“Сонгодог үдэш” хандивын тоглолтод урья

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

“Сонгодог үдэш” хандивын тоглолтод урья

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Банди гэж алдартай дуурийн дуучин байсан. Харин үүний гэргий Маргарита Николаевна Григорьева хэмээх төгөлдөр хуурч, багш хүн байсан юм. Энэ хоёр эрхэм 2008 онд бурхан болсон бөгөөд тэдний ганц хүү шавь нарынх нь хамт залуу төгөлдөр хуурчдыг дэмжих “Маргарита Николаевна Григорьева” санг байгуулжээ. Тус сан нь мэргэжлийн залуу төгөлдөр хуурчдын дунд олон улсын чанартай уралдаан фестиваль зохион байгуулах, мастер класс зохион байгуулах, хөдөө орон нутагт төгөлдөр хуур сонгон суралцагч хүүхэд багачуудыг дэмжих, нот болон  сурах бичгээр хангах,  мастер класс зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Мөн Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан зохиол бүтээлийг тоглуулах, сурталчлан таниулах, гадаадын хөгжмийн зохиолчид болон залуу төгөлдөр хуурчдыг урьж уулзалт workshop зохион байгуулах, зохиол бүтээлээ солилцох зэрэгт тус сангийн үйл ажиллагаа оршдог аж.

“Маргарита Николаевна Григорьева” сан нь анх 2009 онд өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулж байсан. Харин ирэх 2012 оны дөрөвдүгээр сард Маргарита Николаевна Григорьевагийн нэрэмжит бяцхан төгөлдөр хуурчдын наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Иймд тус сангаас энэ сарын 24-нд Улсын Филармонийн концертын танхимд 19.00 цагт “Сонгодог үдэш” хандивын тоглолтыг хийх юм. Энэхүү тоглолтын тасалбар нь 20,000 төгрөг бөгөөд тоглолтын орлогыг бяцхан төгөлдөр хуурчдын наадамд болон залуу төгөлөдр хуурчдын дэмжих үйлсэд зориулах аж. “Сонгодог үдэш” хандивын тоглолтод Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, Б.Зоригт багштай Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн хамтлаг, УДБЭТ-ын концертмейстр, Гавьяат жүжигчин Б.Солонго, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, Гавьят жүжигчин Э.Амартүвшин, Концертмейстер багш Соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан, О.Лхагвасүрэн, Хөгжим бүжгийн коллежийн Морин хийлийн чуулга, оюутан Э.Намуун, Т.Отгонбулган, Ж.Болормаа, Ч.Есөнханд зэрэг уран бүтээлчид оролцох юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж