Португаль “Евро-2012”-ын сүүлийн эрхийг авлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Португаль “Евро-2012”-ын сүүлийн эрхийг авлаа

Польш болон Украйн улсад 2012 оны зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 1-нд болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнд өрсөлдөх шилдэг 16 багийн нэр тодорлоо. Хэсгийн шатанд “бүдэрсэн” тул плей-оффын шатнаас эрх авахаар “тэмцсэн” найман багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн ногоон талбайд өрнөсөн.

Энэ сарын 11-нд эхний тоглолтоо хийж, Босни ба Герцеговины талбайд хуурай тэнцсэн Португалийн шигшээ баг талбайдаа хийсэн хариу тоглолтод өрсөлдөгчөө 6:2 харьцаатай бут ниргэснээр “Евро-2012”-ыг зорих сүүлийн тасалбарын эзэд болсон юм. Тоглолт эхэлмэгц хурдан гоол оруулах тактиктай талбайд гарсан Португалийн багаас найм дахь минутад “Реал Мадрид”-ын од Криштиан Рональду гоолдож, тоглолтын салхийг хагалжээ. “Европын Бразил” гэгддэг Португалийн багаас 24 дахь минутад “МанЮ”-гийн Нани тооны харьцааг холдуулсан байна. Гэхдээ тоглолтын эхний хагас өндөрлөхийн өмнөхөн Португалийн хагас хамгаалагч Фабиу Куэнтраны алдаагаар Звездан Мисимович торгуулийн цохилт гүйцэтгэн, тооны харьцааг 2:1 болгожээ.

Тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд 53 дахь минутад Рональду дубль хийснээр олон улсын чанартай тоглолтод 32 гоол хийсэн Португалийн шилдэг тоглогчдын нэг Луиш Фигугийн амжилтыг давтсан юм. Улмаар Элдер Поштига 72, 82 дахь минутад дубль хийж, Мигел Вилозу 80 дахь минутад гоолдсоноор Португалийн шигшээ баг талбайдаа итгэл төгс ялалт байгуулжээ.

Мөн тэдний хамт Ирландын баг ирэх жил Польш, Украйныг зорих эрхтэй болсон. Харьцангуй сул Эстонийн багтай сугалаа таарсан тэд өнгөрсөн шөнө талбайдаа 1:1 харьцаатай тэнцсэн ч өмнөх тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь 4:0 харьцаатай хожсон байсан тул хоёр тоглолтын нийлбэрээр 5:1 харьцаатай ялалт байгуулж, “Евро-2012”-т оролцох эрхээ авчээ. Өмнө нь 1988 онд ердөө ганц удаа Европын аваргад оролцож байсан Ирландын багаас 32 дахь минутад Стифен Уорд гоолдсон бол тоглолтын хоёрдугаар хагаст Константин Васильев онооны харьцааг тэнцүүлсэн байна.

Бусад хоёр тоглолтын тухайд Чехийн шигшээ баг Монтенегро улсын багийг талбайд нь 1:0 харьцаатай ялснаар дараалан тав дахиа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой болжээ. Прагт болсон эхний тоглолтод 2:0 харьцаатай ялалт байгуулсан тэднээс Петр Ирачек 81 дахь минутад гоолдсон байна. Харин Хорватын баг талбайдаа хийсэн тоглолтод гоолгүй тэнцсэн ч өмнөх тоглолтдоо Туркийн багийг 3:0-ээр хожсон тул эрхээ авч чаджээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж