
“Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиглэлд бүс нутгийн залуучуудын дуу хоолой, санал, санаачлагуудыг тусгах, улмаар монгол залуу хүний 2020 онд хүрсэн байх хөгжлийн түвшинг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан тус чуулга уулзалтад АЗХ-ны Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн салбар байгууллагуудын төлөөлөл болсон 200 орчим залуучууд оролцсон бөгөөд урилгаар АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Нарийн бичгийн дарга Б.Мишээл, Дорнод аймгийн АЗХ-ны дарга П.Болдсайхан, Сүхбаатар аймгийн АЗХ-ны дэд дарга Б.Батбаатар болон Дорнод аймгийн Ардчилсан намын удирдлагууд оролцсон юм.
“Нутагтаа сайхан амьдаръя” уриан дор зохион байгуулагдсан тус чуулга уулзалтын үеэр залуучууд “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн “Амьдралын боловсролтой монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай монгол залуу хүн”, “Авлигагүй монгол залуу хүн” гэсэн таван зорилтын чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцын талаар болон монгол залуу хүний хөгжлийн талаар залуучуудаас ихээхэн бодитой санал, санаачлагууд гарч байсныг “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллах ажээ.
Мөн энэ үеэр зүүн бүсийн шилдэг илтгэгч шалгаруулах илтгэлийн уралдааныг “Амьдралын боловсролтой монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой монгол залуу хүн”, “Архигүй монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай монгол залуу хүн”, “Авлигагүй монгол залуу хүн” гэсэн сэдвүүдээр зохион байгуулсан байна.