“Энхийн төлөө” цогцолборыг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

“Энхийн төлөө” цогцолборыг хүлээн авлаа

Батлан хамгаалах яамны харьяа “Багабаян” цэргийн амралтын газрын дэргэдэх  “Энхийн төлөө” цогцолбор төвийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцсон юм.

“Энхийн төлөө” цогцолбор төвийг БХЯ-ны 100 жилийн ойд зориулж Хятадын засгийн газар 8,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барьжээ. Мөн Монгол Улсын зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа болон Олон улсын шинж чанартай цэргийн  ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдынхаа эрүүл мэндийг нөхөн сэргээх зорилгоор байгуулсан аж.

Нээлтийн үеэр БХЯ-ны сайд Л.Болд “Энэхүү бүтээн байгуулалт бол Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгал болон Монгол Улсын БХЯ үүсэн байгуулагдсаны хүрээнд хийж буй томоохон ажил болж байна. “Энхийн төлөө” цогцолбор төв нээгдсэнээр Монгол Улсын энхийг сахиулагчид, ахмад дайчдыг амраах, нөхөн сэргээх, улмаар нийт цэргийн албан хаагч, иргэдэд амралт, сувиллын цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон”-ыг онцоллоо.

Уг цогцолбор нь барилга архитектурын өвөрмөц шийдэл, инженерийн бие даасан дэд бүтэцтэй. Мөн 100 гаруй хүн хүлээн авах боломжтой 51 өрөө бүхий, хурлын танхим, зоогийн газар, саун болон чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн гээд амралт сувиллын үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрэн хангажээ. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн, теннис, гар болон сагсан бөмбөгийн талбай, мини цанын бааз гээд гаднах орчны хувьд ч багагүй тохижилт хийгдсэн цогцолбор юм.

Мөн энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд Санзайгаас “Багабаян” амралтын газар хүртэлх 2,8 км урттай хатуу хучилттай замыг хүлээн авсан юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж