Ирэх сонгуульд цахим гарын үсэг ашиглахгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Ирэх сонгуульд цахим гарын үсэг ашиглахгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо­ны өчигдрийн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлд санал хэлэх гишүүд байгаагүй бөгөөд зарчмын зөрүү­тэй саналаар санал хураалт явуул­сан байна. Хэлэлцүүлгийн үеэр цахим гарын үсгийн мэдээллийн санг устгасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох,  албан байгууллагад хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин, хуулийн этгээдийг 20-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээ­гээр торгох санал дэмжигдлээ. Цахим гарын үсгийн хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс үйлчлэх бол УИХ-ын сонгуулийн санал хураалтад цахим гарын үсгийг ашиглахгүй тухай энэ үеэр мөн хөндөгдлөө.

Эцэст нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэл­цэхээр төлөвлөсөн байсан боловч уг дүгнэлтийг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэх шалтгаанаар хойшлуулсан байна. Цэцийн дүгнэлт нь УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалт Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан гээд УИХ-д тус заалтаа хүчингүй болгохыг хүссэн аж.

Б.ЭНХМАА

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж