Одоогоор Манай улсад зөвхөн “Хүнсний барааны агуулах. Техникийн ерөнхий шаардлага” MNS-5364-2004 стандартыг мөрдөж байна. Энэ нь зөвхөн хүнсний барааны худалдаа эрхлэгчдэд зориулагдсан, үйлчлэх хүрээ нь явцуу, түүнийг бусад барааны агуулахын үйл ажиллагаанд мөрдөх боломжгүйгээс хүнснээс бусад барааны агуулахын үйл ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавих, зохицуулах эрх зүйн баримт дутагдалтай байна. Иймээс стандартыг орчин үеийн дэвшилтэт техник, технологид тулгуурласан агуулахын тбвшинд хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа тул стандартчиллын 2011 оны хөтөлбөрт тусгуулан “Худалдааны агуулах” стандартын төслийг гадаад орны дэвшилтэт стандарт, барилгын болон эрүүл ахуйн норм, дүрэм журамд хэрхэн нийцэж байгаад харьцуулалт, судалгаа хийж, агуулахын үйл ажиллагааны олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан байна. Уг төсөлд стандартын хамрах хүрээ, норматив ишлэл, ангилал, нэр томъёо тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, стандартын төслийн тав дахь хэсэгт Агуулахын байгууламж, ажлын байранд тавигдах шаардлага, зургаа дахь хэсэгт Ачиж буулгах болон хадгалалтын тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, долоо дахь хэсэгт Барааг хүлээн авах, хадгалахад тавигдах шаардлага, найм дахь хэсэгт Агуулахын ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах шаардлага, ес дэх хэсэгт Хүний нөөцөд тавигдах шаардлагыг тус тус шинээр нэмж оруулжээ.
Эх сурвалж: Стандартчилал, хэмжил зүйн газар