С.Бямбацогт бор зүрхтэнүүдээ дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт бор зүрхтэнүүдээ дэмжинэ

УИХ-д бизнесийн салбарын төлөөлөл цөөнгүй бий. Тэдний нэг нь эрхэм гишүүн С.Бямбацогт юм. Тэрбээр бизнест багаасаа орж, хөдөлмөрлөх гэдгийг биеэрээ мэдэрсний хувьд хувийн хэвшлийнхэн, аж ахуй нэгжийн зовлон жаргалыг сайн мэддэг нэгэн. Арав ч бай, арван мянган ч бай хүнийг ажлын байртай болгож, төрдөө татвар төлсөөр байхад дэмжлэг ирдэггүй. Бор зүрхээрээ ажиллаж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж ахуй нэгжүүдээ яагаад дэмжихгүй байна вэ гэдгийг төсвийн байгууллага руу мөнгө цацах дуртай эрхмүүдэд байнга хэлдэг.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотойгоор УИХ 2010 оны долдугаар сард тогтоол баталж, “Эрдэнэс МГЛ” компанийн харьяа “Эрдэнэс тавантолгой” компанийг байгуулан Монгол Улсын нийт иргэдэд 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалах шийдвэрийг гаргасан юм. Гэтэл одоо УИХ-ын зарим гишүүд нийт иргэддээ нэмж 10 хувийн хувьцаа, нийт 20 хувийг эзэмшүүлэх нь илүү ончтой шийдэл болно хэмээн үзэж, хэсэг гишүүн хуулийн төсөл санаачлаад буй.

Харин үүнийг зөв шийдвэр гэдэгт эргэлзэж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр олгох нь зүйтэй хэмээн үзэж байгаа гишүүдийн нэг нь С.Бямбацогт юм. “Иргэддээ бэлэн мөнгө тарааж ажил хийх сонирхлыг унтрааж байгаа нь утсан хүүхэлдэй болгож, ажиллах хүчийг үгүй хийж байгаа явдал. Ийм байдлаар амьдарвал монголчууд ямар ч чадваргүй болж мөхөх аюул нүүрлэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлж байгаа хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Тэдний төлсөн татвараар төрийн албан хаагчид цалинжиж байгаа. Өмнө нь гаргасан шийдвэрээ өөрчилж байгаа гишүүд шийдвэр гаргахад хайнга хандаж, олон нийтэд таалагдахын тулд засч өөрчилж дураараа загнадаг болжээ. Татвар төлдөггүй, орлого нь тодорхой бус, дан цалингаараа амьдардаг хүмүүс яаж тансаг амьдардаг нь сонин” хэмээн С.Бямбацогт гишүүн хэлж бор зүрхээрээ зүтгэн татварын мөнгөний дийлэнхийг бүрдүүлдэг хувийн хэвшлийнхнээ өмөөрөв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж