Нэр бүхий есөн гишүүн Цэцэд хандана

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Нэр бүхий есөн гишүүн Цэцэд хандана

УИХ-ын есөн гишүүн Ерөнхий сайдыг суудлаас нь буулгадаггүй юм гэхэд огцруулах асуудлыг нь байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байж санаа амрах  бололтой. Тэдний саналыг ангийн нөхдийнх нь олонхи дэмжээгүй ч тэмцлээ үргэлжлүүлэх гэнэ. Эрхэм гишүүдийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар эхэлсэн тэмцэлд УИХ татагдан орох нь нэгэнт тодорхой болсон. Учир нь тэд “Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн тавьсан шаардлагыг хэлэлцэх ёстой. Гэтэл хэлэлцэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэж үзэж байгаа юм. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өнгөрсөн долоо хоногт болсон хуралдааны үеэр “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцье” гэсэн томъёоллоор санал хурааж, гишүүдийн олонхи нь гар өргөөгүй билээ. Ж.Сүхбаатар даргын хэлж буйгаар нэр бүхий есөн гишүүнд Засгийн газрын тэргүүнийг, цаашлаад Засгийн газрыг огцруулах хууль, эрх зүйн боломж байхгүй аж.

Ийм шийдвэр гаргасанд нь эгдүүцсэн УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Хуулийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргах ёстой. Гэтэл хэлэлцэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Тиймээс бид тохирсон хариуг нь барина. УИХ хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтийг хянадаг байгууллага. Тэр байгууллага нь хууль зөрчөөд байхаар яах вэ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ. УИХ-ын алдааг залруулахыг хичээж ажиллана. Харин ямар, ямар гаргалгаа гаргаж ирэхийг харж байна биз” гэж байв. Есөн гишүүнийг ахалж буй энэ эрхмийн хэлсэнчлэн УИХ-д барих хариу нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандах байжээ. “Байнгын хорооны дарга болон гишүүд хууль тайлбарлах эрхгүй. Үндсэн хуулийн Цэц л хуулийн зүйл, заалт тайлбарлах эрхтэй” гэж үзэж буй есөн гишүүн хуулийн чухам ямар зүйл, заалтыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцэд хандах вэ гэдгээ мэргэжилтнүүдтэй хамтран судалж байгаа ажээ. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Д.Ганхуяг нар өчигдөр “Хамгийн сүүлийн гарц нь Үндсэн хуулийн Цэцэд хандах болоод байна” гэж байлаа. Харин чухам хэзээ хандахыг нь асуухад “Нэг их удахгүй. Судлах зүйл байна. УИХ болон холбогдох байнгын хороо асуудлыг хэлэлцэхгүй байгаа нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж байна. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд хандах боломж бий” гэсэн хариулт өглөө.

Нэр бүхий есөн гишүүн доорх заалтуудыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцэд хандах аж.

 1. Монгол Улсын Үндсэн хууль

25.1.6. УИХ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах эрхтэй

41.1. Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна

2. Монгол Улсын Их хурлын тухай хууль

7.1.12. УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах.

3. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль

17.3. Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ.
17.4. Танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн.

4. УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль

 38.1. Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн бол тухайн саналыг холбогдох байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж