
Оюутолгойг эрчим хүчний дотоод эх үүсвэрээр хангах асуудлыг наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед Тавантолгойн эрх ашиг мөн давхар хөндөгдсөн юм байна. Юу гэхээр шинэ цахилгаан станцыг Тавантолгойн орд дээр барьж болох уу гэдэг байдлаар асуудал эргэжээ. Өнгөрсөн хугацаанд цахилгаан станцын асуудлаар Оюутолгой болон Тавантолгойг харьцуулан судалсан юм байна. Шийдвэр гаргахад хугацаа шаардагдаад буйн бас нэг шалтгаан нь энэ байжээ.
Ингээд Тавантолгой эрчим хүчний эх булаг нүүрстэй боловч нэгд олборлолт эхлээгүй, хоёрт, усны эх үүсвэр байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр Оюутолгойг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Оюутолгойн орд дээр барихаас өөр аргагүй гэсэн дүр зураг гарч ирсэн хэрэг. Энэ нөхцөл байдлыг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцсэн ч эцсийн шийдвэр хэрхэн гарч байгааг одоо болтол олон нийтэд мэдээлээгүй байна.
“Оюутолгой” төсөлд 6-6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаас үүний 34 хувийг Монголын Засгийн газар гаргах учиртай. Мэдээж Засгийн газарт энэ хэмжээний хөрөнгө байхгүй учраас хөрөнгө оруулалтаа зээлийн хэлбэрт шилжүүлсэн нь тухайн үед буюу 2009 онд маргаан дэгдээж байсан юм. Өр тавьж байж хувь эзэмших нь буруу гэсэн шүүмжлэл одоо ч үргэлжилдэг. Гэтэл одоо цахилгаан станц барихтай холбоотойгоор нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж буй бол Засгийн газар хамтран эзэмшигчийнхээ хувьд өөрт оногдох хөрөнгө оруулалтыг гаргах л болж таарна. Харин бэлнээр үү, бэлэн бусаар уу гэдэг асуулт мөн үүснэ.
Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч, хамтран эзэмшигч компанийн зүгээс “цахилгаан станц барих хөрөнгийг энэ удаад өөрсдөө босгоход асуудалгүй гэж тооцоолж байгаа”-гаа захирлуудын нэг нь хэллээ. Гэвч “төслийн үйл ажиллагаанд шаардлагатай эрчим хүчийг цахилгаан станц барих замаар шийдвэрлэхэд хүрвэл худалдааны эхний бүтээгдэхүүнийг гаргах хугацаа хойшилно шүү” гэдгийг “Айвенхоу Майнз” компани санхүүгийн тайландаа дурдсан нь санаандгүй зүйл биш байх. Энэ нь ямар агуулгатай мэдээлэл болохыг тодруулахад “юутай ч ийм зүйл үүсэхгүй” гэх тайлбарыг компанийн удирдлагууд өгч байна.
Оюутолгойн орд дээр өнөөдөр уурхайн барилгын ажил өрнөж буй бөгөөд эрчим хүчээ дизель эх үүсвэрээр хангаж байна. Олборлолтоо эхлүүлж, дараа нь станцаа барих хүртэлх дөрвөн жилд эрчим хүчээ Хятадаас авахад чухам ямар хүндрэл гарсан болоод энэ асуудал хугацаанаасаа өмнө босч ирсэн бэ?
Эрчим хүч нийлүүлэх асуудал ердөө дөрвөн жилийн хугацаагаар яригдаж буй бол Хятадын талд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хий гэсэн болзлыг нийлүүлэгч талаас төслийнхөнд тавих болжээ. Өөрөөр хэлбэл, хилийн цаана Хятадын нутаг дэвсгэрт зэс хайлуулах үйлдвэр барих болзлыг хөрөнгө оруулагчдад тавьсан байна. Монголд 6-7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж буй төслийг түр хугацаагаар эрчим хүчээр хангах нь тэдэнд чамлалттай тул Хятадад ч хөрөнгө оруулалт хий гэсэн хүсэлтийг илэрхийлсэн хэрэг. Үүнээс үүдээд Монголын Засгийн газар БНХАУ-ын талд хэд хэдэн удаа асуудал тавьсан юм байна.
Өнгөрөгч тавдугаар сард Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, зургадугаар сард Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д айлчлах үеэрээ, мөн наймдугаар сард Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр Шадар сайд М.Энхболд нар тус тус байр сууриа илэрхийлэн асуудлыг тавьж байжээ.
“Оюутолгой” төслөөс эцэст нь Засгийн газарт хүсэлт гаргаж, Хятадаас эрчим хүч авч буй байдал нь хоёр талын харилцааны асуудалд зарим нэг хүндрэл авчирч болзошгүй тул цахилгаан станц барих ажлыг яаравчилья гэжээ. Хятадаас монголчуудын импортолдог бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлөх, хил гааль хаах байдлаар хүндрэл дагуулж болзошгүй гэдэг болгоомжлолоор асуудалд хандсан гэсэн үг.
Оюутолгойн ордын эрчим хүчний асуудал энэ удаад л сөхөгдөж буй сэдэв бас биш. Тэртээ 2003 онд Оюутолгойн ордын хөрөнгө оруулагчидтай Тогтвортой байдлын гэрээ байгуулах асуудал Засгийн газрын төвшинд яригдаж байх үед уг гэрээний хувь заяаг эрчим хүчний эх үүсвэрийн асуудал л гацааж байсан юм. Хөрөнгө оруулагчид 100 км-ийн цаана байх урд хөршөөс эрчим хүч импортолно гэж үзсэн бол Монголын тал 600 км-т оршиж буй Улаанбаатараас эрчим хүчээ тат гэсэн шаардлага тавьж байв. Энэ асуудлаар Засгийн газартай тохиролцож чадаагүй учраас Тогтвортой байдлын гэрээ байгуулагдаагүй аж.
Удалгүй 2004 оны УИХ-ын сонгууль болж, асуудал улам бүр ужигран сунжирсныг бүгд санаж буй байх. Эцэст нь 2009 онд өнөөгийн хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, ордын эрчим хүчийг Хятадаас татаж авахаар үүнд тусгасан юм. Мөн ордын олборлолт эхэлсний дараа цахилгаан станц барихаар гэрээнд тохиролцсон. Харин одоо шийдвэрийг эргүүлж, эхлээд станцаа барих зөвшөөрөлд Засгийн газар гарын үсэг зурах хэрэгтэй болжээ. Эсвэл эрчим хүч импортолсныхоо хариуд Хятадад хөрөнгө оруулалт хийх ёстой болж таарав, гэхдээ станц барих нэг тэрбумаасаа ч илүү өртөгтэй хөрөнгө оруулалт. Юутай ч Засгийн газар эхний хувилбарыг сонгож, станц барих асуудлыг барьж авсан байна. Хэрэв зөвшөөрөл хүчин төгөлдөр болчихвол жил хагасын хугацаанд барьж дуусгах боломжтой гэж хөрөнгө оруулагчид ярьж байна.
"Ардын эрх" сонин
