Залхуурлын шалтгааныг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Залхуурлын шалтгааныг тогтоолоо

Нийгмийнхээ зүгээс “залхуу, ажилгүй, шимэгч” гэж буруутгагддаг хүмүүс Британийн эрдэмтдийн төлөө зул өргөвөл зохино. Учир нь Марк Эвансийн толгойлсон Эдинбургийн их сургуулийн эрдэмтдийн хэсэг үнэн хэрэгтээ залхуурлыг зөвтгөсөн судалгааныхаа бүтээлийг нийтлүүлсэн байна. Ямар нэгэн санаа орж ирэхгүй, ямар ч үйлдэл хийж чадахгүй байгаагийн шалтгааныг бие махбодь эрчим хүчээ хэмнэх дэглэмд орсон байгаагаар тэд батлан тайлбарлаж байна. Тэр нь бие махбодийн төвөгтэй механизмуудаар ажиллагаанд орж хүний сэтгэл, хүсэл зоригт захирагддаггүй гэнэ.

Тэр нь бидэнд залхуугаа эмчилж сурах уу? Ер нь түүнийг заавал хийх ёстой юу?  гэсэн асуудал авчирч байна. Сонирхолтой нь эдгээр асуудлын хариуг олохоор сэтгэл зүйчдээс эхлээд генетик, вируслогчид зэрэг янз бүрийн салбарын эрдэмтэд хэдэн арван жилийн турш зүтгэж ирлээ.

Өнгөрсөн зууны эхэн хүртэл залхуурал энгийн бөгөөд нэг л утгаар хэлэгдэж байлаа. Христийн шашин залхуурлыг бүхий л муу муухайн эх сурвалж гэдэг байв. Язгууртны хүрээнд нь ч бас түүнийг муулдаг. Хөдөлмөрч хүмүүсээс үлгэр жишээ авч тэднийг уран зохиол, үлгэр домогт эерэг баатрууд болгож ирсэн бол залхуучуудад ажилгүй өөдгүй гэсэн бүх цол оногдож ирэв. Залхуу хүний тухай шог, онигоог залхуу биш хүмүүс л гаргаж байв. Их Британи, АНУ-д хөдөлмөрч чанарыг  шүтэн бишрэлтийн хэмжээнд аваачсан бол залхуурал өршөөлгүй зүйлийн нэг болсон байна.

Залхуурлыг ойлгох гэх оролдлого нэрт сувилагч Флоренс Найтингейлтай учирсан тохиолдлын дараа эрдэмтдэд анх гарч ирсэн юм. Маш их хичээнгүй зүтгэлтэй гэгдэх сувилагч 1853-1856 онд Крымын дайнд оролцон олон арван хүний амийг аварсан гавьяатай. Гэтэл тэр фронтоос буцаж ирээд “залхуу” болсон байна. Ямар нэгэн өвчингүй, дайнд шарх сорви аваагүй тэрээр энхийн амьдралд ирээд хамгийн залхуучуудын нэг болжээ. Тэр үед нь эмч нар түүнд ужиг ядралын синдром гэсэн онош тавьсан байв. Эрдэмтэд залхуурлын шалтгаан олон янз болохыг тэр үед ойлгосон гэдэг. Өнөөдөр энэ талын судалгаанд хамгаас их урагшилсан нь сэтгэл зүйчид юм байна. Залхуурах нь сэтгэл санааны өөрчлөлтийн олон шалтгааны улмаас үүсдэг хэмээн тэд үзэж буй.

“Үйл хэрэг нь амьдралын зорилгод нь таарч тохирохгүй болохоор, хүн өөрийгөө олж чадахгүй байгаа нөхцөлд залхуурал гарч ирнэ. Үйл хэрэг нь утгагүй байхад хүнд түүнийг бүтээх утга санаа байхгүй болдог. Оюун ухааны ба сэтгэлийн хөөрөл, идэвх алга болно. Жишээлбэл, оюутнууд компьютерийн товчлуур дараад бэлэн реферат эсвэл дипломын ажил авч байхад жинхэнээрээ диплом бичье гэсэн санаа гарахгүй” хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна.

Орчин цагт залхуурал халдварлахдаа маш хялбар болж байна. Энд бол сэтгэлийн дарамтын тухай илүү яригдах бололтой. Түүнийг XXI зууны тахал гэж нэрлэх нь холгүй болоод байгаа юм. Сэтгэлийн дарамттай хүний тархины биохимийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн байдаг учраас тэрээр залхуурч байгаа биш харин түүнийг эмчлэх хэрэгтэй болж байна. Мэдрэлийн зарим өвчнүүд ба ядаргаанд залхуурлын үндэс нь янз бүрийн механизмууд болдог байна. Сэтгэлийн дарамтад дофамин, серотонин ба норадреналин гэсэн гурван нейротрансмиттерийн дамжуулалтад өөрчлөлт гардаг. Нэг нейроноос нөгөөд дамжуулалт хангалтгүй хэмжээнд байгаа бол хүнд янз бүрийн сэтгэлийн дарамт үүснэ. Хүнд эрчим хүч дутагдаж, санаа сэтгэл доройтон залхуурал үүснэ. Энэ тохиолдол сэтгэлийн дарамтыг антидепрессантуудын тусламжтайгаар эмчлэх болж байна. Генетикийн онцлогоороо дофамин ба серотонины синтез нь өөрчлөгдсөн хүмүүс байдаг.

Вирусологчдын хувьд залхуурлын шинж тэмдгийг дархлалын системийн ажиллагааг өөрчилдөг олон арван халдварт өвчнүүдээс хамааралтай гэж үздэг.  Өвчнийг үүсгэгч гол буруутнаар тэд энтеровирус мөн герпесийн вирусын нэг хувилбарыг буруутгахад бэлэн байна. Гэтэл сүүлийн судалгаа нь залхуурал бол үйлдвэржилтийн үед амьдарч байгаа хүний бие даасан өвчин гэдгийг харуулж өглөө.

Өөрсдийн судалгааг Proceedings Оf Тhe National Academy Оf Sciences сэтгүүлд хэвлүүлсэн Шотландын эрдэмтэд залхуурлыг сэтгэл санааны эсвэл бие организмын өвчний шинж тэмдэг биш харин тодорхой нөхцөлд асч унтардаг  бие даасан механизм гэж үзэв. Тархи нь үйл ажиллагааны нөөцийг бүтээхэд эрчим хүчний ихэнхийг зарцуулдагт учир явдал оршино. Тэр жижиг хэмжээний цахилгаан цэнэгүүд нь мэдрэлийн дохиог эсийн мембранаар дамжин өнгөрөх сэргээлтийн давалгаанууд болдог. Бидний ой ухаан ба сэтгэлийн идэвх нь олон талаар тэднээс хамааралтай. Тэгэхлээр тэр бүгдээс үйлдэл хамааралтай. Ачаалал нь инсультад хүргэх аюул гаргах учраас тодорхой хугацаанд бидний организм эрчим хүчний хэмнэлтэд ордог байна. АМФК гэх бодис ялгаран мэдрэлийн инпульсийн хэмнэлийг бууруулах бөгөөд биднийг тэр нь “залхуу” болгодог байна. Тэр нь залхуурал бидэнд дандаа байсан гэхдээ дээр үед түүний идэвхжилт бага байсныг харуулж байгаа хэрэг. Бидний организмын “үйлдвэрлэдэг эрчим хүч”-ний 60 хувь нь ургуулан бодоход зарцуулагддаг. Гэхдээ эрт дээр үед тэдний ихэнхийг хүн ан агнуур, орон гэрээ хамгаалахад зарцуулж иржээ. “Залхуурал маш чухал зүйл юм. Тэр нь хүний хөгжил ба иргэншилд өдөөгч болж ирсэн” гэж мэргэжилтнүүд ярих болсон байна. Харин бид залхуурал ба юу ч хийхгүй байх хоёрыг холин хутгаж ялгаж чаддаггүй байжээ. Хүн буйдан дээрээ хэвтээд юу ч хийхгүй байж болно. Гэтэл түүний сэтгэмжинд ачаа зөөснөөс илүүтэй үр дүн өгөх сэтгэл санаа, оюун ухаан ихээр шаардах дотоодын ажиллагаа явагдаж байж болох юм.

Амьдралыг хөнгөвчилсөн шинэ нээлт, зохион бүтээлт бүр нь хүний тархинд ихээхэн ачаалал өгч байснаас амьдрал тийм ч амар болсонгүй ажээ. Ачаалал нэмэгдэх тусам ажлаас холдох гэсэн хүсэл, залхуурал улам нэмэгдэх болсон байна. Энэ утгаараа Шотландын эрдэмтдийн нээлт яг цагаа олж байгаа бүтээл болов. Залхуурал үүсэх механизмыг тайлбарласнаар эрдэмтэд түүнийг эмчлэх замдаа орж байна. Бодисийн үйлчилгээнд саад тавьснаар хүний ажиллах чадварыг төгсгөлгүйгээр нэмэгдүүлж болох талтай. Гэхдээ ажлын чадвар улам нэмэгдвэл бид амьдралынхаа чанар ба хугацааг улам богиносгох эрсдэлд орох уу гэсэн асуулт гарч ирэх байх. Хөдөлмөр хүнийг сайхан болгодог бол амралт л түүнийг аз жаргалтай болгодог билээ.


Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж