”Хар амиа бодсон бол амаа жимийх байлаа”

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

”Хар амиа бодсон бол амаа жимийх байлаа”

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

-УИХ
дахь МАН болон Ардчилсан намын бүлгүүд “Эрдэнэс Тавантолгой”
ком­па­­нийн нийт хувьцааны 20 хувийг Монгол Улсын  иргэн бүхэнд ажил
тэгш хэмжээгээр хуваарилах шийдвэр гаргаад байгаа. Энэ шийдвэрийг танай
ассоциацийн зүгээс эсэргүүцэж байгаа гэсэн. Яагаад?

-Манай
улстөрчид гэж худлаа шоудсан хүмүүс байх юм. Нэг, хоёр хүний хэлсэн
үгэнд автаж,  нэг хэсэг бүлэг хүмүүсийг хохироох шийдвэр гаргаад байна.
УИХ анхнаасаа 39 дүгээр тогтоолд аж ахуйн нэгжид “Эрдэнэс Тавантолгой”
компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь зарна гэж заагаагүй байсан бол аж
ахуйн нэгжүүд авна гэж улайрахгүй байсан шүү дээ. Өөрсдөө эхнээсээ өгнө
гэж амалчихаад дараа нь новшрох шаардлага байхгүй л баймаар санагдах юм.
УИХ хэлсэн үгэндээ хүрдэггүй их л муухай эвгүй зан гаргаж байна. Ирэх
жил УИХ-ын сонгууль болно. Иргэд хэлсэндээ хүрдэггүй, хийдэггүй
хүмүүсийг сонгох уу.

-Харин ч энэ шийдвэр иргэдэд таалагдаж
байгаа байх.  Компанитай нэг нь ком­па­нигүй нөгөөгөөсөө давуу эрх эдлэх
нь ялгаварлан гадуурхаж байгаа үйлдэл болчих юм биш үү?

-Монгол
Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хүмүүс бол компанийн эзэд.
Яг үнэндээ иргэдэд 20 хувийг үнэгүй тараана гэдэг “Эрдэнэс
Тавантолгой”-н  хувь­цаа үнэ цэнэгүй болохын нэг илрэл.  Яадаг ч байсан
аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь­цааг нэрлэсэн
үнээр нь зарах хэрэгтэй байна. Ингэж байж л энэ улсын эдийн засаг хөл
дээрээ босно. “Эрдэнэс Тавантолгой” компани мөнгөтэй болно. Сонгууль
дөхөж байгаа болохоор улстөрчид шоудах нь ихэслээ. Ингэж болохгүй л дээ.

-Иргэд хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь­­­­цаагаа
зарлаа гэхэд хам­гийн түрүүнд үндэсний аж ахуйн нэгждээ санал болгох
зарч­мыг баримтлах гэнэ лээ. Энэ шийдвэр эхийг нь эцээж, туга­лыг нь
тураахгүй л арга бол­лоо гэх хүмүүс ч байна лээ?

-Худлаа даа,
худлаа. Улстөрч­дийн амлалтад итгэхэд бэрх байна шүү дээ.  Жилийн өмнө л
үндэсний аж ахуйн нэгжүүдээ харж үзнэ гэж ирээд л “Эрдэнэс Тавантолгой”
компанийн хувь­цааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжүүдэд
зар­­на гээд байсан өнөөдөр юу болов. Өөрсдийнхөө баталсан тогтоо­лоос
360 градус эргэсэн эсэргүү юм яриад л явж байна шүү дээ.

-Аж
ахуйн нэгжийн эзэд ч, та ч бас “Эрдэнэс Таван­толгой” компанийн
хувь­цаа­наас 1072 ширхэгийг  үнэ төлбөргүй эзэмшинэ шүү дээ?

-Хар
амиа бодсон хүмүүст бол сайхан л санагдаж байгаа. Би хар амиа бодсон
бол амаа жимийгээд өнгөрөх байсан.  Үнэгүй өгч байгаа юмыг үг дуугүй
авчихаж болно.  Гэхдээ эдийн засгийнхаа хагжлийг бодо­хоор энэ буруу
шийдвэр учраас л эсэргүүцээд байгаа юм.  Энэ нөхөр хувийн компанийнхаа
эрх ашгийг хамгаалах гээд улайраад байна гэж хардах хэрэггүй биз. 
“Эрдэнэс Тавантолгой” ком­па­нийн хувьцааг иргэдэд үнэгүй өглөө гэж
бодье. Үйл ажиллагаа явуулах мөнгийг нь хаанаас олох гээд байгаа юм бэ.
Иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үнэгүй тараалаа гээд
эдийн засаг хөг­жинө гэдэг юу л бол. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс
Тавантолгойн төслийг яагаад буцаасан бэ гэхээр УИХ-ын 39, 40 дүгээр
тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь  Тавантолгойн төсөлд 39 дүгээр
тогтоолоо хэрэгжүүл гэдэг үүрэг өгөөд байхад өнөө­дөр улстөрчид юугаа
дэмийрээд байгааг ойлгохгүй байна.  Нэг л их популист амлалт өгсөн
хүмүүс. Үүнээс нь болоод улс орон сүйрлээ шүү дээ. Уул уурхайн салбараас
олсон мөнгө­нөөсөө нэг сая 500 мянган төгрөг өгнө гээд амалчихсан.
Өгөхийн тулд эдийн засгийн хөгжлийг яаж баллаж байна. Инфляци өсөөд, үнэ
хөөрөөд байгаа нь үнэндээ энэ муусайн улстөрчдийн тарьсан балгаас болж
байгаа хэрэг.

-Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл
ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдын хувийг өөрчлөх асуудал
яригдаж байгаа гэсэн. Орос, Япон, Солонгосын компаниудын хамтран
эзэм­ших хувийг өсгөхийн тулд Хятад, АНУ, Монголын эзэм­ших хувийг
багасгахаар болж байгаа юм биш үү?

-Би ажлын хэсэгт байхгүй
болохоор сайн мэдэхгүй  байна.  Ямар ч байсан нэгийнх нь хувийг нөгөөд
шилжүүлэх дэ­мий. Ажлын хэсэг анхнаасаа ажил­­­даа хариуцлагатай хандаж
байсан бол Тавантолгой төсөл аль хэдийнэ хэрэгжээд эхэлсэн байх ёстой
байлаа.  Эхнээс нь хутга­сан бантангаа янзлах гэж эр­гээд зовж байгаа юм
байна л даа.

-Урт нэртэй хуулийг УИХ-аар дахин хэлэлцэхээр
болсон.  Гэтэл Ашигт малтмалын газ­раас Засгийн газрын шийд­­вэрийн
дагуу зарим ком­панийн лицензийг цуцлаад эхэлчихсэн байна лээ. Тэгэхээр
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,
ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль
хэрэгжээд эхэлчих­сэн  үү?

-Энэ асуудал өөх ч биш булчирхай ч
биш гэдэг л болоод байна.  Ашигт малтмалын газ­раас аж ахуйн нэгжүүдэд
нөхөн олговроо эхлээд өгснийхөө дараа үйл ажиллагаагаа цуцлах ёстой юм.
Одоо урт нэртэй хуулийн талаар УИХ-ын гишүүд ярихгүй байх л даа. Уг нь
манай хэдэн гишүүн урт нэр­тэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн
төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барь­­сан юм. Намрын чуулганаар
хэлэл­цэнэ гэсэн чимээ аниргүй л байна.  Хэлэлцэхгүй байлгүй дээ.

-Яагаад?

-Яах
вэ дээ, ирэх жил сонгууль болно. Иргэд энэ хуулиас болоод хоёр талцаад
байгаа. Түүнээс нь улстөрчид айж байгаа биз.  Урт нэртэй хуульд нэмэлт
өөрчлөлт оруул­чихвал улсын төсөвт ч ашигтай байгаа юм. Аж ахуйн
нэгжүүдийн лицензийг нь цуцалсан алтны талбайд нь нинжа нар нь ороод
аймаар л юм болгоод хаях вий. Улсад татвар төлөхгүй, нөхөн сэргээлт
хийхгүй, хариуцлага тооцож болохгүй шүү дээ, нинжа нарт. Энэ мэтээс
эхлээд асуудал их гарна. Үүнийг тэр хууль баталсан нөхдүүд нь өнөөдөр
тооцож байгаа ч юм уу, бүү мэд. Нэг л их иргэдэд, ард түмэндээ хайртай
хүмүүс болоод жүжиглээд байх юм.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт
хувьцааны 20 хувийг иргэдэд үнэгүй өгнө гэж байхаар байр­­ныхаа үнийг
буулгачих хэрэг­тэй. Бараа бүтээгдэхүүний үнийг хямруулах арга замыг
эрэл­хийлэх хэрэгтэй шүү дээ. Энэ асуудал “Эрдэнэс Таван­толгой”-н
хувьцаанаас илүү иргэдэд чухал байна.

-Ирэх оны улсын төсвийг
та хэрхэн дүгнэж байна. Уул уурхайн салбараас олсон орло­гын ихэнхийг
нь ний­гмийг халамжид чиглүүлж буй?

-Төсөв үнэхээр хэтэрсэн
байна лээ. Улсын төсвийн дийлэнхийг нь уул уурхайн экспортоос олсон
орлого бүр­дүүлдэг.  Саяхан хэсэг гишүүд улсын төсвийг хэлэлцэх үеэр уул
уурхайн салбараас авах татварыг нэмэгдүүлэх ухааны юм ярьж байна гэсэн.
Бараг төсөл боловс­руулчихсан юм шиг сураг дуулдсан шүү. Төсөв хэлэлцэх
үеэр уул уурхайн татварыг хөнддөг, нэмдэг, өсгөдөг явдлаа одоо болимоор
байна. Уул уурхайн салбарыг зөвхөн мөнгө гэж харахаа болимоор байна.
Уул уурхайн салбараас орж ирж байгаа мөнгөө зорилгогүйгээр үрэхээ ч
болих хэрэгтэй.  Хэдэн жилийн өмнө алтны салбараас улсын төсөв багагүй
орлого оруулдаг байсан. “Фортуна” гэдэг хочтой нөхрийн балгаар алтны
үйлдвэрлэл дампуурсан шүү дээ.  Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас болж
олон аж ахуйн нэгж дампуурсан. Ийм л балагтай хууль баталдаг нөхдүүд
шүү дээ, манай улстөрчид чинь.

-Саяхан металлургийн салбарын
томоохон чуулга уулзалт боллоо.  Монголын эдийн засгийн хөгжлийн гарц нь
энэ салбарыг хөгжүүлэх гэж эдийн засагчид үзэж буй. Энэ чуулга
уулзалтын талаар та ямар байр суурьтай байна?

-Цагаа, нүдээ
олсон хууль болж чадсан гэж дүгнэж байгаа. Монгол Улс боловсруулах
үйлдвэр барихгүйгээр хөгжих­гүй. Хөгжлийн гарц яах арга­гүй металлургийн
салбар гэдэг­тэй санал нэг байна. Гэхдээ манайхан ярихаас хэтрэхгүй юм
даа. Мөнгө хөрөнгөө дэмий зүйлд зарцуулж байхаар дорви­той­хон ажилд
цацах хэрэгтэй байгаа юм. “Эрдэнэт”-ийн дэргэд зэс хайлуулах үйлдвэр
барина гээд л томроод байна. Энэ тийм ч амархан асуудал биш. Манай
улстөрчид ямар ч юмыг тооцоогүйгээр ярьдаг. Тооцоогүйгээр хууль
баталдаг. Тэр нь эргээд эдийн засагт хал болдог.

Металлургийн
салбарын чуулга уулзалтын гол зорилго нь хөрөнгө оруулагчдыг татах явдал
байсан. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын татахын тулд манай
ассоциацийн зүгээс  2002 онд анх “Дисковер Монголиа” олон улсын хөрөнгө
оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд
өнөөдөр монголчууд гадныхныг царайчлахаа боль­сон. Гадныхан өөрсдөө
мөнгөө бариаад, биднийг гуйгаад ирдэг болсон шүү дээ. Тэгэхээр
метал­лургийн салбарт ч гэсэн тун удахгүй хөрөнгө оруулахаар гадныхан
мөнгөө бариад ирдэг болно гэдэгт итгэлтэй байна.

-Нүүрсний
эспортын орлого зэсийнхээс  илүү гарах болсон. Энэ нь цаашдаа нүүрс­ний
салбар Монголд илүү давамгайлж хөгжихийн эх­лэл гэх хүмүүс байгаа?

-Монгол
Улсад мөнгө л орж ирж байвал юунаас гэдэг нь тийм чухал гэж үү. Хамгийн
гол нь Монголыг уул уурхайн салбар тэжээж байна. Гэхдээ уул уурхайн
салбараар улстөрчид их оролдох юм. Ингэж болохгүй. Гадны хөрөнгө
оруулагчдыг татья гэвэл улстөрчид ухаантай, хариуцлагатай, найдвартай
байх ёстой. Орон гаран юм яриад, нэг өглөө сэрэнгүүтээ өчигдрийнхөө
хэлсэн, ярьсны эсрэг яваад байвал Монголыг хэн ч тоохгүй болно.  Ирэх
жил Оюутолгойн үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орчихвол зэсийн
экспортоос орох орлого өсөх юм. Тавантолгойн төслийг энэ жилдээ эхлүүлнэ
гэсэн эрх баригчдын амлалт худлаа болж таарч байна. Тэгэхээр ирэх
жилээс энэ төсөл хэрэгжиж эхлэх болов уу гэж найдаж л сууна даа.

Ж.Нямсүрэн

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж