Би мөрөөдлийн цирктээ ажиллаж байгаадаа баяртай байна

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Би мөрөөдлийн цирктээ ажиллаж байгаадаа баяртай байна

Уран нугараач Э.Баасансүрэнтэй ярилцлаа. Тэрбээр өдгөө АНУ-д амьдарч байгаа бөгөөд дэлхийд алдартай “Cirque du soleil” буюу “Нарны цирк”-т ажилладаг байна. “Нарны цирк” нь нүүдлийн цирк юм. Түүнтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

-Танай тоглолтын рекламыг үзлээ, их сүртэй гоё тоглолт байна. Монгол уран нугараач оролцож байгаа гэж бодохоор бахархмаар юм.

-Баярлалаа

-“Нарны циркт”  хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-Одоо гурав дахь жилдээ ажиллаж байна. Анх Ш.Отгонжаргал багш маань энэ цирктэй холбож өгсөн юм. Мэдээж олон улсад танигдсан том цирк болохоор шалгуур өндөртэй.

-Майкл Жэксонд зориулсан шинэ тоглолт хэзээ нээлтээ хийсэн бэ?

-МТоглолт өнгөрсөн аравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн. Нээлтийн өдөр Майкл Жексоны гэр бүлийнхэн ирж үзсэн нь их сайхан санагдсан.

-Нүүдлийн цирк гэхээр мэдээж дэлхийн орнуудаар аялж, тоглолтоо сонирхуулаад явна. Нэг газар хэдий хугацаанд тоглодог вэ?

-Шоу тоглолт болгон нь янз, янз байдаг. Миний тоглож байгаа шоу нэг газраа хоёроос гурав тоглодог. Тэгэхээр долоо хоногтоо хоёр, гурван хот солиод нүүдэг. 

-Одоо Америкт тоглож байна, дараагийн өртөө нь аль улс бол?

-Эхний жил Америк, Канадын хотуудаар аялан тоглолт хийнэ. Дараагийн жил Европын орнуудад тоглолт хийнэ. Харин гурав дахь жилдээ Азийн орнуудад тоглолтоо сонирхуулна.

-Монголд ирэх болов уу?

-Сайн мэдэхгүй байна. Тоглоосой гэж бодож байна.

-Ингэхэд та хамгийн сүүлд хэзээ Монголдоо ирсэн бэ?

-Өмнө нь би “Alegria” шоунд Н.Ганчимэг гээд уран нугараач найзтайгаа хамт тоглож байсан. Тэр үед хоёр сар болоод хоёр долоо хоног Монголд очиж амардаг байсан. Сая сүүлд гуравдугаар сард Монголдоо очиж, хоёр сар амарч байгаад өнгөрсөн тавдугаар сард Канадад ирсэн. Тэрнээс хойш очоогүй ээ.

-Европын орнуудад Ази төрхтэй хүн харахаараа дандаа л Хятад уу, Солонгос уу гэж асуудаг. Монголын уран нугараач гэхээр хэр хүлээж авдаг вэ?

-Харин тийм ээ, Солонгос уу, Япон уу гэж асуудаг. Гэхдээ сүүлийн үед Монголын талаар сайн мэдээлэлтэй байдаг болсон. Уран нугаралтаар бол сайн мэднэ шүү. Манай нугардаг охидууд маань эх орныхоо нэрийг гаргаж явдагт бахархалтай байдаг.

-Тэгвэл өөрөөс тань гадна монгол нугараачид их байдаг байх нь ээ?

-Энэ циркт  арав гаран уран нугараач охид ажиллаж байгаа. Нийт 23 өөр төрлийн шоу тоглолт байдаг. Суурин, нүүдлийн гээд л янз бүрийн шоу тоглолттой. Миний одоо тоглож байгаа шоу нь шинэ тоглолт юм. Ер нь жил болгон шинэ шоу, тоглолт нээлтээ хийдэг. Энэ http://youtu.be/q0arvr6fFzE манай нээлтийн тоглолтын хэсгээс байгаа.

-Энэ тоглолт нь хэдэн хүртэл үргэлжлэх үү?

-Миний тоглож байгаа нь 2015 он хүртэл үргэлжилнэ. Энэ тоглолтод нийт 220 гаруй хүмүүс ажиллаж байна. 65 нь жүжигчид бусад нь арын алба, тайз, техникийнхэн байгаа.

-Ингэхэд Э.Баасансүрэн хэдэн жил уран нугарч байна вэ?

-Би 18 жил уран нугарч байна. Анх зургаан настайгаасаа хичээллэж эхэлсэн.

-Яагаад уран нугаралтыг сонгосон бэ?

-Анх телевизээр хоёр эгч нугарч байхыг хараад л дурласан даа. Тэгээд энэ хоёр эгч шиг болмоор байна гээд гэртээ нугарах гэж оролддог байсан. Тэгээд ээж маань намайг циркт шалгуулж байсан юм. Тэгээд л цирктэй холбогдож, уран нугаралтаар хичээллэж эхэлсэн дээ.

-Ингэхэд уран нугараачдыг ямар шалгуураар шалгаж авдаг юм бэ?

-Ихэвчлэн уян хатан байдлыг харна л даа. Гэхдээ тухайн хүүхдийн хүсэл сонирхлоос бүх зүйл шалтгаална шүү дээ. Тиймээс хүсэл, дур сонирхол хамгийн чухал шалгуур байдаг. 

-Нарны циркт монгол бүсгүй ажиллаж байна гэхээр бахархах сэтгэгдэл төрж байна. Алдартай цирк шүү дээ?

-Нарны цирк бол миний ажиллахыг хүсдэг байсан мөрөөдлийн цирк маань. Одоо энэ цирктээ ажиллаж байгаадаа байртай байна.

-Хамгийн сүүлд ямар шоунд оролцсон бэ? Шинэ тоглолтоосоо гадна?

-Америкийн “Dancing with the Stars” гээд телевизийн нэвтрүүлэгт оролцсон.

-Шоу тоглолтод нь амжилт хүсье, 2015 онд Азид тэр дундаа Монголдоо “Micheal Jackson The immortal world tour show” тоглолтоо хийгээсэй гэж хүсье. 

-Баярлалаа, би ч гэсэн тэгж хүсч байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж