлага тооцоод явах хэрэгтэй. Өмнөх хууль ийм байсан. Харин одоо бол хуулийн орчныг хялбар болгоод, хууль зөрчсөн хүн дахиад бүтэн жилийн турш төсвийг захиран зарцуулах нь байна.
-Урьд өмнө баталж байгаагүй том төсөв батлах гэж байгаа энэ үед төсвийн гүйцэтгэлд хяналт тавих ёстой байх?
-Монгол Улсын төсөв 2000 оныхтой харьцуулахад 16 дахин өссөн. Мөн хөрөнгө оруулалт 40 дахин өссөн байгаа. Тиймээс бидний сахилга ч тэр хэмжээгээр, 2-3 дахин сайжрах ёстой. Гэтэл сайжрахын оронд сулрах байдал ажиглагдаад байна л даа.
-Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар тусгах боломж бий юү. Ялангуяа төсвийн ерөнхийлан захирагч нарт хариуцлага тооцох тухай болон төсвийн зарцуулалтыг ил тод болгох асуудлыг тусгах боломж хэр байгаа бол?
-Урсгал хяналтын тогтолцооны асуудал энд яригдана. Аудитын байгууллага гэж байгаа. Тэр байгууллага маань үе шаттай хяналт тавиад, нэг, хоёрдугаар улирлын тайлан гарахад тодорхой салбаруудад дүгнэлт хийх бололцоо бий. Мөн УИХ-аар хэлэлцүүлэх боломж нь ч нээлттэй байгаа. Гэхдээ үүнийгээ илүү тодотгож, шинэ Төсвийн тухай хуулиар сайжруулах шаардлагатай. Ер нь хариуцлагын тогтолцоо, хяналтын тогтолцоо суларч байгаа шүү дээ.
-Шалтгаан нь юу юм бол?
-Шалтгаан нь юу бол гэдгийг бид олох ёстой юм л даа. Аудитын байгууллага шалгаад УИХ-д танилцуулаад, УИХ нь хариуцлага тооцоод явах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч ийм тохиолдол гараагүй. Яагаад гэвэл, УИХ-ын гишүүн мөртлөө сайдын алба давхар хашдаг хүмүүс бий болсон. Төрийн эрх барих байгууллага нь гүйцэтгэх засаглалтайгаа нийлчихсэн учраас хариуцлагын тогтолцоо суларчихсан байна. Хэрэгжих нөхцөл байхгүй болсон гэсэн үг.
"Улс төрийн тойм" сонин
