
Дуучин А.Мөнхбат бие даасан тав дахь “Манай адуу” тоглолтоо энэ сарын 24, 25-нд Монгол Бөхийн өргөөнд тоглох гэж байна. Нэрт дуучин С.Цэрэнчимэд агсантай тунч адилхан дуулдаг хэмээн олонд хүлээн зөвшөөрөгдсөн тэрбээр айраг, адуугаараа зартай Сүхбаатар аймгийн унаган хүүхэд учраас адуун сүргээсээ хурдан удмын хоёр үрээгээр тоглолтыг зорин ирж үзэх хоёр азтай үзэгчдэдээ бэлэг болгон өгөхөөр болжээ. Мөн А.Мөнхбат алтан үеийн нэрт дуучин С.Цэрэнчимэд, П.Адарсүрэн агсны дуунуудыг амилуулж, тэдний уран бүтээлийг зүрх сэтгэлээсээ хайрладаг үзэгч олон түмэндээ бэлэг барихаар төлөвлөөд байгаа гэнэ. Мөн “Манай адуу” тоглолтыг үзэх настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэх бөгөөд тоглолтын ерөнхий найруулагчаар “Шинэ үе”-ийн жүжигчин Н.Ариунболд ажиллаж байгаа аж. Тоглолтын тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалж байгаа юм.
А.Зул