Тагнуулынхан сэжигтнээ хил давуулан алджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Тагнуулынхан сэжигтнээ хил давуулан алджээ

Өмнө нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад халагдсан О.Пүрэвсүрэн  гэгч үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт үйлдсэн хэргээр шалгагдаж байгаад мөрдөн байцаалтаас оргожээ. Түүнийг хил давж зугтаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тэр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст шалгагдаж байсан аж. О.Пүрэвсүрэн нь 2007-2009 оны хооронд удаа дараа залилан, хулгай хийж, бусдыг мэхэлсэн үйлдлээрээ багагүй хэмжээний хохирол учруулж байжээ. Дээрх хэргүүдэд нь түүнийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүү үүсгэн шалгаж байжээ. Шалгалтын явцад энэ хэрэг ТЕГ-ын харъяалалд шилжсэн байна. Тухайн үед ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс энэ хэргийг өөрсдийн мөрдөгчдөд даалгаагүй байсан аж. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан ч хэргийг нь шилжүүлээгүй байж. Үүнийг батлан даалтад шалгагдаж байсан О.Пүрэвсүрэн овжноор ашиглан хил давж зугтсан байна.

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагийн хэлснээр, энэ явдлын улмаас тус албаны мөрдөн байцаагчид сахилгын арга хэмжээ авчээ. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийнхэн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан 31 настай О.Пүрэвсүрэн гэх эмэгтэйг шалгаж байгаа боловч түүнийг олсон эсэх нь тодорхойгүй байна. О.Пүрэвсүрэнг зугтах үед Хил хамгаалах байгууллагад түүний талаарх мэдээллийг хүргүүлээгүй байсан учраас сэжигтэн хил давж оргосон байж болзошгүй. Учир нь О.Пүрэвсүрэн нь өмнө нь О.Саруул гэх хуурамч нэрээр хэд хэдэн удаа улсын хил нэвтэрсэн аж.

Эх сурвалжийн мэдээлснээр О.Саруул гэх иргэний хуурамч үнэмлэх, гадаад паспортыг хуучнаар ИБМУТ-ийн танилуудаараа гаргуулсан байна. Тиймээс энэ хэрэгт ИБМУТ-ийн ажилтнууд ч татагдаад буй аж. Хууль, хяналтын байгууллагын гэмт хэргийн бүлэглэл гэж хэлж болохуйц асуудал одоогоор үүсчээ. Тиймээс энэ хэргийг тагнуулынхан нарийн мөрдөж буй аж. Харин Хил хамгаалах ерөнхий газраас О.Саруул гэгч нэрээр хил давсан тохиолдол бий эсэхийг мэдээлээгүй байна. Энэ хэрэг цаашид нэлээд өргөн хүрээг хамарч магадгүй юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэний бүртгэл мэдээллийнхэн өөр олон хүнд энэ мэтээр хуурамч бичиг баримт хийж өгсөн байж болзошгүй гэлээ. Өмнө нь хэд хэдэн удаа гаалийн ажилтнууд өөрийн зураг бүхий хуурамч бичиг баримттай этгээдүүдийг саатуулж байжээ.

О.Пүрэвсүрэнгийн талаар ТЕГ-аас ямар нэгэн мэдээлэл авсангүй. “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэдгээс өөр зүйл тодорхойгүй байна. Хуурамч бичиг баримт ашигласан гэдэг үндэслэлээр тус байгууллага энэ хэргийг шалгаж байж болох ч өөр ноцтой асуудал бий бололтой. Тиймээс хэргийн талаар мэдээллийг нууцалж байна. Харин нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих албаны дарга Т.Жадамба өөрийн шугамаар үүнийг үгүйсгэлээ. Түүний хэлснээр өөр ноцтой гэмээр асуудал байхгүй гэнэ.

О.Пүрэвсүрэн гэгч нь Монголд бий эсэх нь эргэлзээтэй байна. Тэрээр мөрдөн байцаагчтайгаа бусдын утсыг ашиглан ярьж байжээ. Энэ нь түүнийг эрэн сурвалжлах үед тодорхой болсон байна. Энэ мэтээр мөрдөгчид төдийгүй тагнуулынхнаас зугтаад буй түүнийг хэзээний хил давсан гэдгийг албан бус эх сурвалж хэллээ.

Энэ мэтээр цагдаа, иргэний бүртгэлийнхнийн хэд хэдэн хүнийг хөлдөө чирэх нэлээд өргөн хүрээтэй хэргийн араас тагнуулынхан орсон ч хэрэгтнийг бариагүй байна. Тэр ч байтугай түүний хаана оршин суудаг, одоо хаана байгаа эсэхийг ч мэдээгүй байна.

Л.ХАЛИУ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж