Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Түүх давтагдах уу

Шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдах анхдугаар УИХ-ын сонгууль 1992 онд болж билээ. Хэний ч санаанд оромгүй сонгуулийн дүн үнэмлэхүй ялсан МАХН болон үнэмлэхүй ялагдсан ардчилсан хүчний аль алиныг нь балмагтуулсан юм. Тэр үед нэг их сонгуулийн луйвар булхай хийгээд МАХН ялчихсан гэж бодохгүй байна. Асуудлын гол нь сонгуулийн хуулиндаа байсан бөгөөд тэгээд ч түүнийг засаж өөрчлөх зүй ёсны шаардлага тавигдсан хэрэг. Үнэмлэхүй ялалт нь МАХН –д сайнаар туссангүй. Дөнгөж ардчилалд хөл тавьж, эрх чөлөөт амьдралын зах зухаас амссан ард түмэн маш ихийг хүсэн хүлээж байсан боловч коммунист үзэл суртлын хүлээснээсээ ангижраагүй МАХН тэр их итгэл найдварыг биелүүлж чадсангүй, чадах ч үгүй байлаа. Цаг үеийнхээ шаардлагаас хоцорсон МАХН нийгмийн хөгжилд чөдөр тушаа болж, 1992-оос 1996 он хүртэл ёстой өөх ч биш булчирхай ч биш байдлаар амь аргацаасаар 1996 оны сонгуультай золгосон юм. Сонгогчдын саналын бодитой тусгал болж чадаагүй парламентийг бүрдүүлсэн сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал тавигдлаа. Ардчилсан хүчний зүгээс сонгуулийн пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог санал болгож байсан бөгөөд эцсийн мөчид нэг тойрог нэг мандаттай мажоритар /плюрал хувилбар/ тогтолцоог МАХН сонгон баталж билээ. Тэрхүү сонгуулийн хуулийг хэлэлцэн баталж байхад “Та нарын хүчээр түрээ барин баталж буй энэ хууль чинь ялалт биш харин эсрэгээрээ ялагдал авчирч мэднэ шүү” гэж хэлсэн үг маань одоо ч санаанд тодхон байна. Тэд инээж байгаад л баталсан харин дараа нь инээдэм нь ханиад болж билээ. 1996 оны сонгуулиар МАХН навс ялагдаж Ардчилсан Холбоо эвсэл УИХ – ын 76 суудлаас 50-ийг нь авч ялалт байгуулсан түүхтэй.

Дээрхийг өгүүлэх учир нь өнөөдөр манай улс төрийн амьдралд 1996 онтой нэн төстэй үйл явдал өрнөж байгаад оршино. 2008 онд яг 1992 оныхтой адил сонгуулийн хуулиар сонгууль явуулснаар яг л 1992 он шиг МАХН, АН хоёр хамтдаа үнэмлэхүй ялалт байгуулсан. Өрх тусгаар юм шиг боловч нэгэн эрх ашигтай хоёр нам өнгөн дээрээ хэрүүл уруул хийсэн ч цаанаа инээлдсээр хамтарсан засгаа байгуулаад амар сайхандаа жаргасан. Одоо дахиад л сонгуулийн хуулийн асуудал босч ирсэн бөгөөд эрх баригч хоёр намын аль аль нь сонгуулийн хуулийг өөрсөддөө хамгийн ашигтай хувилбараар батлахыг хичээцгээж байна. Тэдний хоорондын маргааны гол учир нь тоон харьцаа ирээдүйн эрх ашгийн хуваарилалт 60:40, 50:50, 40:60 –ийн аль нь байх вэ гэдэгт л байгаа болохоос хяналттай, тэнцвэртэй парламентыг бүрдүүлэхэд байгаа юм биш. Олны өмнө маргалдаж хэрэлдээд л, тунирхаж тонгоролцоод л байх шиг мөртлөө яг үнэндээ хэн хэнийгээ гэмтээчихэлгүй ойролцоо санал авах ба дахиад л ард түмэн “хаан сонголт” хийлээ хэмээн эвслийн ч гэнэ үү, зөвшлийн ч гэнэ үү, хамтарсан ч гэнэ үү, эсвэл өөр цоо шинэ нэртэй дундын засгийн газраа байгуулж явах сонирхлыг агуулж буй нь тодорхой. Зөвшилцлийн хэмээх засгийн газар байгуулсан аль 2004 оноос хойш энэ хоёр намын хооронд ашиг сонирхлын хуваарилалт явагдсан бөгөөд төрийн далбаан доорхи бүхий л бизнес чухамхүү энэ ашиг сонирхлын хуваарилалтын дагуу тоон харьцаагаар хуваагдаж ирсэн нь нууц биш. Өнөөдөр Монголд хувийн хэвшил давамгайлж, ДНБ-ний ихэнхийг хувийн хэвшил гүйцэтгэж байна гэх боловч үнэндээ бүхий л том бизнес төрийн мэдэл дор, төрөөс бараг бүрэн хараат байна. Худалч хүнд хуушуур хийх, самар зарахаас бусдыг төр мэдэж байна. Төсвийн орлого, зарлага ч гэж тоймоо алджээ. 1996-1997 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байснаа эргэн дурсмаар санагдаж байна. Улсын нийт төсвийн хэмжээ 200-300 сая доллар хавьцаа л байсан. Төсөв хэлэлцэж байхад Хөвсгөл аймгаас сонгогдож ирсэн Цогбадрах гишүүн аймгийнхаа сургуулийн засварт 10-хан сая төгрөг тусгуулах гээд уйлж байсан нь санаанаас гардаггүй юм. Харин одоогийн сангийн сайд Баярцогт залуучуудын байгууллага Сүхбаатарын талбайг засна хэмээн гишүүдийг баруун солгойгүй лоббидож байгаад 150 сая төгрөг тусгуулаад алга болсон. Сүхбаатарын талбай засагдаагүй харин мөнгө нь яасныг бүү мэд. Ямар ч байсан чуулганы хуралдааныг орон даяар шууд цацаж байхад өнөөх Баярцогт камер руу харчихсан “аав аа, ээж ээ хүү чинь мөнгө идээгүй” гээд л уйлан дуулж байсан юм даг. Харин одоо улсын төсөв томорчээ. Бүр 10-аас 20 дахин томорчээ. Өнөөх Цогбадрах байсан бол юун 10 сая төгрөг гуйх бүр гуйгаагүй байхад хүчээр тэрбум тэрбумаар нь өгөх байж. Бидний үед мөнгөгүйн зовлон байсан бол одоо мөнгөтэйн зовлон тохиож байна. Нэг их юм бүтээж гийгүүлээгүй ч хаанаас юун их мөнгө орж ирээд хүмүүсийн шуналын галыг асааж, зарим нэг нь алалдахаас наагуур юм болоод байна аа. Энд ч нэг их сүрхий ойлгож ядаад байх юм алга шиг. Ардчилал, зах зээл, нээлттэй эдийн засаг нэрийн дор бид бүх хаалга, цонхоо цэлийтэл нээж, авдар сав, сейф, юу байдаг бүхнээ дэлгэчихээд ороод ирцгээ, авцгаа, өөрсдөө үнээ хэлээд авцгаа л гэж байна. Ийм сайхан боломжийг ашиглах сүйхээтэй наймаачин, бизнесмен, луйварчин хорвоогоор нэг байна. Тэгээд авья гэснийг нь өгсөөр овоо арвин мөнгөтэй болж байх шиг. Бидний үед уйлан дуулан сая гэдэг тоо хэлдэг байсан бол одоо их наяд ч гэх шиг ой тоонд багтамгүй олон оронтой тоо ярьдаг болж. Энэ их мөнгөний урсгалыг хянах, хуваарилах эрх сонгуулиар л олгогдох бөгөөд эрх баригч хоёр нам түүнийгээ алдахыг яавчиг хүсэхгүй нь ойлгомжтой.

Уул нь би парламентын засаглал, сонгуулийн пропорционал тогтолцоог дэмжиж, түүний төлөө улс төрд оролцож явсан билээ. Харамсалтай нь улс төрийн тодорхой чиг баримжаа, хөтөлбөртэй нам төлөвшиж бий болсонгүй. Аль ч намд нь хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр гэж алга. Оронд нь дөрвөн мөрт шүлэг, лоозон л байна. Шүлгээр хооллож, лоозонгоор амьдардаг цагийг эцэслэж, бодитой утга учиртай, ирээдүйтэй, итгэл үнэмшилтэй хөтөлбөр хэрэгтэй байна. Нэгэнт ийм хөгжлийн хөтөлбөр байхгүй тохиолдолд сонгуулийн пропорционал тогтолцоо нь сайн талаасаа биш харин эсрэгээр муу сул талынхаа нөлөөллийг үзүүлэх болно. Төрийн залуурт суугсдын дийлэнх нь лоозогногч өнгөрсөн үеийн бүтээгдэхүүнүүд байх агаад өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэдний гадаад төрх, идэж уух, эдэлж хэрэглэх, өмсөж зүүх нь өөрчлөгдсөнөөс сэтгэхүй нь цаг үетэйгээ нийцэхгүй болжээ. Өнгөрсөн хугацаанд цоо шинэ үе нийгмийн дийлэнхийг бүрэлдүүлэх болсон бөгөөд тэдний хүсэл тэмүүлэл, ертөнцийг үзэх үзэл, ёс суртахуун, амьдралын хэмнэл, амьдралын тухай ойлголт, үнэт зүйлсүүд нь бидний үеийнхнээс тэс ондоо байна. 1990 –ээд онд өөрчлөлт, шинэчлэлт, эрх чөлөөний төлөөх тэмцлийн магнайд байсан хүмүүс өнөөгийн нөхцөлд ужигран хуучирч улмаар хөгжлийн чөдөр тушаа болжээ. Санал болгож буй сонгуулийн хуулийн хувилбар нь цаашид ч өөрсдийгөө дархлан сандал суудлаа хадгалан үлдэх сонирхлыг агуулж байна. Одоо ярьж тохироод буй сонгуулийн холимог гэх тогтолцооны цаана өнөөдөр төрийн бодит эрхийг атгаж буй цөөн тооны хүн ямар ч тохиолдолд дахин сонгогдох нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн луйвар агуулагдаж буйг анзаарахад төвөггүй. Өөрөөр хэлбэл тойрогтоо ялагдсан ч намынхаа нэрээр ороод ирэх нарийн ухааныг сийлжээ. 1996 онд тухайн үед дангаар эрх барьж асан МАХН ноёрхлоо хадгалах санаархлаар сонгуулийн хуулийг өөрчилсөн ч сонгуулийн дүн эрх баригчдад эмгэнэлтэйгээр туссан билээ. Түүнээсээ сургамж авсан бололтой энэ удаа холимог нэрийн дор болзошгүй эрсдэлээс хамгаалах механизмыг бодож олсон бололтой юм. 

Сонгуулийн хууль эцэслэн батлагдаагүй байна. Намууд хоорондоо сар жилээр ярьж тохирсон хувилбар нэг л өдөр орвонгоороо эргэж болдгийг 1996, 2008 онд бид үзсэн. Тэгэхээр энэ удаа ч тийм зүйл тохиолдохыг үгүйсгэх аргагүй юм. Хэрвээ би УИХ-ын гишүүн байсансан бол хамгийн санамсаргүй үр дагавар авчирдаг 76 тойрогтой, нэг мандаттай мажоритар хувилбарыг дэвшүүлж санал хураалгана. Энэ л хувилбар 1996 онд МАХН-ын ноёрхлыг эцэслэж, 2004 онд Энхбаярын дарангуйллаас ангижруулсан билээ. Үүнтэй нэгэн адил намын харьяаллаас үл хамааран цаг үеэ ойлгож мэдэрсэн, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж чадах, тулга тойрсон өнгө мөнгөний хэрүүлээс ирээдүйн эрх ашгаа эрхэмлэсэн  шинэ үеийнхэн түрэн гарч ирэх боломж нээгдэж болох юм.  

МСДН-ын дарга, УИХ-ын гишүүн асан А.Ганбаатар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж