Зүүн хойд Ази эдийн засгийн хөгжлөөр тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Зүүн хойд Ази эдийн засгийн хөгжлөөр тэргүүлнэ

“Зүүн хойд Азийн бүс нутаг нь ойрын 30-50 жилд 50 орчим их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх асар том эдийн засгийн төвлөрөл юм. Гэхдээ хүйтэн дайн үргэлжилсээр байгаа сүүлчийн цэг, цөмийн зэвсэг, цэргийн төвлөрөл бүхий хамгийн том бүс нутаг” хэмээн Зүүн хойд Азийн нийгэмлэгийн тэргүүн, нийтлэлч Б.Батбаяр ярилаа. Монгол Улс энэхүү бүс нутагт нэгдэн ороод удаж байгаа. Тиймээс бүс нутгийн хөгжил, харилцаанд тодорхой хэм­жээнд идэвхтэй оролцох хэрэгтэй байгаа тухай Зүүн хойд Азийн ний­гэмлэг байгуулагдсаны 11 жи­лийн ойд зориулсан бага хуралд оролцогчид ярьцгааж байсан юм. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газ­рын гишүүд, гадны орнуудаас Мон­гол Улсад суугаа дипломат тө­лөө­лөгчийн газрын ажилтнууд, шин­жээч, судлаачид оролцов. Хурлын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Б.Батбаяр “Монголчууд 1990 он хүр­тэл Москвагаас хамааралтай бай­сан.  Харин тогтолцоо задарсны да­раа аль нэгэн интеграцчилал, хамт­ралд нэгдэх шаардлагатай болсон юм. Үүнтэй уялдаад 1990-ээд оны сүүлчээс Монгол Улсын гадаад бодлого Зүүн хойд Ази руу чиглэсэн билээ. Сибирь, Монголын баялаг, Өмнөд Солонгос, Япон, Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил зэрэг нь бүс нутгийн хөгжлийг то­дорхойлдог. Гэхдээ БНАСАУ-ын цө­мийн зэвсэглэл зэргээс болоод улс төрийн хувьд нэгдмэл байж чад­даггүй” хэмээн ярив. Анх энэ бүс нутаг дахь Монголын оролцоо аялал жуулчлал, ноос ноолуурын салбар төдийхнөөр хязгаарлагдаж байсан бол одоо ашигт малтмал, байгалийн баялгаараа онцгой ач холбогдолтой орон болж чаджээ. Харин Зүүн хойд Азийн нийгэмлэгийн хувьд гишүүд нь гадаад, дотоод бодлого судалдаг хүмүүс байдаг ба Монгол Улсын үе, үеийн Засгийн газарт төлөөлөлтэй, хамтран ажиллаж ирснээрээ онцлог болохыг Б.Батбаяр онцлов.

ГХЯ-ны Азийн газрын захирал, Зүүн хойд Азийн нийгэмлэгийн удир­дах зөвлөлийн гишүүн Б.Ган­болд “Засгийн газар албан ёсны түв­шинд хийх боломжгүй ажлыг тус нийгэмлэг хийсээр ирсэн. Ялан­гуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр бүс нутгийн орнуутай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, БНСУ-ын “Коика” бай­гууллагын тусламжаар Дорнод аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Мөн хил залгаа нутгуудад Консулын газар байгуулах, Солонгосын хой­гийн асуудлаар яриа хэлэлцээр хийх гүүр болох зэргээр Монгол Улс бүс нутгийн үйл ажиллагаанд оролц­соор ирсэн” хэмээн ярьсан юм. Харин Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат “Зүүн хойд Азийн бү­сэд чиглэсэн Мон­гол Улсын стратеги хандлага” илтгэлдээ нэлээд сонирхолтой сэд­вийг хөндөж ярив. ОХУ-ын Алс дорнод, зүүн Сибирь, зүүн, хойд Хятад, Монголыг оролцуулаад нийт 13.2 сая км квадрат талбайтай, 320 сая хүн ам бүхий нутаг дэвсгэр Зүүн хойд Азид багтдаг. Түүнээс хамгийн уудам нутагтай, хүн ам цөөн орон нь Монгол юм. Өдийг хүртэлх хугацаанд бүс нутгийн хэмжээнд интеграцчилал явагдахгүй байгаа. Улс төрийн итгэл­цэл байдаггүй. Зөвхөн хоёр орны харилцан хэлэлцээрийн түвшинд хамтын ажиллагаа нь хязгаарлагддаг аж. Гэхдээ техник, технологийн хөг­жил зэрэг олон хүчин зүйлээс ха­маараад эдийн засгийн хувьд ч бас нэгдмэл биш зүйл олон байгаа юм. Харин цаг хугацааны явцад энэ бүхэн өөрчлөгдөх боломж бий гэдгийг Д.Ганбат онцлов. Түүнчлэн нөгөө талаас ажиллах хүчний зах зээл тэргүүтэй олон хүчин зүйлээс хамаараад бүс нутгийн эдийн зас­гийн интеграцчилал нь жижиг ор­ны үндэсний аюулгүй байдалд нө­лөөлөхүйц сөрөг үр дагавар ав­чирд­гийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй болов уу. Ямартай ч япончууд анх гаргаж ирсэн “Зүүн хойд Ази” гэх нэр томъёо монголчуудад хамааралтай. Зөвхөн ашигт малтмал төдийгүй геополитикийн ашигтай байрлал, байгаль, экологийн хувьд монголчуудын үүрэг, ач хол­богдол ч өндөр байгаа юм. Ялан­гуяа Европын холбоо задарч магадгүй болсон. Европ, Азийн ба­руун эргийн байдал хүндэрсэн учир Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил 21 дүгээр зууныг тодорхойлж ч мэднэ хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ярилаа.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж