Украйнчууд өндгөнд будагдаж хууль баталжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Украйнчууд өндгөнд будагдаж хууль баталжээ

Оросын Засгийн газрын тэргүүний айлчлалын үеэр тохирсон Оросын Хар тэнгисийн флотыг Украйны нутагт байршуулах тухай гэрээний хувьд асуудал шийдэгдлээ. Гэхдээ энэ гэрээг хуульчлах асуудал хоёр орны парламентаар батлагдахдаа өндгөн галын доор ширүүхэн тэмцлийн дунд батлагдсан байна.

Мэдээж өндгөөр байлдсан асуудал Украйны парламент болох  Дээд Радад болсон байна. Украйны парламентын 450 гишүүний 236 нь энэ асуудлыг дэмжсэн санал өгснөөр өндгөн сумны бай болжээ. Дээр нь хуралдааны танхимд тавьсан утаанд ч хордож байж асуудлыг нэг талдаа болгожээ. Ямар ч байсан энэ гэрээ баталгаажсанаар Оросын Хар тэнгисийн флот Украйны Севастопльд 2017 оноос хойш дахин 25 жилийн хугацаатай байрлах юм байна. Тэгээд ч зогсохгүй дахин 5 жилээр сунгах бололцоог олгох гэнэ.

Киевт Дээд Радагийн байрны ойролцоо энэхүү гэрээг баталсныг эсэргүүцэгч талынхан Украйны тусгай хүчнийхэнтэй зодолдож эхэлжээ. Беркут нэртэй тусгай хүчний дайчид үймээнийг намжаахыг оролдож байгаа юм байна.

Харин Оросын Төрийн Думын хувьд 450 гишүүний 410 нь дэмжсэнээр асуудал шийдэгджээ. Зөвхөн В.Жириновскийн намынхан гэрээг батлахыг эсэргүүцэж санал хураалтад оролцоогүй гэнэ. Тэрээр хэлэхдээ Украйны тал үүргээ биелүүлнэ гэсэн баталгаа байхгүй гэж байгаа юм байна.

Украйны сөрөг хүчнийг төлөөлж байгаа Ю.Тимошенкогийн удирдсан улстөрийн
хүчин дээрх гэрээг хүчтэй эсэргүүцэхээр зэхээд байгаа ажээ. Өнгөрөгч бямба гарагт
тэрээр Киев хотноо Оросын Хар тэнгисийн флот Украйнд байрлахыг
эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглааныг зохион байгуулж өөрөө
оролцсон юм.

Харин энэ талаар В.Путин хэлэхдээ “  Оросын флот байрлах асуудлаар би хатагтай Тимошенкотой ярилцаж байхад хэн ч надад татгалзсан хариу хэлж байгаагүй. Зөвхөн асуудлын үнэ цэнийн тухаай л яриа байсан” гээд одоо ийнхүү эсрэг байр суурьтай байгаад нь гайхаж байгаагаа нуусангүй. Ямар ч байсан одоогоор маргаан дэгдээгээд байгаа зөвшилцлийн төлөөсөнд ОХУ Украйнд нийлүүлж байгаа байгалийн хийн үнийг буулгаад байгаа билээ. Гэхдээ бусад орон энэ хямдралыг эдлэх учиргүй гэдгийг В.Путин өмнө нь хатуу анхааруулж байсан билээ.

М.Наст

Эх сурвалж BBC

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж