Оюутолгойн ТУЗ хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ТУЗ хуралдана

Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг арванхоёрдугаар сарын эхээр хийхээр товложээ. Хуралдаанаар тус компанийн 2012 оны ажлын төлөвлөлт бодлого, энэ жилийн ажлын үр дүнгийн талаар хэлэлцэх бололтой.

Нэг жилийн өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Оюутолгой ХХК-ийн менежментийг Рио Тинто компани хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд удирдлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэсэг хугацаанд захиргааны ажил хэргээ шинэчлэх үйл явц өрнөсөн билээ. 2011 оны хувьд Оюутолгой ХХК-ийн ТУЗ уурхайн эрчим хүчний хангалтын асуудлыг шийдвэрлэхээр ихээхэн хүч чармайлт гаргажээ.

Өмнөд говийн эрчмийн хангамжийг шийдвэрлэх цогц бүтээн байгуулалт хийхээр манай Засгийн газар “Оюутолгой”, “Тавантолгой” төслүүдийг нэгтгэн судалгаа хийсэн билээ. Гэвч эдгээр мега төслийн цахилгаан хангамж бие биеэсээ хараат байх бололцоогүй хэмээн судалгааны хэсэг дүгнэсний эцэст “Оюутолгой” уурхайн эрчим хүчний эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхойгүй хэвээр үлдсэн.

Өвөрмонголоос цахилгаан эрчим хүчээ авахаар анх төлөвлөсөн боловч Хятадын хойд нутгууд цахилгааны хомсдолтой байдаг учраас “Оюутолгой” ХХК-д нааштай хариу өгөөгүй юм. Хэрэв Оюутолгой уурхайн эрчим хүчний хангамж шийдэгдэхгүй бол 2012 оны эцсээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө нь тасалдах магадлалтай аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж