
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн гүйлгээний сангийн 2011 оны орлого, зарлагын тухай авч хэлэлцлээ. Энэ үеэр хөндөгдсөн асуудал нь төв банк 2010 онд 145 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тухай байв. Мөн төгрөгийн ханшаас дээрх банк 183 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Байнгын хорооны хуралд оролцсон гишүүд “Алдагдалтай ажилласныхаа төлөөсөнд төв банкны удирдлага хариуцлага хүлээх ёстой” гэх үгийг хаяглаж байлаа. Харин Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Энэ оны сүүлч гэхэд төв банк алдагдлаа нөхчихнө” гэх хариултаар амыг нь таглав. Эцэст нь дээрх асуудалтай холбоотойгоор гишүүд төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой, энэ асуудлыг хугацаа алдалгүйгээр энэ ондоо багтаан шийдвэрлэх ёстой гэж үзлээ.
Төв банктай холбоотой асуудлыг авч хэлэлцэхийн өмнө тус байнгын хороо нь Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтсон юм.
Г.Дарь