”Оюутолгой” төсөл хойшилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

”Оюутолгой” төсөл хойшилж магадгүй

“Оюутолгой” төслийг “Рио Тинто” компанитай хамтран хэрэгжүүлж буй “Айвенхоу Майнз” компани өчигдөр гуравдугаар улирлынхаа санхүүгийн тайланг мэдээлжээ. Энэхүү тайландаа тус компани төслийн үйл ажиллагаанд шаардлагатай эрчим хүчний асуудлыг цахилгаан станц барих замаар шийдвэрлэхээр болбол худалдааны эхний бүтээгдэхүүнийг гаргах хугацаа хойшлох тухай онцлон өгүүлжээ. Түүнчлэн төслийн бүтээн байгуулалтын төсөвт цахилгаан станц барих хөрөнгө тусгагдаагүйг дурджээ. Урьд нь төслийн үйл ажиллагааны эхний дөрвөн жилийн хугацаанд Хятадаас эрчим хүч авч, дараа нь дотоодоос цахилгаан нийлүүлэхээр тохиролцоод байсан юм. Цахилгаан станц байгуулах ажлыг эс тооцвол, энэ оны эцэс гэхэд Оюутолгой төслийн бүтээн байгуулалт 70 хувьд хүрэх тухай тус компани мэдээлжээ.

Төлөвлөгөөний дагуу бол, Оюутолгой төсөл 2013 оны эхний хагаст багтаж ашиглалтад орох бөгөөд эхний арван жилийн хугацаанд жилд дунджаар 544 мянган тонн зэсийн баяжмал, 650 мянган унц алт, 3 сая унц мөнгө үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. Тус компани энэ улиралд Хятадын зарим компанитай бүтээгдэхүүн худалдааны урьдчилсан гэрээ байгуулжээ. Тус компани үйлдвэрлэх зэсийн баяжмалынхаа дийлэнхийг урагш нь нийлүүлэхээр төлөвлөж байна. “Айвенхоу Майнз” компани энэ улиралд 60.5 сая ам.долларын орлого олж, 7.3 сая ам.долларын ашигтай ажилласнаа тайланд дурджээ. Ийнхүү орлоготой ажиллахад, тус компанийн охин компани SouthGobi Sands-ийн ашигтай ажиллагаа голлон нөлөөлжээ. "Айвенхоу Майнз3 компани одоогийн байдлаар Оюутолгой төсөлд 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө  оруулаад байгаа бөгөөд үүний 3 тэрбум ам.доллар нь Рио Тинто-гоос олгосон хөрөнгө оруулалт юм.

Б.Төгс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж