“Эр хоёр загал”-ыг Монголоос олсон уу?

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

“Эр хоёр загал”-ыг Монголоос олсон уу?

Энэ сарын 16-19-ны хооронд Франц, Германы дөрөвдүгээр кино наадмыг манай улсад зохион байгуулах гэж байгаа талаар бид мэдээлсэн. Монгол-Францын төв, Герман, Францын Элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг наадмын нээлт өнөөдөр 18 цагаас болно. Энэ жилийн кино наадмын нээлтийг Монголын кино урлагийг дэмжих үүднээс монгол киногоор хийхээр болжээ. Наадмыг нээж “Ингэний нулимс” киногоороо Оскарт нэр дэвшээд амжсан чадварлаг найруулагч Д.Бямбасүрэнгийн шинэхэн уран бүтээл болох “Эзэн богдын хоёр загал кино”-г анх удаа гаргаж байгаа юм. Дашрамд сонирхуулахад уг киног Монголд үзүүлэх зохиогчийн эрхийг NTV телевиз эзэмшдэг юм байна. Монголчууддаа анх удаа үзүүлэх гэж байгаа уг киноны талаар өчигдөр найруулагч Д.Бямбасүрэн болон гол дүр болох Өвөр Монголын дуучин Ч.Урнаа нар сэтгүүлчдэд мэдээлэл хүргэсэн.

Кино наадамд оролцохоор эх орондоо ирээд байгаа “Ингэний нулимс”, “Шар нохойн там” зэрэг киноны найруулагч Д.Бямбасүрэнтэй цөөн хором ярилцлаа. 

-“Эзэн богдын хоёр загал кино хэзээнээс эхэлж дэлхий нийтээр гарсан бэ?

-Эзэн богдын хоёр загал” киноны маань зураг авалт 2008 оноос эхэлж, 2010 онд Европт нээлтээ хийсэн. Европт бараг гараад дууссан. Одоо зөвхөн Францад гарч байгаа. Өнөөдөр хамгийн сүүлд Монголд нээлтээ хийж байна. Хэдийгээр хамгийн сүүлд нээлтээ хийж байгаа ч бид бүхэн баяртай байгаа. Энд онцолж хэлэх зүйл юу вэ гэвэл Монголд өнөөдөр зохиогчийн эрхийг хамгаалах гэдэг зүйл бий болоод тэр нь бодит амьдрал дээр хэрэгжиж эхэлж байна. Киног маань гаргахаар NTV телевиз эрхийг нь авсан. Кинонд ”Эзэн богдын хоёр загал”-ын тухай эртний дууг Монголд сурахаар ирсэн Урнаа хэмээх өвөрмонгол бүсгүйн талаар болон түүний  уулзсан хүн бүр тэрхүү эртний дууг мэдэхгүй байгаагаар үйл явдал үргэлжилнэ.

-Киног бүтээх санааг хаанаас анх олсон бэ?

-Манай киноны гол дүр Урнаа монгол дууг дуулж, хайж судалж явдаг уран бүтээлч хүн. Тэрээр жил болгон Өвөрмонголын Ордос хотод дуу цуглуулах аяллаа хийдэг. Тэр энэ аяллаа Монголд хийхээр болсноос энэ киног хийх санаа анх төрсөн. Тэгээд Урнаа Монголд ирж “Эзэн богдын хоёр загал” хэмээх дууг хайж явж байгаагаар кинонд маань гарна. Тэрээр энэ дууг хайсаар олсон уу, үгүй юү гэдгийг киноноос ирж үзээрэй гэж хэлмээр байна.

-Та кино найруулагч мэргэжлийг Европт эзэмшсэн үү?

-Урлагт орох зам маань хүүхэд байхаас маань эхэлсэн. Хүүхдийн ордны драмын дугуйланд орсноор анх тайз, дэлгэц гэж юу байдгийг мэдэж эхэлсэн. Улаанбаатар хотод Кино урлагийн дээд сургууль төгссөн. Дараа нь харин Германы Мюнхен хотын кино урлагийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Түүнээс хойш Европод ажиллаж амьдарч байна.

Дашрамд дуулгахад энэхүү кино “Тэнгис” кино театрт ердөө дөрөвхөн удаа гарна. Кино наадмын хүрээнд Монголын кино зураглаачдад зориулж Германы Потсдам хотын Бабелсбергийн кино телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхан  гурав хоногийн мэргэжил дээшлүүлэх хичээлийг Монгол-Францын төвд заах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж