
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Англид ажлаар яваа бөгөөд ҮЗХ-ны хурлыг угтсан уур амьсгал энэ зуур ширүүсэв. Хамтарсан Засгийн газраас гарах, намын даргаа солих эсэх асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн хүлээлт АН-ыг отож байна. Зарим фракц, гишүүдийн зүгээс энэ асуудлаар байр сууриа ил далд илэрхийлэн намын удирдлагын зүгээс ямар хариу хандлага үзүүлэхийг ажиглаж байгаа бололтой. Нэгэнт намын дарга эзгүй учраас намын генсек хаана ямар үг унагахыг илүүтэй ажиглаж байгаа гэх. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын хувьд намын ҮЗХ-ны хурлыг энэ сарын сүүлээр хуралдуулахаар товлосон гэдгээс өөр зүйл хэлэхгүй байгаа ч “Хэн нэгэн даргыг солих нь миний сонирхлыг татахгүй. Энэ намыг бодлогын нам байгаасай, төлөвшөөсэй гэж боддог” өнгөрсөн долоо хоногт сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Үүнийг нь “дарга цэргээ сольж, холих асуудлаас өмнө намын нийтлэг эрх ашгийг эхлээд бодох ёстой шүү” гэдгийг битүүхэн сануулсан үг гэж ойлгож болох байх.
Гэхдээ тэрбээр ямар нэг асуудал байгаа бол түүнийг дарж нуух биш харин хууль, дүрмийн хүрээнд татан оруулж, олонхиороо хэлэлцэн шийдэл олох ёстой гэсэн зарчимтайгаа нэг бус үйлдэл дээр илэрхийлж байсан. Энэ удаад ч нам доторх асуудлынхаа эрх ашгийн эрэмбэ дарааллыг эвтэйхэн олоод ҮЗХ-гоор хэлэлцүүлж дөнгөнө гэж намынхан нь найдаж байгаа бололтой. Гэхдээ генсекийн байр суурь ямар байгааг тандсан, ямар үг унагахыг хүлээсэн хүмүүс олон байгаа юм байна.
Б.МАНДАХ"Ардын эрх" сонин