Анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж, Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхний дүгнэлтийг сонсч, улмаар уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.
Ажлын хэсгээс Зэс хайлуулах боловсруулах үйлдвэр барьж байгуулах зураг төслийн ажлыг Концессийн гэрээгээр “Эрдэнэт” үйлдвэрээр хийлгүүлж болох юм гэж үзсэн байна. Тиймээс Засгийн газарт энэ эрхийг нээлттэй үлдээжээ. Мөн Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулахдаа хүн, байгальд хоргүй дэлхий дахинд одоо ашиглаж байгаа технологийг ашиглах ёстой гэж үзсэн. Зэс хайлуулах боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг нээлттэй үлдээсэн. Засгийн газарт гадаадын компани 150 мянган ам.доллараар уг Техник эдийн засгийн үндэслэлийг хийгээд өгч болох юм гэсэн санал ирүүлсэн, гэвч түүнийг нь төсөвт суулгаагүй байгаа тул нээлттэй үлдээсэн болохыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр танилцуулгадаа дурдлаа. Түүнчлэн үйлдвэр барих хөрөнгийг тодорхой болгохыг Засгийн газарт үүрэг болгох.
Зэс хайлуулах боловсруулах үйлдвэр барьж байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар “Зэс хайлуулах боловсруулах үйлдвэр байгуулах бодлогоо Засгийн газар ирэх аравдугаар сарын 1-ний дотор багтаан УИХ-д оруулж ирэхгүй бол Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг гаргасан. Үүнийг Засгийн газарт протколоор өгөхөөр болжээ.
Одоо Эдийн засгийн байнгын хороогоор Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхийн зэрэгцээ Монголбанкны мэдээллийг сонсоно.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж