-Та АН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийг ахалж байгаа. Ирэх онд төсвийн орлого, зарлага нэлээд өссөн, үрэлгэн төсөв батлагдах нь гэсэн шүүмжлэл гарч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манай ажлын хэсэг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2012 оны нэгдсэн төсвийн төслийг нь сонгуульд зориулагдсан, үр ашиг муутай, үрэлгэн төсөв гэж дүгнэсэн. Ажлын хэсгээс оруулсан саналыг манай бүлэг хэлэлцээд зарчмын хувьд дэмжээд байна. Энэ долоо хоногт бид хууль санаачлагчидтай уулзалт хийж байна. Төсвийн талаар ярихад зайлшгүй хэдэн тоо хэлэх хэрэгтэй болно.
Ирэх онд ДНБ-ний өсөлт 25,6 хувь, төсвийн орлого 6,35 их наяд төгрөг буюу ДНБ-ний 35,3 хувь болохоор байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага 7,47 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39,4 хувь, төсвийн алдагдал ДНБ-ний 4,1 хувь болох 740 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөн.
Төсвийн 2012 оны үзүүлэлтийг 2011 онтой харьцуулахад төсвийн орлого 60 хувь, нийт зарлага 54 хувиар өсөхөөр байна. ДНБ-тэй харьцуулсан төсвийн алдагдал 2011 онд 9,9 хувьтай байсан бол 2012 онд 4,1 хувьтай болж буурч байгаа ч мөнгөн дүнгээс нь тооцвол 4,5 дахин өсөхөөр байна. Төсвийн нийт зарлага дотор урсгал зардал нь 68 хувь буюу 5,08 их наяд төгрөг болж байна. Урсгал зардал 2011 онтой харьцуулахад 62 хувиар нэмэгджээ. Энэ урсгал зардал урсаад л алга болно. Төсвийн хөрөнгө оруулалт саяхан хийсэн 2011 оны төсвийн тодотголын өмнөх үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдэж 2,18 их наяд төгрөг болж байна. Харин төсвийн өр ДНБ-ний 55 хувьтай тэнцэх хэмжээний буюу 10,3 их наяд төгрөг болж 2011 онтой харьцуулахад 54 хувиар буюу 4,73 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. Энд бас нэг ойлгомжгүй тоо байгаа нь ДНБ 2011 онд 10 их наяд төгрөг байснаа 2012 онд 18 их наяд болсон нь ДНБ ирэх оронд 80 хувиар өсч нэг хүнд оногдох ДНБ 5000 ам. долларт хүргэх зорилт хэрэгжих болж байна. Гэвч Засгийн газар энэ өсөлтийг 25,6 хувь гэж тооцсон байгаа. ДНБ-тэй харьцуулсан төсвийн үзүүлэлт нь эдийн засаг дахь төрийн оролцоог илэрхийлдэг. Тиймээс ДНБ ихээр өсөх нь тэр оролцоо багасна гэсэн үг л дээ.
Төсвийн эдгээр үзүүлэлтийг 2011 онтой харьцуулахад хувиар тооцвол хамгийн их нэмэгдсэн нь төсвийн алдагдал, төсвийн хөрөнгө оруулалт, мөнгөн дүнгээр тооцвол өр, дараа нь урсгал зардал орж байна.
Төсвөөс 2012 онд зах зээлд нийлүүлж байгаа мөнгөний дүн 2011 онтой харьцуулахад 60 гаруй хувиар нэмэгдэхээр байна. Өнөөгийн байдлаар инфляци 10 орчим хувьтай, хэрэглээний сагсны 240 орчим төрлийн барааны 90 орчим хувийнх нь үнэ өсөх хандлага гарсан байна. Иймээс Монголбанк төсвийн урсгал зардлыг багадаа нэг их наяд төгрөгөөр танахгүй бол инфляци ирэх оны эхний хагас жилд 20 хувь уруу ойртоно гэсэн сигналыг өгөөд байна. Энэ талаар ОУВС ч анхааруулж төсвийн урсгал зардлыг танахгүй бол 2012 онд инфляци 20 хувиас давна гэсэн прогнозыг дэвшүүлсэн байна.
Төсвийн хөрөнгө оруулалт хэдийгээр гурав дахин нэмэгдэж байгаа ч засаг захиргааны нэгжээр хувиарлагддаг нөгөө л боловсрол, эрүүл мэндийн салбар, орон нутгийн чанартай болон улсын чанартай зам, гэрэлтүүлэг, төсвийн байгууллагын конторыг шинээр барихад чиглэгдсэн байна. Шинээр барих төрийн байгууллагын конторын барилгын төсөвт өртөг 160 орчим тэрбум төгрөг, үүнээс 2012 онд санхүүжих нь 100 орчим тэрбум төгрөг байна. Төрийн байгууллагын контор нэмэгдсээр ашиглалтын зардал, орон тоо нэмэгдэнэ. Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд саяхан 2011 оны төсөвд тодотгол хийж мөн хөрөнгө оруулалтыг 250 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энд хоёр асуудал байна. Нэг нь 2011 оны эхний есөн сарын байдлаар бүтээн байгуулалтын ажилд шаардагдах гол нэрийн барилгын материал болох цементийн 60 орчим хувийг импортолж, үнэ нь 30 гахам хувиар нэмэгджээ. Мөн Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүйгээс тээврийн зардал 20 гаруй хувиар өсчээ. Түүнчлэн барилгын төмөр хийцийн нэлээд хувийг импортолж байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа нь чанар муутай. Эдгээр материалын түүхий эд уг нь манайд хангалттай байгаа шүү дээ. Хоёр дахь нь 2008 оны сонгуулийн жилд төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилт 60-70 хувьтай байсан. Иймд 2012 он ч сонгуулийн жил тул ингэж хөрөнгө оруулалтыг асар ихээр нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байна. Ер нь Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар манай улс төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнгээр ихээхэн тааруу үзүүлэлттэй явдаг. Мөн 2012 онд ганцхан жилийн дотор Монгол Улсын төр, засгийн өрийн хэмжээ дахин нэмэгдэхээр төлөвлөгджээ.
Товчхондоо төсвийн энэ үрэлгэн бодлогыг хөгжлийн бодлого болгож өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Дэлхийн улс орнууд Европ, АНУ-аас үүдэлтэй хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хямралд бага өртөхийн тулд төсвийн урсгал зардлаа танаж, хуримтлалаа нэмэгдүүлэх, үр ашигтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар болон хувийн хэвшлээ дэмжих бодлогыг гаргасаар байна. Иймд Монгол Улсын тухайд эсрэгээр төсвийн урсгал зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалт, өрийнхөө хэмжээг ихээр нэмэгдүүлэх нь
Худалдааны гол түнш болох Хятадад эдийн засгийн өсөлт саарч, инфляци нь нэмэгдэх хандлагатай болсон. Бидэнд бас энэ инфляци импортлогдогийг бодолцох шаардлага ч гарч байгааг анхаарахад илүүдэхгүй.
-АН-ын ажлын хэсгээс 2012 оны төсвийг хэрхэн өөрчлөх санал оруулж байгаа вэ. Гишүүд сонгууль бодоод тойрог руугаа хөрөнгө оруулалт татахыг бодоод Засгийн газраас оруулж ирсэн саналт дээр зарлага нэмж баталдагаа давтах хандлага байнгын хороод дээр ажиглагдаж байгаа?
-АН-ын ажлын хэсэг төсвийн урсгал зардлыг 2011 оны тодотголын өмнөх төвшинд хадгалж урсгал зардлыг царцаах, төсвийг алдагдалгүй батлах, төсвийн хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Урсгал зардал болон хөрөнгө оруулалтын төсвөөс төрийн байгууллагуудын шинээр барих конторын зардлыг танах, төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй байх, төрийн байгууллагуудад тавилга болон машин худалдаж авах зардлыг танах зэргээс 400 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Мөн бүх иргэдэд Тавантолгойгоос нэг сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас тараах, эсвэл нэг сая төгрөг бэлнээр авах сонголтыг хийлгэх юм. Иргэдэд тараах 536 ч юмуу, дахиад 10 хувь нэмбэл 1032 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ Таван толгойн 29 хүртлэх хувийн хувьцааг хөрөнгийн биржүүдээр борлуулснаар доод тал нь нэг дахин нэмэгдэнэ гэж үзэж байна. Ийм байдлаар төсвийн хуулийг өөрчилснөөр төсвийн зарлага 1,5-2 их наяд төгрөгөөр буурах боломжтой. Хэрэв ингэж чадахгүй тэр чигээр нь баталвал 2012 онд инфлци өсч орлого багатай нийгмийн давхарга, дээр нь дундаж орлоготой давхаргын амьжиргаанд хүнд цохилт авчирч болзошгүй байна. Нөгөө төсвийн байгууллагын 50 орчим хувиар нэмсэн цалингийн тал нь инфляцид идэгдэнэ гэсэн үг. Дээр нь төрийн албан хаагчдын цалинг нэмснээр хувийн хэвшлийнхэн дагаад цалингаа нэмэхээс аргагүй байдалд хүрнэ.Тэд мэдээж энэ зөрүүгээ бараа бүтээгдэхүүний үнэдээ шингээх нь ойлгомжтой. Цалин тэтгэврийг нэмэх нь зүйтэй, гэхдээ инфляцийг хөөрөгдөхгүй байх хувилбарыг сонгох шаардлагатай. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргааны түвшний өсөлтөнд наах нэг хувилбар бол цалин тэтгэврийг дэс дараатай нэмэх явдал мөн л дөө.
-Төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг яаж нэмэгдүүлэх вэ. Цалин тэтгэврийг нэмнэ гэсэн Засгийн газрын саналыг юу гэж үзэж байна вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах олон арга бий. Нөгөө талаас төсвийн бодлогоор эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг зайлшгүй гаргаж ирэх шаардлагатай. Энэ нь ашигт малтмалын салбараас орж ирж буй орлогыг урсгал зардлыг тэлэх байдлаар үрээд дуусах биш, ажлын байр ихээр нэмэгдүүлэх өрсөлдөх чадвартай ашигт малтмалаа боловсруулах, бусад салбарын хөгжлийг дэмжих явдал. Хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулахад, тухайлбал шинээр барих шаардлагатай 6000 км замыг эдийн ,засаг нийгмийн ач холбогдлоор нь гурав ангилж зөвхөн эхний ангилалд орсон замыг ирэх онуудад тавих ёстой. Ингэхээр тухайлбал, Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөл гарцаагүй нэгдүгээр ангилалд гарч ирнэ. Мөн нийслэлийн чигждэг төлөвлөлтөөс үүүдэлтэй түгжрэлийн асуудал, гэр хороололыг дэд бүтэцжүүлэх асуудал ч энэ ангилалд орох байх. УИХ-аас 2007 онд газар тариалангийн салбар тодруулбал үр, тариа гурилын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг анхлан санаачлан баталснаар, Засгийн газар хэрэгжүүлэхдээ Атар-III аян нэр өгч хэрэгжүүлсэн. Яг үүнтэй төстэй загвараар барилгын гол нэрийн материалын үйлдвэрийг дэмжих. Мөн зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр гээд олон чухал салбар байна. Төмөр зам баригдах түүнд шаардагдах санхүүжилтийг шийдсэн байгаа гэвч нөгөө ашигт малтмалаа боловсруулах, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зардал нь ирэх оны төсөвт суугаагүй байна. Энэ зардлыг суулгах шаардлагатай. Дээр нь ажлын хэсэг түүхий нүүрс, төмрийн хүдэр хоёр дээр экспортын татвартай болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэр Засгийн газрын 24 цагийн дотор татаж авсан хуулийн төслийг сэргээнэ гэж ярьж байгаа. Зорилго нь ашигт малтмалаа боловсруулж гаргах, дэлхийн зах зээлийн үнэд ойрхон үнээр борлуулах. Бодит жишээ нь Хятадад нүүрс борлуулагчинйхаа хувьд Монгол Улс Австралийн өмнө орсон ч борлуулж буй үнээрээ гурав дахин хямд, улсын төсөвд татвараар оруулж буй орлого нь тав дахин бага байж болохгүй биздээ.
-Та сая 6000 км зам гэж ярилаа. Мөн Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хурдны зам гэж бас ярих болсон.Энэ хөрөнгийг хаанаас яаж гаргах вэ?
-AH3 Asian high way -3 л даа. Энэ замыг Монгол Улс барьснаар Азийн авто замын сүлжээнд холбогдон гэсэн үг. Хоёр хөршийн худалдааны эргэлт жилээс жилд асар ихээр нэмэгдэж байна. Энэ замыг хоёр хөрш ашиглавал асар их тээврийн зардлыг хэмнэх ба нөгөө талаас манай улсын хөгжилд ч том түлхэц болно. Харин манайх хоёр хөрштэйгээ сайн хамтарч ажиллаж худалдааны эрх зүнй орчингоо харилцан адил болгож, хоёр хил дээрээ чөлөөт эдийн засгийн бүсийг жинхэнэ утгаар нь байгуулмаар байна. Өнөөгийн байдал нь Замын-Үүд, Эрээний хөгжлийг харьцуулж харж болно. Нөгөө талаас одоогийн байдлаар чөлөөт бүсийн дэд бүтцийг улсын төсвөөс бий болгочихоод манай компаниуд бүх газрыг авчихаад суугаад байвал хэн ч энэ бүсэд орж ирэхгүй. Иймээс энэ бүсийнхээ газрын 50 хувийг хоёр хөрш болон, бусад хөрөнгө оруулагчдад түрээсээр эзэмшүүлэх хэрэгтэй байна. Дэлхийд үйл ажиллагаа нь сайн явж байгаа чөлөөт бүсүүд ихэнх нь ингэж явж байгаа. Хурдны замын санхүүжилтэд зөвхөн түүхий нүүрс, төмрийн хүдрийн экспортын татварыг Дэд бүтцийн хөгжлийн сан байгуулах замаар зориулах боломжтой. Жишээ нь, Японы Ерөнхий сайд байсан К.Танака Японы нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг энэ орны дэд бүтцэд бүрэн зарцуулж ирснээр өнөөгийн японы тэр чанартай дэд бүтэц бий болсон. Хурдан галт тэрэгний төмөр зам ч адилхан.