Сэргээшийн асуудлаа шийдье

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Сэргээшийн асуудлаа шийдье

Тэгш дөрвөн ой давхацсан үндэсний их баяр наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүдээс хоёр нь сэргээш хэрэглэсэн болохыг БНСУ дахь допингийн төвийн лабораторийн илгээсэн шинжилгээний хариугаар тогтоосон билээ. “А” сорьцын дүнг сэргээш хэрэглэсэн гэх хоёр бөх хүлээн зөвшөөрөөгүй учраас “В” сорьцоо шинжлүүлээд бараг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Харин наадам болсноос хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Сэргээшийн шинжилгээний хариу ирээд бараг 14 хонож байна. Хуулийн хугацаа болчихоод байхад Шадар сайд М.Энхболд тэргүүтэй баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөг хүртэл яагаад хуралдахгүй байна. “Сэргээш илэрчээ” гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсанаас хойш ч, өмнө нь ч баяр наадмыг зохион байгуулах хорооныхон таг чиг байлаа. Хэдийгээр баяр наадмыг зохион байгуулах хороо болон Допингийн эсрэг үндэсний хорооноос сэргээш хэрэглэсэн гэх хоёр бөхийн нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа боловч хэвлэл мэдээллээр хэдийнэ ил болсон. Учир мэдэх хүмүүсийн тодорхойлсноор бол шинээр харцага цол хүртсэн П.Алтангэрэл, начин Н.Цогбаяр нарыг “сэргээш хэрэглэжээ” хэмээн батлаад байгаа юм. Хоёр бөхийг сэргээш хэрэглэсэн болохыг “В” сорьцын шинжилгээний хариу дахин баталлаа. Тэгэхээр тэд одоо яаж ч эсэргүүцээд нэмэргүй болж байх шиг. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос ямар шийтгэл оногдуулахыг хүлээх л үлдэв. Хуулиараа бол цол чимгийг нь хураах ёстой. Улсын заан Б.Соронзонболд, улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс нарыг сэргээш хэрэглэсэн болохыг зарлаж байхдаа хариуцлага тооцно. Цаашид ч элдэв төрлийн бодис хэрэглэсэн бөхөд тухай бүрт нь хариуцлага тооцоод явна хэмээн тухайн үед ярьж байсан үг одоо нэлээд хуучирчээ. Тэр үед нэлээд сүр дуулиан болгож хэвлэлийн бага хурал хийж байлаа. Харин үүнээс хойш ийм сүр дуулиан бараг мартагдах шахаж байна. Ардын хувьсгалын 90, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ойн баяраар цолоо ахиулсаар бөхчүүдээс хоёр нь сэргээш хэрэглэжээ. Хоёр ч удаагийн шинжилгээгээр албан ёсоор баталгаажлаа. Одоо яах вэ. Энэ асуудлыг дуулиан болгохдоо гол нь биш. Хэрэгжүүлэх гэж баталсан хуулиа дагаж мөрдөхөд гол учир байгаа юм. Мөн баяр наадмыг зохион байгуулах хорооноос үнэн бодит мэдээллийг түгээмээр байна. Магадгүй та бүхний мэдээлэл дутагдсанаас болж хэн нэгэн хэлмэгдэж байгаа ч юм бил үү. Хэлгүй юм шиг суусаар нэгэн жилийг өнгөрөөх үү. Эсвэл хэвлэлийн таамаглалаа дэвшүүлсээр ирэх наадамтай золгох уу. Санаатай бөгөөд санаандгүй удааж байгаа сэргээшийн асуудлаа одоо нэг мөр шийдэх цаг нь болжээ. Хэдий болтол дуугүй суух гэж. Сэргээш хэрэглэж үнэн хүчээ үзэлгүй наадамчин олныг хуурсан бөхчүүд байвал зохих хариуцлагыг нь тооцох хэрэгтэй. Тэгэхгүй бол дуугүй суусаар мартагдуулдаг хачин жишиг манай улсад тогтох нь. Уг нь бол “В” сорьцын шинжилгээний хариуг манай улсад ирүүлээд 14 хоножээ. Харин МҮБХ-нд сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг долоо хоногийн өмнө илгээсэн байх юм.

Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулахад “Сэргээш хэрэглэсэн хоёр бөхийг нэрийг манайд ирүүлээд долоо хонож байна. Бид баяр наадмыг зохион байгуулах хороо хэзээ хуралдахыг хүлээж сууна. Хэрвээ хуралдвал бид бөхчүүдийн нэрийг зарлахад бэлэн. Гэхдээ хэвлэл мэдээллээр хэдийнэ нэр нь гарчихсан байна лээ. Баяр наадмын тухай хуулиар бол цол чимгийг нь хураах ёстой” гэв. Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхан хэлэхдээ “Ямар ч байсан “В” сорьцын хариу ирсэн. Би гадагшаа ажлаар явж ирээд дөнгөж нэг хонож байгаа учраас энэ талаар сайн мэдэхгүй байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооны мэдэгдлийг хүлээх хуулийн хугацаа нь 14 хоног. Долоо хоног хараад тэд зарлахгүй бол бид сэргээш хэрэглэсэн бөхийн нэрийг олон нийтэд зарлах бүрэн эрхээ хэрэгжүүлнэ” гэв.

Б.Мөнхзул

Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж