ЭЗ-ийг хөгжүүлэх их бүтээн байгуулалт яасан бэ?

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

ЭЗ-ийг хөгжүүлэх их бүтээн байгуулалт яасан бэ?

Эдийн засгийн хөгжлийн гарц нь их бүтээн байгуулалт хэмээн цэцэрхэж суусан Засгийн газрын бодлого хаашаа чиглээд байна вэ.  Хаана, ямар бүтээн байгуулалт өрнөж байгааг яг одоо хэлээд өгөх эрх мэдэлтэн байна уу. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хавар өчнөөн гоё төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зарласан.  “Шинэ бүтээн байгуулалт дунд зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийг хөгжлийг түргэтгэхээр Эрдэнэт, Оюутолгой, Цагаансуваргын  ордуудын зэсийн нөөцөд тулгуурлан зэс хайлуулах үйлдвэрүүдийг босгож, Сэлэнгэ, Дарханы бүс нутаг дахь төмрийн хүдрийн томоохон ордууд болон Тавантолгойн кокс нүүрсний нөөцөд түшиглэн хар төмөрлөгийн цогцолбор байгуулж, Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх,  зуун мянган айлын орон сууцыг сүндэрлүүлж, “алаад өгнө” гэсэн амлалтаас  аль нь хэрэгжээд байгааг асуугаад ч илүүц биз.

2012 оны улсын төсвийн төслийг УИХ-ын танхимд Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдөр танилцуулж байсан юм. Долоон их наядын “зарлага”-тай  2012 оны улсын төсвийн  60 хувь нь нийгмийн халамжид зарцуулагдахаар төсөвлөгджээ. Ерөнхий сайдын танилцуулснаар ирэх оны төсөв дөрвөн гол зорилтыг хангахад зарцуулагдах гэнэ лээ. Нэг дэх зорилт нь төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах,байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх. Хоёр дахь нь хүний хөгжилд суурилсан эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх. Гурав дахь том зорилт нь төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дэмжих. Сүүлчийн буюу дөрөв дэх зорилт нь хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.  Энэ хүрээнд “Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлж, нийслэлийн агаарын бохирдлыг “эмчлэхэд” 71,2 тэрбум төгрөгийг цацаж, “Таван-Эрдэнэ”-ийн хүрээнд, мал аж ахуйг эдийн засгийн идэвхитэй эргэлтэд оруулахаар төлөвлөөд байгаа юм. Мөн Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байрыг олноор бий болгоход анхаарна гэсэн.

Ирэх онд их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэмжээг ихээхэн нэмэгдүүлж, улсын төсвөөс 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь 2011 оны батлагдсан хөрөнгө оруулалтаас даруй 2,4 дахин нэмэгдсэн гэдэг тайлбарыг ч эрхбаригчид тавьж байгаа.

Гэвч улсын төсөвт тусгасан энэхүү 1,5 их наяд төгрөгийг ямар бүтээн байгуулалтад яаж хуваарилахаа Засгийн газар тодорхой шийдээгүй байгаа бололтой, янз нь. Учир нь улсын төсвийн төсөлд ерөнхий маягаар л 1,5 их наяд төгрөгийг их бүтээн байгуулалтад зарцуулна гэж төлөвлөснөөс биш тийм мөнгийг тэр бүтээн байгуулалтад зарцуулна гэсэн задаргаа нь алга.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн өгсөн ярилцлагаас харахад Засгийн газар ирэх жилийн төсөвт Сайншандын ажил үйлдвэрийн цогцолборт зарцуулах хөрөнгө төсөвлөөгүй гэнэ.  Монгол Улс 2002 оноос эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, эдийн засгийн хөгжлийн инерцийг эрчимжүүлэхээ амалж байснаас хойш арваад жилийн нүүрийг үзэх гэж байна.  Асуудал нь их, ажил нь нөгөө л тэг хэвээрээ. Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсээ байгуулж чадахгүй байж ямар хөрөнгөөрөө “Эрдэнэт”-ийн дэргэд зэс хайлуулах үйлдвэр байгуулж, цаасан дээрх Сайншандын төслийг ажил хэрэг болгох вэ гэх хүмүүс байдаг.

 Сайншандын аж үйлдвэрийн паркийг барихад Монголын төрд дор хаяж 8,5 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн. Үүнийг монгол мөнгөн тэмдэгтээр илэрхийлбэл бараг есөн их наяд төгрөг гэсэн үг.  Урьд өмнө байгаагүй хамгийн үрэлгэн бөгөөд хамгийн их тэлэлттэй гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа ирэх оны төсвөөс даруй хоёр их наяд төгрөгөөр илүү хөрөнгөтэй байж л энэхүү парк биелэлээ олох юм байна. Тэгэхээр ирэх оны төсөвт “шигтгэсэн” 1,5 их наядын бүтээн байгуулалтийн хөрөнгө ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх, нийслэлд зам харгуй тавих, сургууль, цэцэрлэг засварлах “Таван эрдэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цаашлаад тавдугаар цахилгаан станц барихад зарцуулагдаж байвал зол болох шинжтэй. Жил болгон хөнгөлөлттэй олгодог жижиг дунд үйлдвэрийн зээлийг их бүтээн байгуулалтын эхлэл ажил гэж үзэхгүй л юм бол ирэх жилд эдийн засгийг хөгжлийг түргэвчлэх томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөнө гэдэг их л эргэлзээтэй бүдэг бадагхан зүйл болоод өнгөрч магадгүй байна. Ирэх оны төсвийн ерөнхий зураглалыг харахад төрийнхний цалин, хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийн нэмэгдэл, оюутны “стипенд”, сонгуу­лийн амлалт гээд шулуухан хэлэхэд “шоу”-ных болох нигуртай аж.

С.Батболдын Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд өргөн бариад байгаа энэхүү төсвийг Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хамгийн үрэлгэн төсөв байх болно гэдэг дүгнэлтийг  Олон улсын валютын сангаас гаргасан. Учир нь 2013 оноос Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжээд ирэхээр Засгийн газар дураараа дургиж чадахаа болих юм.  Тийм ч учраас ирэх оны төсөв их бүтээн байгуулалтад чиглэгдэхээсээ илүү иргэдийг халамжлах, иргэдийг “авлигадах”-ад зориулагдаж байгаа юм. Ингэхэд эдийн засгийн хөгжлийн гарц болсон их бүтээн байгуулалт яасан бэ.  Их бүтээн байгуулалтгүйгээр экспортын шүтсэн эдийн засагтай Монгол хөгжилд хүрч, хөл дээрээ зогсч чадах болов уу. Нөгөө “ “чи барахгүй” гэдэг шиг л юм болох вий  гэж эмзэглэж байгаагаа нуух нь бүр утгагүй биз.

Ж.НЯМСҮРЭН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж