Энэ асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос зарим зүйлийг тодруулсан юм.
-ОХУ дахь Элчин сайдын яамны ажилтан А.Батсайхан Польш улсын хилээр хар тамхи гаргах гэж байгаад саатуулагдсан гэсэн. Үүнд тодорхой тайлбар өгөөч?
-Манай яаманд ОХУ дахь Элчин сайдын яамны ажилтныг Польш улсад саатуулсан тухай мэдээлэл ирсэн. Гэхдээ хар тамхитай холбоотой юу үгүй юу гэдгийг тодорхой хэлэх боломжгүй байна. Энэ асуудлыг манай яамны Консулын газрынхан хариуцан ажиллаж байгаа. Тиймээс тус газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
-ОХУ дахь Элчин сайдын яаманд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Ц.Батсайхан болон Төрийн ёслолын албаны дарга асан А.Батсайхан нар ажиллаж байгаа. Төрийн ёслолын албаны дарга асан А.Батсайханыг саатуулсан бололтой?
-Тийм. Төрийн ёслолын албаны дарга асан А.Батсайханыг Польш улсад саатуулсан байгаа. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Ц.Батсайхантай андуурах хэрэггүй.
-А.Батсайхан 2003-2007 оны хооронд Польш улс дахь Элчин сайдын яаманд ажиллаж байсан гэдэг үнэн юм уу?
-А.Батсайхан Польш улс дахь Элчин сайдын яаманд өмнө нь түр хамаарагчаар ажиллаж байсан.
Гадаад харилцааны дэд сайд Б.Болор дээрх хариултыг өгсөн юм. А.Батсайхан нь одоо ОХУ дахь Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн даргын алба хашиж байгаа аж.
А.Батсайханы талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад доорх хариултыг өгсөн юм.
-ОХУ дахь Элчин сайдын яамны ажилтан А.Батсайханыг ямар үндэслэлээр Польш улсад саатуулсныг танай газар судалж байгаа гэсэн?
-ОХУ дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг ээлжийн амралтаараа Польш улсад амарч байхад нь тус улсын цагдаагийн газрынхан саатуулсан байна. ОХУ-д дипломатын эрх ямба эдлэн ажиллаж байгаа хүн өөр улсад дээрх эрх ямбаа эдлэх боломжгүй юм. Тиймээс түүнийг Польш улсад саатуулсан байж болзошгүй. Манай яамны зүгээс уг асуудлыг тодруулахаар албан тоот илгээсэн. Хариу нь удахгүй ирэх байх.
-Хар тамхи зөөвөрлөсөн байж болзошгүй гээд байгаа шүү дээ?
-А.Батсайханыг хар тамхи зөөвөрлөсөн хэргээр саатуулаагүй. Бидэнд ирүүлсэн эхний мэдээллээр А.Батсайхан Польш улсын хилээр нэвтрэхдээ хууль бус бараа, бүтээгдэхүүн биедээ авч яваагүй гэсэн албан ёсны мэдээллийг тус улсын хууль сахиулах албанаас ирүүлсэн. Гэхдээ ямар учраас саатуулсан эсэхийг мэдэхээр манай Консулын газрынхан Польш улстай холбоо тогтоон ажиллаж байна.
-А.Батсайхан ээлжийн амралттай байсан гэдэг нь үнэн юм уу. Үүнийг яаж батлах вэ?
-ОХУ дахь манай Элчин сайдын яамнаас А.Батсайханы ээлжийн амралтыг авахуулах тухай хүсэлтийг Төрийн захиргаа удирдлагын газарт явуулсны дагуу амралтыг нь өгсөн юм билээ.
-Манай дипломат ажилтнууд хууль бусаар хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдож байсан тохиолдол цөөнгүй бий. Энэ асуудлууд дээр ямар арга хэмжээ авсан бэ?
-Өмнө нь манай дипломат ажилтнууд хар тамхи зөөвөрлөсөн хэрэг гарч байсан. Тиймээс сүүлийн жилүүдэд дипломат ажилтнуудын хариуцлагыг нь чангатгаснаар хар тамхи зөөвөрлөдөг хууль бус ажиллагаанд манай дипломат ажилтнууд холбогдохоо больсон гэж болно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Төрийн ёслолын алба нь Монгол төрийг тэргүүлсэн үе, үеийн зүтгэлтнүүдийн хөтөч болж дипломат ёс горимыг сахиулж, орчин цагийн төрт ёсны уламжлал болох дэг, сургуулийг буй болгосон” хэмээн хэлж байсан удаатай. Гэтэл энэ их үүрэг, хариуцлага, хүндэтгэлийг хүлээсэн албаны даргаар ажиллаж байсан хүн төрийн нэр хүндийг харийн оронд сайнаар бус муугаар дуурсгаж байгаа нь харамсалтай. А.Батсайхан нь 1992-1998 он Төрийн ёслолын албанд ажиллаж байгаад Дипломатийн академид сурч, төгсөж ирээд Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад өнгөрсөн оноос Төрийн ёслолын албаны даргаар ажиллаж байсан юм. Төрийн ёслолын алба нь төр, засгийн удирдлага оролцож байгаа баяр ёслолын арга хэмжээ, гадаад, дотоодын төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулах үндсэн үүрэгтэй. А.Батсайхан саяхан л “Монгол Улсын Төрийн далбааг буруу зөрүү хийх, цахим хуудас дээр буруу байрлуулах зэрэг зөрчил их байгаагаас гадаадад Монгол Улсын Төрийн далбааг стандарт бусаар үйлдэж, байрлуулсан тохиолдол гарсан. Тиймээс Төрийн далбааны стандартыг баталж, улаан, цэнхэр өнгө, соёмбоны харьцаа зэргийг стандартаар тогтоож, олон улсын өнгөний нийгэмлэгээр далбаанд орох өнгийг кодлуулахаар болсон” хэмээн ярьж байсан хүн. Гэтэл өнөөдөр Польш улсад хар тамхи зөөвөрлөсөн байж болзошгүй хэргээр саатуулагдчихсан байдаг. Гадаад харилцааны яамнаас “хар тамхитай холбоотойгоор саатуулсан эсэх нь тодорхойгүй” гэж байгаа ч аливаа улсын хууль, журмыг зөрчөөгүй байхад ямар ч улсын иргэнийг саатуулах эрх аль ч орны орны хууль, хяналтынханд байхгүй. А.Батсайханыг Төрийн ёслолын албаны даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас итгэл хүлээлгэн томилж байсан. Мөн түүнийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой нэлээд сайн харилцаатай гэдэг юм билээ.
"Улс төрийн тойм" сонин
