
Хэлэлцүүлгийн эхэнд гишүүдийн ирцийн асуудал маргаан үүсгэв. Байнгын хорооны цөөнгүй гишүүн “Хэлэлцсэн асуудлыг дэмжиж байна” гэдгээ хэлчихээд биеэр хуралд оролцоогүй юм. Үүнээс болж санал өгсөн гишүүний тоо хүрэх хэдий ч биечлэн хуралд оролцсон гишүүний тоо ирцийн хүчинтэй хэмжээнд хүрэхээргүй болов. Байдал ингэж эргэсэнд гишүүн Д.Дондог “Гишүүд саналаа амаар хэлчихээд хуралд ирдэггүй жишиг тогтох гэж байна. Үүнээс болж ирцгүй хуралддаг болоод байна. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч ялгаагүй. Гэтэл хэлэлцсэн асуудлаар маргаан үүсвэл яах вэ” гэсэн юм. Хуралдаан даргалагч Ж.Сүхбаатар “Хэрэв ирцгүй гэж үзвэл хуралдаанаа зогсоож болно. Ирц бүрдүүлнэ гээд гишүүдийг татаж чирч авчрахгүй. УИХ дахь хоёр намын бүлгийн дарга хоёулаа энэ байнгын хороонд байна. Тэд ирцээ бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн байгуулалтын байнгын хороо үлгэр үзүүлэхгүй бол бусад байнгын хороод дуурайгаад байна. Тэр Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханыг дууд” гэлээ. Үүний дараа хуралдаан зохион байгуулагчид утсаар дуудан байж хэд хэдэн гишүүн нэмж орж ирэв.
Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсэг өчигдөр шөнө болтол хуралдаж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хэлэлцжээ. Ажлын хэсгийн ахлагч эрхэм гишүүн Н.Энхболдын хэлснээр Сонгуулийн хуультай холбогдуулан парламентаас гадуурх нам, хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзах юм байна. Мөн УИХ-ын гишүүн С.Оюун, МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг төлөөлж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд дарга нар ажлын хсэгийнхэнтэй уулзаж, квотын талаар санал дэвшүүлсэн байна.
Ажлын хэсгийн ажлын явцын талаарх товч мэдээллийг сонсоод, Сонгуулийн хуулийн төслөөр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж эхэллээ. Хуулийн төсөлд санал авах нэг байранд ногдох сонгогчдын тоог цөөрүүлэх талаар тусгажээ. Нийслэлд нэг байранд 6000 сонгогч ногдуулахаар томъёолоод байсныг 4000, үүнээс дахин буулгаад 3000 сонгогч байхаар оруулсан бол хөдөөд 3000 сонгогч байсныг 2500 болгон цөөрүүлэхээр болсныг гишүүд дэмжлээ. Сонгогчдын саналыг автоматаар авах болсноос үүдэж ийм арга хэмжээ авахаар болсон байна. Ингэснээр хэсгийн хороодын тоо нэмэгдэх аж. Гишүүн Э.Мөнх-Очир “Хэсгийн хороод олширсноор тэнд ажиллах хүний тоо нэмэгдэнэ. Түүнээс болж зардал өснө. Зардлаа тооцохгүй байна. Мөнгө их болсон цаг юм байна” хэмээн үүнийг эсэргүүцэж байв. Гэвч машинаар санал хураадаг болж байгаа тул хэсгийн хороодод ажиллах хүний тоо төдийлөн нэмэгдэхгүй гэж ажлын хэсэг үзжээ. Тухайлбал, 2000 сонгогчтой хэсэгт таваас долоо, 2000-2500 сонгогчтой бол долоогоос ес, 2500-гаас дээш сонгогчтой бол 9-11 хүн ажиллах боломжтой гэлээ. Нийт 25,8 тэрбум төгрөгөөр 2430 орчим саналын машин авах аж. Хэрэв хэсгийн хороодод зардал нэмэх шаардлагатай гэвэл УИХ шийдэж өгөх юм байна. З.Энхболд гишүүн Сонгуулийн хэсгийн хороодын хамгийн их цаг үрдэг ажил нь сонгогчийн нэрсийн жагсаалт үйлдэх, сонгогчийн үнэмлэх тараах зэрэг байдаг. Ирэх сонгуулиас эдгээр ажил байхгүй болох тул ажилтны тоог цөөрүүлэх боломжтойг хэлж байв.
Сонгууийн хуулиар овоо тахих зэргийг хориглож, хэсэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан нэгээс доошгүй кабин бэлтгэхээр төсөлд оруулахыг гишүүд дэмжив. Нийтйиг хамарсан үймээн самуун дэгдэх, үер усны аюул зэрэг гэнэтийн нөхцөл байдал үүсвэл хэсгийн хороодыг нүүлгэн ажиллуулахыг мөн дэмжив. Сонгогч хуурамч нэрээр санал өгөх, хуурч мэхлэх, гаднаас саналын хуудас оруулж ирэх, эсвэл дотроос авч гарах, хэн нэгний төлөө саналаа өгөхийг уриалж ятгах зэргийг хориглох бөгөөд ингэсэн тохиолдол гарвал наад тал нь 14 хоногийн хугацаагаар баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэж ч болох аж.
Хэвтрийн өвчтэй, урьдчилан саатуулах газарт хоригдсон зэрэг иргэнээс зөөврийн хайрцгаар санал хураах тухай асуудал маргаан дагуулав. Гишүүн З.Энхболд хэвтрийн өвчтэй хүмүүсээс заавал эмч нарын зөвлөлгөөний шийдвэр шаардах, мөн 10 хоногийн өмнөөс эдгээр хүний бүртгэлийг гаргах зэрэг санал гаргалаа. Эмч нарын зөвлөлгөөний шийдвэр шаардахгүй бол хөдөө нэг хэсгийн хороонд л гэхэд 10 гаруй хүн мориноос унасан гэсэн шалтгаанаар зөөврийн хайрцгаар санал өгч, санал будилуулдаг гэж байв. Тиймд санал хураах өдөр зөөврийн хайрцаг явуулахгүй байх, хэд хоногийн өмнөөс урьдчилж санал хураах зэрэг шаардлагыг тавих ёстой гэсэн байр суурьтай байлаа. Харин гишүүн Д.Дондог, Д.Лүндээжанцан нар амьдрал баян учраас сонгуулийн урьд өдөр ч хүн эмнэлэгт хэвтэх тохиолдол гарч болно. Эмч нарын зөвлөлгөөний шийдвэр гаргуулахаас өмнө хүн хэвтэрт орж болно. Өмнөх сонгуулиар эмнэлэгт хэвтсэн хүн зөөврийн хайрцгаар саналыг нь авах байх гэж хүлээж харсаар сүүлийн сонгуульдаа оролцож чадсангүй гэсэн гомдолтойгоор нас эцэслэж байсан тохиолдол ч бий гэлээ. Мөн ганц нэгхэн саналаар ирц хүрэхгүй болж сонгууль дахих вий. Иймд нэг, хоёр гэлтгүй хүний санал хэрэгтэй гэсэн юм. Санал хураахад энэ асуудалд илүү уян хатан байдлаар хандах хэрэгтэй гэсэн гишүүд олонх болов.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор ийнхүү саналын томъёоллуудаар санал хурааж, үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.