Сайжруулсан жорлонтой болъё

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Сайжруулсан жорлонтой болъё

Нүхэн жорлон утаанаас илүү бид­ний хорлож байгаа юм биш биз гэж та хэзээ нэгэн цагт бодож үз­сэн үү. Хэрвээ бодож үзээгүй бол та одоо нэг тунгаагаад үзээрэй. Ил жорлонгоос дэгдэж буй хүхэр, аммиак буюу шивтрийн хийн агууламж бусад хийнээс өндөр бай­даг. Энэ нь хүчилтөрөгчтэй исэлдэх урвалд орж хотын агаараар нэг тархдаг ажээ. Хорт хийн идэвхтэй байх хугацаа нь дор хаяж 18 сар байдаг нь хүний эрүүл мэндэд сөр­гөөр нөлөөлдөг гол үндэс болдог бай­на. Мөн хүхэр, аммиакийн дав­хар исэл нь хөрсөнд нэвчиж улмаар гүний усанд ч нөлөөлдгийг эрдэмтэд нотолжээ. Одоогийн байдлаар нийс­лэлийн хэмжээнд 200 гаруй мянган ил жорлон байдаг гэсэн судалгаа бий.

70 хувь нь сайжруулсан бие засах газаргүй…

Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагын судалгаагаар ариун цэврийн байгууламжийн хүртээмж, стандартаараа доор бичигддэг бол­соор уджээ. Ариун цэврийн бай­гууламжийн судалгаа нь хүний хөгжлийн индекс гаргахад нөлөөлдөг томоохон судалгааны нэг юм. Одоогийн байдлаар манай улс энэ судалгаанд 102 дугаар байрт жагсч байгаа. Хэдийгээр “Мянганы хөгжлийн сан”-д энэ талаар судалгааг хүргэдэг ч цаад байгууллагаас нь шаардлага хангахгүй байна гэж үзэн буцаадаг болсоор уджээ. “Монгол Улсын хэмжээнд иргэдийн 70 хувь нь сайжруулах бие засах газартай байж чадахгүй байна” гэж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Д.Басандорж ярьж байсан юм.

Ил жорлонгоос, боловсон жорлон руу…

Гэр хороололд нэг хүн өдөрт дунджаар 10 гаруй литр ус хэрэглэдэг бөгөөд дийлэнхийг нь гар, хувцсаа угаах, хоол хийхэд зарцуулдаг ажээ. Харин бие засахдаа нэг ч литр ус хэрэглэдэггүй гэсэн судалгааг Усны хэрэг эрхлэх газраас гаргасан байна. Тиймээс өтгөн, шингэн байгалийнхаа замаар ялзардаг гэсэн үг. Хамгийн харамсалтай нь, энэхүү хорт бодис нь хөрсөнд нэвчиж улмаар гүний усанд нөлөөлдөг гэсэн судалгааг гаргажээ. Гэтэл гэр хороололд 1700 гаруй худаг байрлачихсан байдаг. “Ил жорлонгийн асуудал бол зөвхөн гэр хорооллын асуудал биш. Түүнээс гардаг хорт бодис хотын бүх иргэдэд нөлөөлж байгаа. Тиймээс үүнийг анхаарах цаг болсон. Ямар ч байсан энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Нэгэн баримт дурьдахад орон сууцанд амьдарч байгаа нэг айл өдөрт 270-280 литр ус хэрэглэдэг. Үүний 40-45 хувь нь зөвхөн бие засах газарт л ашиглагддаг. Өөрөөр хэлбэл 110 литрийг нь зарцуулж байна гэсэн үг. Гэтэл гэр хорооллын айл өдөрт хэрэглэдэг 10 литрийнхээ нэгийг нь ч зарцуулахгүй байна шүү дээ” гэж Усны хэрэг эрхлэх газрын дэд дарга З.Батбаяр ярьж байсан юм.

Гэр хорооллын айлуудыг ил жорлонгоос нь хэрхэн ангижруулах вэ, бүгдийг нь суултууртай болгох юм уу гэж уншигч та бодож байж болох. Тэгвэл энэ асуултад хариу өгөх нэг зүйл байна. Одоогийн байдлаар зургаан төрлийн жорлон­гийн загварыг судалж байгаа бөгөөд эдгээрээс иргэдэд хүрч болох нэгийг нь сонгох ажээ. Эдгээр жорлонгууд гаднаас харагдах байдлаараа ил жорлонгоос ялгагдах зүйлгүй ч өт­гөн, шингэнийг хөрснөөс дээр тус­гайл­сан саванд байршуулах юм байна. Ингэснээрээ хөрсийг бохир­дуулахгүй гэсэн үг юм. “Одоогийн байдлаар судалгаа явуулж бай­гаа. Аль нь манай нөхцөлд хэр­хэн зохицож байна вэ гэдгийг судал­гаагаар л тогтооно. ОХУ, Хятадад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нь туршлага су­далж байгаа” гэж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн про­фессор Д.Басандорж ярьж байсан юм.

1,5 тэрбумын үнэтэй цэвэрлэх бодис…

Өнгөрсөн зургадугаар сард гэр хорооллын айлуудыг сонгож “Тамир ЭМ” био бэлдмэлийг тараасан юм. Гэр хорооллын айлуудын ил жорлонд байгаа хорт бодисыг бууруулах зорилгоор энэ бодисыг бүтээсэн хэрэг. Гэвч энэ эм ил жорлонд агуулагдсан хүхэр болон аммиакийг тодорхой хэмжээнд буулгадаггүй бөгөөд сөрөг нөлөөлөл нь их байдаг гэх. “Ил жорлонд ямар нэгэн бодис асгалаа гээд энэ нь хөрсөнд нөлөөлж л байгаа учраас сайн нөлөө үзүүлэх нь юу л бол” гэж профессор Д.Басандорж ярьж байсан юм. Угтаа өнгөрсөн зургадугаар сард сонгогдсон хороонуудад тараасан энэхүү бэлдмэл Бразил улсад ариун цэврийн бүтээгдэхүүний хаягдлыг бууруулахад хэрэглэж байсан бэлдмэл байсан ажээ.

Бохироос мөнгө олох арга…

Өтгөн, шингэнээ боловсруулаад мөнгө олно гэвэл танд ямар сонсогдож байна. Угтаа өтгөн шингэнээ боловсруулж мөнгө олох арга үйлчилж эхлээд арваад жилийн нүүрийг үзжээ. БНХАУ-ын Бээжин хотын технологийн их сургуулийн профессорууд 1990-ээд оны дунд үеэс эхлэн тариалан хөгжсөн орнуудад нэгэн судалгааг явуулж эхэлжээ. Энэ нь ил жорлонгоос гардаг хаягдлыг хэрхэн ашиглах вэ гэсэн судалгаа байсан гэдэг. Уг судалгааны дараа энэхүү өтгөн, шингэнийг тусгай бодистой хольж бордоо бэлтгэх болжээ. Үүнийгээ түшиглэн бордооны үйлдвэр байгуулсан нь өдгөө Хятад улсын томоохон үйлдвэр болсон байна. Энэ компани дэлхийн томоохон хүлэмжийн болоод тариалангийн бүс нутгуудад бордоогоо экспортлож байгаа аж. Энэхүү аргыг Энэтхэг улс хэрэглэж байгаа бөгөөд бордооны томоохон үйлдвэр барих гэж байгаа юм байна.

Дэлхийд нэг жилд дунджаар 5 сая хүн нас бардаг…

Ариун цэврийн шаардлага хангаагүй жорлон болон ариун цэврийн асуудлаас болж дэлхийн хэмжээнд жилд дунджаар таван сая хүн нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь Африк тивийн ихэнх улсууд болон Энэтхэг улсынх. Одоогийн байдлаар Африкийн орнуудын 70 гаруй хувь нь ариун цэврийн шаардлага хангасан жорлонгүй бөгөөд үүнээс болж холер, хижиг зэрэг өвчин халдах эх үндэс болдог байна. Саяхны нэг баримт дурьдахад Камерун улсад холер өвчний улмаас 70 гаруй мянган хүн нас баржээ. Нас барагсдын ихэнх нь шаардлага хангаагүй бие засах газрын ойролцоо амьдарч байсан хүмүүс аж.

Нэгэнт дэлхийд ийм байдал үүссэн учраас 2001 оноос эхлэн арваннэгдүгээр сарын 16-ын өдрийг “Дэлхийн “00”-ийн өдөр” болгон зарлажээ. Анх 13 орон хамрагдаж байсан бол одоогийн байдлаар 56 орон энэ өдрийг тэмдэглэж байна. Чухамдаа энэ өдрийн зорилго нь сайжруулсан бие засах газрыг байгуулах, шаардлага хангаагүйг  нь цэгцлэх, үүнээс үүдсэн өвчлөлд дэлхий дахины анхаарлыг хандуулахад оршиж байгаа ажээ.

Хоёр зууны тэртээх баримт…

Хот үүсч бүрэлдэхийн хэрээр ариун цэврийн асуудал хурцаар тавигдах болов. 1500-аад оны дунд үед Англи, Франц зэрэг улсуудад халдварт өвчин хурдацтай тархсаар байжээ. Тухайн үеийн улстөрчид их хэмжээний хөрөнгө “хаяад” ч энэ асуудлыг торгоож чадахгүй байв. Халдварт өвчин хурдацтай тархах болсон шалтгаан нь тухайн үед хүмүүс гэртээ бие засаад цонхоороо асгадаг байсан гэдэг. Үүнээс хойш дахин хоёр зууны дараа өнөөгийн бидний мэдэх бохирын суваг, шуудуу ухах зохион бүтээх сэдлийг бий болгосон байна. Дэлхийн хэмжээнд хамгийн анхны бохирын суваг шуудууг Англид 1800-аад оны сүүлээр ашиглаж эхэлсэн бөгөөд Английн эзэн хааны захиргааныхан энэ ажлыг хариуцаж байжээ. Америк улс тусгаар тогтнолоо зарлаад удаагүй байхад ч энэ асуудал тулгарч байсан гэдэг. Тиймээс Засгийн газрын тодорхой бодлогын хүрээнд энэ асуудлыг шийджээ.

Ийнхүү манайхаас өөр улс оронд хоёр зууны тэртээ яригдаж байсан асуудал мэдээлэл технологийн ирэн зуун гээд байгаа XXI зууны Монгол оронд тохиолдож, боловсон жорлон мөрөөдөж сууна.

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж