Я.Батсуурь, Э.Бат-Үүл нар асуулга тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Я.Батсуурь, Э.Бат-Үүл нар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Э.Бат-Үүл нар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Асуулгад:
“Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараахь асуулгыг тавьж байна.

Авлига, хээл хахууль, төрийн байгууллагын хүнд суртал улам нэмэгдэж улс  орны хөгжил дэвшил, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд томоохон саад бэрхшээл учруулж, улмаар манай улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд доош татаж байгаа гол хүчин зүйл болж байна.Улс төрийн намууд, улс төрчид авлига, хээл хахуультай тэмцэх тухай зөвхөн сонгуулийн үеэр ярьж амлаад бусад цагт энэ талаар тодорхой арга хэмжээ авах нь бүү хэл, ярьж хэлэлцэхээ больдог зуршил тогтож байна. Сонгуульд ялсан улс төрийн нам томоохон улсын үйлдвэрийн газруудын удирдлагад өөрсдийн намын итгэлтэй хүмүүсээ томилж, хууль зөрчиж төрийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулдаг явдал олон жил үргэлжилж, хавтгайрч байхад үүнийг зогсоох талаар Төр, засгийн зүгээс тодорхой ажил хийхгүй байна.
Төрийн өндөр албан тушаал, төсвийн хөрөнгө оруулалт, улсын үйлдвэрийн газруудыг дагасан элдэв авлига, хээл хахууль, шахааны бизнес хэрээс хэтэрч, улс орны хөгжил, иргэдийн амьжиргаанд төдийгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой байдалд хүргэж байна. Судалгаанаас үзэхэд иргэд улс орныхоо хөгжил дэвшлээс илүүтэй нийгэмдээ шударга ёс тогтоох, авлига, хээл хахуулийг устгахад санаа зовж байгаа нь харагдаж байна.Иргэдийнхээ хүсэн хүлээж буй энэ мэт чухал асуудлуудад голлон анхаарч шийдвэрлэх нь ардчилсан төрийн үндсэн үүрэг байх ёстой учир авлига, хээл хахуультай тэмцэх талаар Засгийн газраас ямар ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай УИХ-д мэдээлнэ үү.  

Авлигатай тэмцэх талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, цаашид авилгын эсрэг тэмцлийг эрчимтэй, илүү үр дүнтэй болгохын тулд хууль, эрх зүйн ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай байна вэ.Түүнчлэн хариуцлага тооцох замаар авлига, хээл хахуультай тэмцэх үүднээс юуны өмнө Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, МИАТ, ИНЕГ, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар нэн даруй шалгуулж, дүнг нь УИХ-аар хэлэлцүүлэх, улсын өмч хөрөнгийг идэж завшсан албан тушаалтнуудыг илрүүлж, хуулийн дагуу тэдэнд хариуцлага тооцох арга хэмжээ авна уу.

Энэхүү асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж