
-Та бидний өмнө уулзахдаа нээлттэй үлдээсэн асуултаасаа ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Та өнгөрсөн есдүгээр сард өгсөн ярилцлагадаа төсвийн тодотголыг хэрхэн батлахаас эдийн засагт ямархуу нөлөө үзүүлэх вэ гэдэг нь харагдана гэж байсан. УИХ 2011 оны төсвийн тодотголыг баталсан, одоо ирэх жилийн төсвийг хэлэлцэж байна. Төсвийн тодотгол болоод одоо хэлэлцүүлж буй төсөв эдийн засагт ямархуу үр нөлөө үзүүлэхээр байна вэ, таны бодлоор?
– Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр улирлын турш дэлхийн анхаарлыг татахуйц гайхалттай хурдацтайгаар өсч байгаа. Гэхдээ энэ гайхалтай өсөлт үнэхээр бодит өсөлт үү, урт хугацаанд тогтвортой байж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд 17,3 байсан бол гуравдугаар улиралд 20,8 хувь болж өссөн. Аж үйлдвэр, боловсруулах гэх мэт бүх чиглэлд өсөлт гарсан, ажилгүйдлийн төвшин буурсан нь сайшаалтай. Тэгэхэдээ үүнийг дэлхийн эдийн засгийн байдалтай уялдуулан харах хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн байдал өнөөдөр хүнд байна. Өмнө та бидний есдүгээр сард уулзаж байснаас хойш байдал бүр улам хүндэрсэн. Еврозонд жинхэнэ утгаар хямрал нүүрлэж, эдийн засаг нь хумигдахаар байна. Энэ нь ч АНУ-ын эдийн засагт нөлөөлөхөөр байна.
-2008 оны санхүүгийн хямралаас ч илүү хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн анхааруулга бас сонсогдоод байгаа?
-2008 оны хямралаар илэрч, бий болсон асуудлууд өнөөдөр ч шийдэгдээгүй байхад дээрээс нь өөр бас хүнд асуудлууд гарч ирж байна. Тухайн үед Еврозоны улс орнуудын Засгийн газрын бонд хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэж тооцогдож байсан бол өнөөдөр тийм биш болоод байна. Тухайн үед моргейжийн зах зээлд хүндрэл гарснаас хүмүүс Засгийн газрын бондыг илүү найдвартай гэж үзэн хөрөнгө оруулалтаа шилжүүлж байсан. Гэтэл өнөөдөр Европын холбооны улсуудын бонд тухайлбал Грекийн бонд гэхэд асар эрсдэлтэй байдалд орсон. Мөн эдийн засагт асар их хөшүүрэг болж байсан АНУ, Европын Засгийн газраас хэрэгжүүлж байсан хөрөнгө оруулалтыг том хөтөлбөрүүд хэрэгжихгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Хямралын үед дэлхийн улсууд хувийн хэвшлээ дэмжихийн тулд Засгийн газраас маш их хэмжээний хөрөнгө оруулалт гаргаж, нийлүүлж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр АНУ дахь улс төрийн саад бэрхшээлээс болоод хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Европт бол ийм хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө нь ч алга. Тиймээс хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх ганц найдвар өнөөдөр Хятад л болж байна.
Нөгөө талаар Хятад бол экспортод тулгуурласан эдийн засагтай. Эдгээр улсуудын эдийн засгаас шууд хамааралтай байдаг учраас Европ, АНУ-ын эдийн засгийн байдал эргээд Хятадад ч нөлөөлж болох юм. Өмнө нь ч ингэж байсан. Өнөөдөр ч тэр нөлөөлөл мэдрэгдэж эхлээд байна. Хятадын экспорт, эдийн засгийн өсөлт саарсан, үүнийг дагаад дэлхий даяар эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ буурч байна. Нэлээд олон хүмүүс нөхцөл байдал үүнээс ч дор байж болох л байсан шүү дээ гэж хэлдэг.
-Энэ хямрал Монголд яаж нөлөөлөх бол?
-Өмнөх хямралын үеийн шиг Монголын төгрөгийн ханшийн савлагаа үүсэхгүй болов уу. Төв банк мөнгөний ханшны хувьд илүү уян хатан бодлого хэрэгжүүлдэг болсон. Өмнө нь уян хатан бодлого байгаагүй учраас савлагаа үүсгэхгүйн тулд хүчээр валютын нөөцөөс зах зээл рүү гаргах гэх мэт оролдлогууд хийж байсан. Энэ нь эргээд мөнгөний бодлогод нөлөөлж, мөнгөний нийлүүлэлт замбараагүй болж инфляцид нөлөө үзүүлж байсан. Төсөв ч хэтэрхий эмзэг мэдрэмтгий. Зэсийн үнэ багахан хэмжээгээр буурахад төсвийн орлого огцом буурах гэх мэтээр маш эмзэг тусгалтай болчихсон байсан шүү дээ. Харин өнөөдөр бол зах зээлийн жам ёсоор ханшны бодлогыг зохих хэмжээнд барьж явуулж чадаж байна. Тийм учраас 2008 оных шиг ханшийн савлагаа үүсэхгүй болов уу. Монголбанкны мөнгөний бодлогод эерэг зүйлс харагдаж байна. Тухайлбал, төв банк бодлогын хүүгээ гурван удаа нэмсэн, банкны заавал байх нөөцийг хэмжээг хоёр удаа нэмэгдүүлсэн гэх мэт. 2008 оны хямралын үед инфляци 34 хувьд хүрч байсан. Өнөөдөр төвбанкны бодлогод ахиц гарсан учраас инфляци өмнө таамаглаж байсан шиг өндөр бус 12,6 хувьтай байна. Нэг талаасаа мөнгөний бодлогод ахиц гарсан ч төсвийн бодлогын хувьд ахиц гарсан гэж хэлж би чадахгүй нь. Бүр дордоогүй л бол шүү дээ.
-Мөнгөний бодлоготой харьцуулахад төсвийн бодлого харин тээг саад болж байна гэж үү? Ер нь ч төсөв хэтэрхий үрэлгэн, хайхрамжгүй байна гэсэн шүүмжлэл байнга сонсогдож л байгаа л даа?
– 2011 оны төсвийн зардал 2010 оны төсвийн гүйцэтгэлтгэй харьцуулахад 32 хувиар их байсан бол тодотголоор дахиад 20 хувь нэмэгсэн. Төсвийн зардал 2008 онд 20 орчим хувиар л нэмэгдэж байсан. Тухайн үед Хүүхдийн мөнгө, Шинэ гэр бүлийн мөнгө гэх мэтээр нийгмийн чиглэлд мөнгө гаргаж байсан. Өнөөдөр ч мөн адил. Төсөв асар их орлоготой байгаа мэт харагдаж байгаа боловч зарлага маш их байгаа учраас эрсдэл байсаар байна. Нэгэн зорилгын төлөө байх ёстой Засгийн газар, төв банк хоёр өөр бодлого барьж байна. Зүйрлэвэл төв банк мориныхоо жолоог татах гэж чармайж байхад Засгийн газар улам хурдлуулах гээд ташуурдаад байгаатай л адил юм даа. Нэг үгээр хэлбэл төсвийн бодлого болон мөнгөний бодлого хоорондоо зохицохгүй байна л даа.
-Төв банкныхан болоод улстөрчид ч үүнийг мэдэж байгаа, энэ талаар ярьдаг. Гэхдээ зохицуулахыг хүсэхгүй, эсвэл чадахгүй л байх шиг…?
-Таны хэлснээр хүмүүс ийм зөрүү байгааг мэдэхийн хувьд мэдэж л байгаа. Харамсалтай нь, ирэх жил болох сонгуулийн нөлөөлөл тусч эхлээд байна. Өнөөдөр үүсээд байгаа энэ бүх нөхцөл байдлын цаад шалтгаан нь ирэх жил болох сонгууль гэж бодож байна. Монголчууд 2012 оны төсвийг асар их өөдрөг төсөөлөл дээр суурилж хийсэн. Энэ хэмжээгээр ч асар их эрсдэл агуулж байгаа. Мөрийтэй тоглоомчин хүн азаа үзэж, ихээхэн бооцоо тавихтай л ижил.
-Яг одоо танд ямар дүр зураг харагдаж байна?
– Шинжээч бол шинжээч, далдыг харагч биш. Энэ төсөв ямар үр дүн дагуулахыг яг одоо хэлэхэд хэцүү. Цаг хугацаа харуулах биз ээ. Гэхдээ хандлага эрсдэлтэй, нөхцөл хүнд байна гэдгийг байнга санах хэрэгтэй. 2012 оны төсвийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүн, орлого, зарлага зэргийг маш их өөдрөг төсөөллөөр тооцож гаргасан. Жишээлбэл, асар хурдацтай өснө гэж тоолцоолсон дотоодын нийт бүтээгдэхүүнийг өөдрөг төсөөлөл бодит байдал дээр хэрэгжиж чадах уу, гадаадын хөрөнгө оруулалт өнөөдрийнх шиг их хэмжээгээр урсан орж ирсэн хэвээр байх уу гэдгийг бас анхаарах л ёстой зүйл. Уул уурхай салбар асар хурдацтай өсөх нь дамжиггүй. Гэхдээ Монголын нүүрс дамжин өнгөрүүлэх боомтын хүчин чадал муу гэх мэт хүндрэлтэй асуудлууд байгаа гэдэг нь хэнд ч нууц биш. Нүүрсний тээвэрлэлт гэхэд хүчин чадлаа эцсийн цэгтээ хүртэл шавхчихсан байдалтай л байгаа. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх боломж байна уу? Төсвийн бүх орлого өснө гэсэн үндэслэл нь юу юм бэ? Улстөрчид бэлэн мөнгөний амлалтаа биелүүлнэ гэж байгаа. Гэтэл дээр нь хөрөнгө оруулалтын зардлыг хэд дахин өсгөх боломж хэр байна вэ? Том хэмжээний төсөв бол маш их цаг хугацаа, тооцоо, төлөвлөлт шаардсан ажил байдаг. Гэтэл нэг жилийн хугацаанд төсвийн зарцуулалтыг тоог нь ихээхэн нэмэгдүүлнэ гэж байгаа нь хэр бодитой вэ гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Энэ бол зөвхөн одоо бууж байгаа төсөөлөл. Юу болохыг урьдчилан хэлэхэд хэцүү л дээ.
-Монголчууд бид хэтэрхий өөдрөг зоригтой байна гэж үү. Бидэнд мөнгө олдоно, үрнэ, зарна гээд л. Монголд мөнгөтэйтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хэнд хамаатай юм бэ гэсэн үг ч байдаг. Харин шинжээчид та нар л бидний өмнөөс хэтэрхий “айгаад” байх шиг?
-Зөвхөн Дэлхийн банкныхан бус Улаанбаатарт байгаа бүх гадаадын шинжээч, эдийн засагчид эрсдэлтэй нөхцөл үүсээд байна гэдэгтэй санал нийлэх байх. Эдийн засгийн хөдөлшгүй зарчим байдаг. Сайн цагт хэмнэ, хадгал, хумжааргатай бай. Сайхан цаг долоон жил үргэлжиллээ гэхэд дахиад муу үе долоон жил ирж магадгүй учраас үүнийг давах бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдэг. Хэрээс хэтэрсэн зардал бүү гарга гэж. Аль ч улс орон энэ зарчмыг л баримтлах ёстой. Грек ч гэсэн энэ зарчмаа баримталсан бол өнөөдөр ийм байдалд орохгүй л байсан шүү дээ. Хоёрхон жилийн өмнө бид бүгдээрээ эдийн засгийн хямралыг амсаад гарсан. Гэтэл саяхны энэ гашуун туршлагыг яагаад мартаад байна вэ гэж гайхаж л байна л даа.
-Нээрээ тийм. Саяхан л манай улстөрчид санхүүгийн хямралаас ээдээ мөн сургамж авлаа. Гэхдээ сургамж авна гэдэг бол муу зүйлийн сайн тал нь гээд л шагширцгаагаад байсан. Өнөөдөр эргээд л мартчихсан юм байх даа?
-Дэлхийн эдийн засгийн байдал ийм таагүй байхад хянамгай бодлого баримтлахын оронд зарцуулалтын бодлого өөрөөр хэлбэл цацах бодлого бариад байгааг гайхаж байна. 2011 онд төсвийн алдагдлыг ДНБ-гийн 9,9 хувь байхаар тооцож гаргаж байсан нь ч тухайн үедээ эрсдэлтэй л асуудал байсан.Орлого сайжирч, төсвийн алдагдлыг бууруулах сайхан боломж гарч ирээд байтал харин ч эсрэгээр зардлаа нэмсэн. Бодит байдал дээр монголчууд хуримтлал бий болгох бус харин зардлаа нэмэгдүүлж, чадамжаасаа илүү хэмжээнд зардал гаргахаар тооцоолоод байна. Уг нь бол энэ тохиолдолд яах вэ гэсэн гарц бэлэн байж байгаа шүү дээ. Энэ нь төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Харамсалтай нь, уг хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг бас л хойшлуулчихсан. Уг нь яг ийм зөв зүйтэй арга хэмжээ, сахилга батыг орлого сайтай байгаа энэ сайн цагт л хэрэгжүүлээд эхлэх нь үр дүнтэй байдаг.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2013 оноос хэрэгжүүлэхээр заасан. Та болохоор үнэхээр л ийм сайхан хуулийг хэрэгжүүлэх хүсэлтэй л байгаа юм бол яагаад заавал 2013 оныг хүлээх ёстой гэж хэмээн гайхаад байсан. Тухайн үед бол хууль хэрэгжүүлэх хугацааг наашлуулах болов уу гэсэн итгэл төрөхөөр байсан болов уу? Өнөөдөр бол үгүй. Улстөрчид баахан мөнгө цацаад 2013 оныг хүртэл тэсчихвэл Төсвийн тогтвортой байдлын хуулийг хэрэгжүүлж эхлээд бүх зүйл сайхан болох болтугай л гэж харанхуйгаар найдахаас өөр аргагүй нь, хэрвээ түүнээс өмнө эдийн засгийн хямралд сөхөрчихгүй л бол шүү дээ?
-Яг ийм л найдлага дээр бууж ирж байх шиг байна даа. Бүгд уг нь нөхцөл байдлыг харж мэдэж байгаа, нүд нь нээлттэй л байгаа шүү дээ. Гэхдээ хууль хэрэгжиж эхлэнгүүт л өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 9,9 хувьтай тэнцэх төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын хуульд зааснаар хоёр хувьд шууд хүргэнэ гэдэг бол маш хэцүү асуудал. Уг нь одооноос эдийн засагт үүсээд байгаа ангалыг багасгаж л байх ёстой. Нэгэнт маш өргөн бөгөөд гүнзгий ангал үүсчихсэн байхад түүнийг даван туулна гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс 2013 оныг хүлээлээ гэхэд энэ хууль өөрөө амьдралд хэрэгжиж чадах эсэх нь эргэлзээтэй болж байна. Уг нь энэ ангалыг багасгахад энэ жил бол 9,9 хувийн алдагдлыг багасгах хамгийн боломжтой үе байсан шүү дээ. Гэвч харамсалтай нь, үүнийг багасгах бус харин ихэсгэх л алхам хийгээд байх шиг. Монголчууд нэгэнт хүлээн зөвшөөрсөн зарчмаасаа ухарч байгаагаас гадна хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг бас үгүй хийж байна.
-Чингис хааны Мөнх хөх тэнгэртээ найдаж байгаа юм болов уу даа, монголчууд?
-Тэгж л зүйрлэхээс дээ.
-Инфляцийн тухай бид байнга л ярьдаг. Статистикийн тоо баримт болоод бодит амьдрал дээр бараа бүтээгдэхүүний үнэ яаж өсч байгаа билээ гэдгийг харахаар төрийн байгууллагууд улстөрчид инфляцийн бодит байдлыг нуугаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрөх юм?
-Төсвийн зардлыг ярихдаа инфляцийн хүчин зүйлийг авч үзэх ёстой. Инфляци төсвийн зарлагын бодлогод нөлөөлж болзошгүй. Инфляци өссөнөөр мөнгөний үнэ цэн ихээхэн буурч байна. Иймээс ч хүмүүс сүүлийн үед инфляцийн тухай байнга асууж байна. Тийм болохоор хүн болгоны санаа зовж байгаа асуудал инфляци болоод байна гэж хэлж болох.
-Хүмүүсийг тайван байлгах үүднээс гэдэг юм уу статистикчид инфляцийн хүлээлтийг дандаа дарж хэлдэг. Яг “таны” харж байгаагаар ирэх жил инфляци ямархуу төвшинд байх бол?
-Хүнс болон түлшний үнийг оролцуулаагүй суурь инфляци байнга өсөх хандлагатай байгаа. Харин хүнсний үнийг оролцуулсан ерөнхий инфляци буюу хэрэглээний үнийн индекс Засгийн газраас нөөцийн махны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэг хэсэг нилээд буурсан, эерэг үзүүлэлт мэт харагдаж байгаа. Гэтэл гол анхаарах ёстой зүйл маань суурь инфляци. Монгол Хятадаас өргөн хэрэглээний бараагаа авдаг, хэт их хамааралтай байдгийн хувьд Хятадын инфляцитай ерөнхийдөө уялдаатай явдаг, гурав орчим сараар хоцордог боловч. Харин дээр хэлсэн нөөцийн махны хөтөлбөрийн ачаар инфляци Хятадтай харьцуулахад огцом бууралттай, зөрөөтэй харагдаж байгаа. Нөөцийн махны хөтөлбөр нь өнгөрсөн зургадугаар сарын байдлаар инфляци буурахад нөлөө үзүүлж байсан боловч мэдээж тодорхой хугацаатай болохоор огцом бууралттай байгаа инфляци удахгүй Хятадынхтай ойролцоо төвшинд гарч ирсэн. Хүнсний бараагаа дагаад ерөнхий инфляцийн төвшин өсөх магадлалтай. Суурь инфляцийн ерөнхий хандлага байнга өсч ирсэн. Хэрвээ дээр өгүүлснээр Монголбанк мөнгөний бодлогоо чангатгаагүй байсан бол байдал бүр ч дор байж болох байсан.
-Тэгээд одоо бид яах ёстой вэ?
-Эрсдэл байна, ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг бүгд л ойлгож байна. Тийм учраас УИХ, шийдвэр гаргагчид төсвийн тал дээрээ зөв бодлого барьж ажиллах болов уу л гэж найдах үлдэж байна. Гарах гарц нь уг нь бэлэн байгаа гэж дээр хэлсэн шүү дээ. Өмнө нь бид ярилцахдаа инфляци бага орлоготой хүмүүст хүндээр нөлөөлдөг гэсэн нөхцлийг илүү авч үзэж ярилцаж байсан. Гэтэл өнөөдөр инфляци дунд орлоготой хүмүүсийг буланд шахах байдал бий болгож байна. Дунд орлоготой иргэдийг ийн инфляци дарамталж эхэлж байна аа гэхээр үнэхээр бодит нөлөөлөл илүү өндөр болсон, улстөрчдөд ч итгэх итгэлийг алдуулж эхэлсэн байдал үүсчээ гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон гэсэн үг.
"Ардын эрх" сонин
