
Уг арга хэмжээнд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш нарын хамт хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Зөвлөх Р.Болдын хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч монгол бичгийн албан хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор зарлиг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосон. Мөн бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгох үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийхээр болсон. БСШУЯ ирэх жилээс ийм гэрчилгээ, диплом олгохоор одоо загварыг нь гаргаж байгаа аж. Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг бас хоёр бичгээр бичихээр болсон. Үүнийг ХЗДХЯ хариуцаж байгаа юм байна. Мөн ерөнхий боловсролын дунд сургуулийн нэгээс гуравдугаар ангид Иргэний боловсрол хичээлийн хүрээнд худам монгол бичиг зааж байгааг хэллээ.
Дэлхий нийтэд, түүн дотроо дорнын орнуудад түгэн дэлгэрсэн уран бичлэгийн урлаг нь эртний уламжлал, орчин үеийн шинж төлөв, тамга тэмдгийн уламжлал зэргийг харуулдгаараа онцлог гэдгийг хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хэллээ. Тэнгэрийн бичгээ эрхэмлэвэл гадаад дотоодод Монгол Улсын нэр хүнд дэлгэрэн түгэх болно гэсэн юм.
Уран зургийн галерейд арваннэгдүгээр сарын 16-20-нд үргэлжлэх "Мөнх тэнгэрийн бичиг" уран бичлэгийн үзэсгэлэнд эртний хаадын монгол бичгээр үйлдсэн захидал, тэдний хэрэглэж байсан тамганы дардас, “Алтан товч”, “Эрдэнийн товч” зэрэг түүхт бүтээлийн бичвэрүүд, хаад ноёдын угийн бичиг зэрэг үнэт ховор үзмэрүүдийг нийтийн хүртээл болгох юм байна. Ватиканы архиваас шилжүүлж өгсөн Монголын Эзэнт гүрний Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын "Үг мину" зарлиг, Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал зэргийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх ажээ.
МУИС-ийн багш нар худам бичгээ сэргээн нийтээр хэрэглэхийн чухлыг хэлж байлаа. “Худам бичиг бол монгол үндэсний цорын ганц бичиг юм. Кирилл үсэг хараахан бичиг болоогүй, үсгийн хэмжээнд байгаа. Кирилл үсэг монгол хэлд таарахгүй, заримдаг үсгийн араас зэрэмдэг үсэг, зэрэмдэг үсгийн араас эрэмдэг үсэг гэх мэт ичгэвтэр муухай дүрэмтэй тул даяараа даруй монгол бичигтэн болъё. Компьютерийн системээ сайн боловсруулж уйгаржин болгоё” хэмээн МУИС-ийн багш н.Гантогтох уриалж байлаа.
Уйгаржин бичиг сурахад үгийн тайлбар чухал тул МУИС-ийн багш нар тайлбар толь гаргах гэж байгаа ажээ.
Д.ОЮУН