Ачаалалдаа түүртсэн авто замын салбарт аврал байна уу

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Ачаалалдаа түүртсэн авто замын салбарт аврал байна уу

Ажилдаа ирэх, харих бүхэндээ би нэгэн бэрхшээлтэй тулгардаг. Тэр нь авто замын түгжрэл. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацах замын түгжрэл ажил амьдралын олон асуудлыг давхар түгжих нь ердийн үзэгдэл болжээ. Ямар сайндаа л таньдаг жолооч маань урсгал сөрөн давхих түргэний тэргийг дагаж байгаад цагдаад баригдах вэ дээ.

УИХ өнгөрсөн  баасан гаригийн хуралдаанаар авто замын асуудлыг хэлэлцэв. Энэ оны төвшинд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авто зам барихад зориулж 27.1 тэрбум төгрөг, засвар арчилгаанд зориулж 12.4 тэрбум төгрөг тус бүр тусгасан байна. Улаанбаатар хотын хувьд энэ онд 19.9 км зам шинээр барьж 41 км зам өргөтгөсөн. Ингэснээр засч сайжруулах шаардлагатай авто зам Улаанбаатар хотын хэмжээнд 80 хувийг эзэлж байсан бол одоо 67 хувь болж буурсан гэдэг мэдээллийг өгөв. 19.9 км зам шинээр барьж 41 км зам өргөтгөөд байхад нийслэлийн авто замын ачаалал өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Албан бус мэдээнд дурдагддаг Монгол Улсын хил гаалиар сардаа 9000 машин орж ирдэг гэж тооцох юм бол авто замын түгжрэл арилахгүй байхаас аргагүй аж.  Энхтайвны гүүрийг эс тооцвол Монголд давхар гүүр ямар байх юм биш. Тиймээс сигнаалдаад л, хоорондоо хэрэлдээд л замын бөглөрөлд стресстээд л явахаас өөр гарц алга байна, өнөөдөртөө.

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2012 оны улсын төсвйин төсөлд нийтдээ 1,5 их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулна гэсэн бий. Энэхүү мөнгийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт ч юм уу, эсвэл Алтанбулагийн чөлөөт бүсийг байгуулахад бүр адаглаад Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрлэл болоод Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөжүүлэхэд зарцуулагдана гэж бодолтгүй. Энэхүү 1,5 их наяд төгрөгийн дийлэнх нь авто зам барих, засварлах, нөхөхөд зарцуулагдах юм билээ. Гэхдээ “Авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх” ерөнхий төлөвлөгөө, “Мянганы зам” төсөл, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөртэй уялдуулж Монгол Улсын авто замыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө төсөвлөсөн юм биш. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн авто замын ажил “Авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх” ерөнхий төлөвлөгөө, “Мянганы зам” төсөл, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрөөс өөрөөр өрнөх нь, өнөөдрийн УИХ-ын танхимд хэлэлцэж байгаа асуудлаас ажвал шүү дээ. Голдуухан л хөдөө орон нутгийн салаа замуудыг сайжруулсан шороон зам болгох, эсвэл нэг жилийн өмнө тавьсан замаа засварлахад л чиглэгдэж магадгүй юм билээ. Учир нь ирэх онд УИХ-ын сонгууль явагдах болохоор эрхэм гишүүд өөр өөрийнхөө тойрогт засч янзалсан, шинэчилсэн, шинээр зам тавьсан нэр зүүхийн тулд 1,5 их наяд төгрөгийн дийлэнх нь хуучин замд шинэ нөхөөс тавихад зарцуулагдах болов уу.

Нийслэлийнхний хувьд стресст оруулдаг, бухимдуулдаг томоохон асуудал замын түгжрэл болоод удаж буй. Өнөөдөр нийслэлийн авто замын ачаалал бүр хэрээс хэтэрсэн гэхэд болно. Хагас километр хүрэхгүй газар бүтэн цаг, бүр хоёр гурван цаг түгжрэх асуудал энүүхэнд болсон. Ардуудын ажилдаа явахдаа, харихдаа, ажил хөөцөлдөхдөө амсдаг зовлонг харин эрхэм гишүүд мэддэгүй нь илт. Тиймдээ ч тэдний авсан жишээг нь сонсоход арай ч дээ гэмээр санагдсан. Авто замын асуудал, ачааллын талаар хэлэлцсэн УИХ-ын гишүүд “Буянт-Ухаагаас “Улаанбаатар” зочид буудал хүртэл  замдаа бүтэн гурван цаг түгжирч байгаад бухимдаж буйгаа илэрхийлсэн. Зөвхөн Буянт-Ухаагаас “Улаанбаатар” зочид буудал хүртлэх зам гэлтгүй Улаанбаатарыг бүх л чиглэл, бүх зам бөглөрөл, түгжрэлдээ хахаж байгааг эрхэм гишүүд энэ хүртэл мэдээгүй явсан гэхээр эмзэглэмээр. Тэнгэрээр дүүлж явдаг тэд Буянт-Ухаагаас Улаанбаатар зочид буудал хүртэл түгжирснээ бөөн зовлон болгож байхад нийслэлчүүд авто замын түгжрэл бөглөрөлтэй аль хэдийнэ эвлэрчихсэн “тууж” яваа  нь худлаа биш. 

2012 онд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Хятад улсаас авах хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гүүрэн гарц зургааг барихаар төлөвлөж, мөн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр болсон байна лээ. Гэхдээ монголчуудын ам ажил байнга зөрдөг болохоор итгэхэд бэрх. Цаашлаад Чойр-Сайншанд чиглэлийн 176 км авто замын асуудлыг ажил хэрэг болгохоор төлөвлөөд байгаа аж. Монгол Улс импортын барааныхаа дийлэнх хэсгийг урд хөршөөс татдаг. Гол ачаа тээвэрлэлт Замын-Үүдийн боомтоор орж ирдэг бөгөөд тэр нь зөвхөн  төмөр замаар орж ирдэг. Гэтэл төмөр замынхан дуртай үедээ ачаа тээврийнхээ зардлыг нэмдэг  учраас авто замын тээврийг хөгжүүлэх  зайлшгүй шаардлагатай учраас дээрх асуудлыг яаралтай шийдэх нь эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх хөшүүрэг болох юм. АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани тендерт шалгарч Чойр-Сайншанд чиглэлийн авто зам барихаар болсон ч, 2007 онд шатахуун тослох материалын үнэ өссөнөөс ажлаа зогсоож гэрээгээ цуцалжээ. Үүний дараа тендер зарлаж дахин БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани шалгарсан ч ажлаа гүйцэтгэж байгаад мөн гэрээгээ цуцалсан байна. Тиймээс 174 км авто замыг хэсэгчлэн хоёр хувааж ажлыг эхлүүлэхээр болсон ч, мөн л бүтэл муутай байгаа гэнэ. “Хонх дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг шиг л юм болсоор”  зургаа долоон жилийн өмнөөс яригдсан Чойр-Сайншанд чиглэлийн авто замын асуудал өнөө хэр хэрэгжиж чадахгүй байгаа юм байна. Ирэх оны улсын төсөвт дурдсанаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын эрх үүргийнхээ хэмжээнд зарцуулах хөрөнгө нь 650 тэрбум төгрөг. Энэхүү хөрөнгийн дийлэнх нь авто зам, гүүр барихад зарцуулагдах аж. Өөрөөр хэлбэл, энэ салбарт 375.5 тэрбумыг зарцуулах юм байна. Гэхдээ ирэх жилийн авто замын ажил “Авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх” ерөнхий төлөвлөгөөнийхөө хүрээнд хэрэгжихгүй, өнгөрсөн сонгуулийн үеэр өгсөн амлалтаа хэрэгжүүлэх ажилд зарцуулагдаж магадгүй гэсэн яриа байна. Энэ яриа үнэ бол “TV коктейль”-ийнхний дуулдаг

Шавар тойрдог зам л гэх юм

Шараа тайлдаг зам л гэх юм

Зуслан ордог зам л гэх юм

Зугаацхаар морддог зам л гэх юм

Өөдөө уруугаа урагшаа хойшоо

Өнөөгийн Монгол замаар баян

Замтай Монголын хөгжил гэдэг

Саяар олны минь дэвшил гэнэ

Энэ олон замуудын чинь алингүйээр нь явах вэ таминь ээ гэдэг хошин дуу шиг л эрээлсэн олон замаар энэ улс дүүрчих вий.

Ж.НЯМСҮРЭН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж