Монголчууд Тавантолгойд хамтран оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Монголчууд Тавантолгойд хамтран оролцоно

Тавантолгойн нүүрсний  ордын ашиглалтад  оролцохоор Монголын үндэсний компаниуд гардан гүйцэтгэх боломжийг нээх ашиглах зорилгоор “Монгол 999” үндэсний компаниудын нэгдэл байгуулжээ. Энэ талаар өнөөдөр “Баян мэдлэг” ХХК—ийн захирал Д.Сүхбаатар, “Хаан брой” ХХК-ийн захирал С.Отгонбаатар, Сентоза” ХХК-ийн захирал С.Одонтуяа, “Чингис шар айраг” ХХК-ийн захирал Д.Очирхуяг, “Таван толгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж нарын албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн талаар бид мэдээлсэн. Одоогоор 700 гаруй компани тус нэгдэлд нэгдээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Сентоза” ХХК-ийн захирал, эдийн засагч С.Одонтуяатай ярилцлаа.

-Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтыг Монголын үндэсний компаниудын нэгдэл  гардан гүйцэтгэх  зорилготой байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Өнөөдөр монголын ард түмэн уул уурхайн баялаг, бидний амьдралыг хэрхэн өөрчлөх бол гэж баярлах нь баярлаж, сэтгэл түгших нь түгшиж хүлээж байна. Нэг хэсэг нь  энэ төслөөс Монгол Улсын эдийн засаг, богино хугацаанд эрчимтэй хөгжиж, ард түмний амьдрал эрс дээшилнэ гэсэн бодолтой байгаа. Гэтэл нөгөө хэсэг нь гадаадын компаниуд, цөөн олигархууд л баяжиж ухсан нүхтэй, олон тэрбумын  зээлтэйгээ л үлдэх болов уу гэсэн бодолтой байна.  Ямар үр дүн гаргах нь өнөөдөр монголчууд биднээс л хамаарна. Төр засгийн бодлого, иргэд, бизнес эрхлэгчид бидний хэр ажиллахаас хамаарна гэж үзэж байна. Эквадор улсын жишээнээс харахад уул уурхайгаас олсон 100 ам.доллар тутмын  ердөө гуравхан доллар нь тухайн орны эрүүл мэнд, боловсрол,  ядуурлыг бууруулахад зориулсан байдаг. 75 доллар нь олборлолт хийсэн гадаадын компанийн халаасанд орж үлдсэн хэсэг нь Засгийн газрын зардал, гадаад өрөө төлөхөд зориулагдсан гэдэг тоог үзээд үнэхээр сэтгэл сэртхийж байна. Иймээс Монгол Улс хэдэн жилийн дараа Африкын орнууд шиг ядуу хэвээрээ үлдэхгүйн тулд бид бүгд ур ухаанаа уралдуулах, нэгдэн нягтрах, хүчээ нэгтгэх зайлшгүй шаардлага байна гэдгийг иргэд маш сайн ойлгох ёстой. Иймээс би энэхүү санаачлагыг бүхий л талаар дэмжиж ажиллаж байна. 

-Тавантолгой зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлын төвд байгаа. Тэгэхээр та бүхэнд туршлага дутах ч юм уу бэрхшээл байж болох юм?

-Бэрхшээл маш их бий. Гэхдээ бид бэрхшээлээс эмээгээд өөрсдийгөө хөгжүүлэхгүй байж болохгүй. Монголчууд дэлхийн хэмжээний том төслийг бие даан хэрэгжүүлэх чадвар дадал сууж, шаардлагатай боловсон хүчнээ нэн даруй бэлтгэж авах нь илүү их ач холбогдолтой.  Нэг үгээр хэлэхэд Монголын бизнес эрхлэгчид маркетинг, менежментийн шинэ шатанд гарч ажиллахыг амьдрал өөрөө шаардаж байна. Бид өөрсдийгөө хөгжүүлснээр монгол хүний үндэсний бахархал өсч, үнэлэмж нэмэгдэх болно. Нүүрсний уурхай ажиллуулах, баяжуулах, борлуулах нь монгол хүний олон жилийн турш хийж ирсэн ажил. Энэ салбарт хангалттай туршлага, дадал чадварыг үндэсний мэргэжилтнүүд хуримтлуулсан. Бусдын чаддагийг монгол хүн яагаад чадахгүй гэж.

-Хамгийн гол асуудал хөрөнгө мөнгө. Энэ ордыг ажиллуулах хэмжээний хөрөнгө мөнгө монголчуудад байна уу?

-Тавантолгойн ашиглалтад оролцохоор саналаа ирүүлсэн аль ч талд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүрэн хэмжээний хөрөнгө бэлэн байхгүй. Тэд ч гэсэн, бид ч гэсэн энэ мөнгийг хөрөнгийн  зах зээл дээрээс л татах болно. Бусдын чаддагийг монгол хүн хийж чадах л болно. Монголын баялгаар хөрөнгийн зах зээлээс хангалттай мөнгө татаж чадсан бэлээхэн жишээнүүд байна. Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхай, Өмнөговь дахь Овоот толгойн уурхайнууд Хонгконг, Торонтогийн хөрөнгийн биржээс төсөл хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэх хөрөнгийг татаж чадсан. Бид ч чадах болно. “Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдэл тэдэнтэй ижил нөхцлөөр өрсөлдөх болно. Ингэхдээ Төр – иргэн – үндэсний үйлдвэрлэгчид гэсэн гурвалсан холбоогоор үйл ажиллагаагаа зохицуулж, хэрэгжүүлэх болно. Энэ нь нээлттэй тунгалаг засаглал, ил тод байдлыг дээд зэргээр хангасан үндэсний төсөл байх юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Гонгконгийн Хөрөнгийн биржийн дарга Роналд Аркуллитай уулзахдаа “Гонконгийн хөрөнгийн зах зээлд Монголын компаниудын хувьцааг гаргах, уул уурхайн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож худалдаалахад хөрөнгийн биржийг ашиглахыг чухалчилж” байгаагаа дурдсан. Гонконгийн Хөрөнгийн биржийн захирал Роналд Аркули ч “Монголын үнэт цаасыг өөрийн биржээр дамжуулан худалдаалах” хүсэлтэйгээ илэрхийлсэн нь боломж байгааг илтгэж байна  шүү дээ.

-Хөрөнгө мөнгө гэснээс үүсгэн байгуулагчид хэдэн төгрөгөөр нэгдэж байгаа нь сонирхол татаж байна шүү ?

-“Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдэлд нэгдэж байгаа талууд тус бүр  сая төгрөгийг Үндэсний төслийг хэрэгжүүлэх дүрмийн санд оруулах юм. Энэ хөрөнгөөр Үндэсний төслийг сурталчлах, хөрөнгийн бирж дээр гаргах Монгол 999+ нэгдлийн IPO(initial public offering) хийлгэж, гадаадын нэр хүнд бүхий үнэлгээ, шинжилгээний мэргэжилтнүүдийг ажиллуулах зэрэгт зарцуулах юм. Товчхондоо төслийг боловсруулах шатны зардлыг нээлттэй, шударга, олонхийн оролцоотой хэлбэрээр хийхээр зорьж байгаа л даа.

-Үүсгэн байгуулагчдад яагаад ганцхан сая төгрөгийн болзол тавьж байгаа юм бэ. Түүнээс их юм уу, бага байж болох уу?

-Одоохондоо их юм уу бага байж болохгүй ээ.  Учир нь бид олон мянган жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихийг зорьж байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэгчид  улс орны хэмжээгээр ажлын байрны 80-90 хувийг  хангаж байдгаараа томоохон ач холбогдолтой. Эдийн засагч хүний хувьд ажлын байрыг л аль болохоор нэмэгдүүлэх нь бүх асуудлаас илүү чухал  санагдаж байна.  Нөгөөтэйгөөр бизнесийн ижил гарааг бүрдүүлж өгснөөрөө, цөөн хэдэн компанийн эрх ашгийг хамгаалж ажиллаж ирсэн урдын нэгдлүүдээс ялгагдаж  үүсгэн байгуулагчдад илүү итгэлийг төрүүлж байгаа. Өнөөдрийн сая төгрөгийн хувьцаа 2-3 жилийн дараа 10-20 сая  төгрөг болохыг үгүйсгэх аргагүй.

-Та нарын хамгийн том бэрхшээл юу байна. Хэрвээ шалгарч чадахгүй бол яах вэ?

-Монголчууд бидний хамгийн том бэрхшээл бол эвлэлдэн нэгдэж, туйлбартай ажиллаж чадахгүй байх явдал. Бусад асуудал шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Шалгарч чадахгүй тохиолдолд юм нэгээр дуусахгүй. Монгол Улсыг хөгжүүлэх олон арван том жижиг төслүүд яригдаж байгаа шүү дээ.

-Хэрвээ төсөл хэрэгжвэл ямар үр дүн үзүүлэх бол?

-Монголын баялгийг монгол хүн боловсруулж, бүх ашиг Монголдоо үлдэх болно. Хуваарилагдсан ногдол ашгийн 70 хувиас доошгүй нь Монголын эдийн засагт орно. Монголчууд дэлхийн хэмжээний том төслийг бие даан хэрэгжүүлэх чадвар, дадал сууж, ажлын байр эрс нэмэгдэн, дотоодын нийт бүтээгдэхүүн, хүн амын цалин орлого эрс дээшилнэ.Түүнчлэн монгол хүний үндэсний бахархал өсч, үнэлэмж нэмэгдэх болно. Монголын бизнес, эдийн засгийн орчин дэлхийн харилцаанд эн тэнцүү эрхтэйгээр нэгдэн нийлж интеграцичилагдах зэрэг олон үр дүн гарна гэж тооцоолсон.

-Одоогоос хэдэн жилийн өмнө таны “Эдийн засгийн алуурчин” нийтлэлийг уншиж байсан. Сүүлийн үед энэ талаар нэлээд шуугих боллоо?

-Тийм ээ. Гурван жилийн өмнө Джон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны өчил” номыг уншиж сэтгэл сэртхийж энэ номын тухай сэрэмжлүүлэг бичсэн. Тухайн үед хүмүүс нэг их ойшоогоогүй хэрнээ Оюутолгойн төсөл батлагдсаны дараа “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр бүгд л энэ номын тухай ярьж эхэлсэн. Сонин хэвлэлүүд хүртэл  миний энэхүү нийтлэлийг дахин нийтэлсэн.  Эдийн засгийн алуурчны үүрэг нь тусгаар улсуудад өндөр үнэтэй эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөмж жорын дагуу эдийн засгаа шинэчлэх, орчин үеийн зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эдийн засаг-нийгмийн багц реформ явуулахыг итгүүлэх явдал. Хэргийн гол нь эдгээр асар том төслийг хэрэгжүүлэхийн тулд гаднаас зайлшгүй их хэмжээтэй зээл авах ёстой. Тэдгээр зээлийн үндсэн нөхцөл нь хөрөнгө оруулагч орнуудын үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулах явдал юм. Зээлийн хөрөнгөөр тухайн улсад бүтээн байгуулсан  хөрөнгө оруулагч орнуудын инженер, барилгын компаниудын эзэд үлгэрийн мэт баяждаг. Үнэндээ санхүүжүүлж буй мөнгөний ихэнх нь хилээс гаралгүй хөрөнгө оруулагч орнуудын барилгын компанийн дансанд нь ордог. Хэдий мөнгө тэр дороо л буцаад корпорацийн дансанд орж байгаа ч зээл авсан улс орон зээлээ  буцааж хүүнийх нь хамт төлөх хэрэгтэй болдог. Хэрэв эдийн засгийн алуурчин сайн ажилласан бол зээл нь эргэж төлөхийн аргагүй их болж, зээл авсан улс олон жилийн турш өрөнд унадаг байна. Ихэнх улс орныг харахад эдийн засгийн үлээсэн өсөлт хүн амын багахан хэсэгт ашиг авчирч, олонхийн байдлыг улам хүндрүүлж байна. Манай нийгэмд жирийн иргэдийн амьдрал ахуйд ахиц дэвшил гарахгvй байна.  Монголд төрөл бүрийн салбарт гадаадын олон мянган төслүүд “цаасан” дээр хийгдсэн боловч амьдралд хэрэгжиж, иргэдэд үр өгөөжөө өгсөн нь хуруу дарам цөөхөн.

-Саяхан таны “капиталистгүй капитализм” нийтлэл гарсныг уншсан. Та бизнес эрхэлж байсан болоод ч тэр үү бизнес эрхлэгчдийг нэлээд өмгөөлж хамгаалсан байна лээ?

-Тийм ээ. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ, гэдгийг тодорхойлохыг хүссэн. Капитализмд уу, социализмд уу, эсвэл бараг феодализмд уу, гэж асуухаар  тодорхой хариулах боломжгүй байна. “Хүнлэг ардчилсан нийгэм” гэвэл илүү тохироод байх шиг. Капиталист нийгэмд амьдарч байгаа юм уу гэхээр эргэн тойронд тэр капиталистууд  буюу баялаг бүтээгчид нь дэндүү хуруу дарам. Паразитууд улс орны шим шүүсийг сорж, эдийн засаг дуусах дээрээ хүрч байна.Түшмэдийн хөнөөлийг бизнесмэнүүд үүрч байна. Баялаг бүтээгчийг хувиа бодсон шуналтан мэтээр харж, үнэ хөөрөгдлөө хэмээн харааж зүхэж, түшмэдийг болохоор “ард түмний төлөөлөл” гэж алдаршуулан магтддаг. Бага ч гэсэн байнгын өсөн нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалт нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, бидний амьдралын түвшинг нэмж байсан. Ашгийг эдийн засгийн хөгжил дэвшлийн гол урамшуулал, өрсөлдөөн бол эдийн засгийн үндсэн хууль гэж ойлгодог бизнесмэнүүд 90 оноос эхлэн олноор төрж, улс орны эдийн засгийг богино хугацаанд хөгжүүлсэн.

-Түүгээр ч барахгүй капиталист нь олигархиас юугаараа ялгаатай болохыг тодхон тайлбарласан байна лээ?

-Капиталист нь капиталыг хуримтлуулж ажлын байр бий болгож, үүгээрээ баялаг бүтээж баяждаг бол олигархи нь төрийн өндөр албан тушаалаа ашиглаж хормын дотор зурдаг гарын үсгээрээ улсын төсвийг хоосолж баяждагаараа ялгаатай.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж