Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Иргэншлийн сүүдэр

Нийгмийн бухимдал, уцаараас үүдсэн зовлонг гэтэлгэгчид олширчээ. Гадаадад ийм хүмүүсийг сэтгэл судлаачид гэдэг. Манайд бол сэтгэл судлаачид нийгмийн энэ буглааг эмчилдэггүй. Лам нар л тэдний үүргийг гүйцэтгэдэг. Ажил нь бүтэлгүйтэж, амьдрал нь уруудан, эхнэр, нөхөртэйгөө, эсвэл хүүхэдтэйгээ учраа олж чадахгүй зовлонгийн далайд хүчин мөхөсдөх үедээ гадныхан өөрийн сэтгэл зүйчдээ ханддаг. Харин манайхан бол Гандан руу таваргаж лам багшийнхаа хэлснийг ёсчилно. Зуд болоход нохой зоолно, зовлон болоход лам таргалдаг уламжлалтай юм чинь. Энэ нь сэтгэл зүйч гээ­чийг Христийн шашинтны хар ламтнуудтай андуурс­наас үүдэлтэй ч байж болох юм. Үгүй ч биз.

Тийм төрлийн лам нарыг Я.Гашекийн “Эрэлхэг цэрэг Швек” зохиолд ихэд хөгжилтэйгөөр дүрсэлсэн байдаг даа.  Нүглээ наминчилах гэсэн бүсгүйн яриаг хар ламтан шимтэнхэн сонсдог. “Би их нүгэлтэй эмэгтэй. Орондоо ороод хамаг хувцсаа тайлаад, тэгээд…” гэж ичингүйрсэн бүсгүйг ламтан улам шамдуулан цааш ярихыг ятгадаг. Ятгаж, ятгаж хэлүүлсэн үг нь “Тэгээд хумсныхаа салааг ухаад үнэрлэдэг нүгэлтэй” байсныг сонсоод хэсэгтээ л “шок”-нд ордог доо. Яг л түүн шиг. Харамсалтай нь, манайд лам нар нийгмийн уур, уцаарыг илааршуулах нь байтугай өөрсдөө будилж яваа нь олон. Гэхдээ тэд сэтгэл зүйчдийн гүйцэтгэдэг сэтгэл засах ажлыг өөрсдийн хэмжээнд өнөөг хүртэл хийж ирсэн улс. Тэдний хүч иргэншлээс үүдэн гарч ирэх өвчлөлийг дийлэхгүй нь мэдээж. Энэ өвчлөлийг манайд албан ёсоор “Хүний амьдралын хэв шинжтэй холбоотой өвчлөл” гэж нэрлэдэг аж. Мухар сүсгийн балгаар энэхүү хотжилтын өвчин улам бүр даамжирч, халдварт өвчнөөс ч илүү заналхийлэл учруулах болсныг судалгаа, шинжилгээнүүд нотолж байна.  

Хөдөөгийн ганц эр хотын дөрөвтэй дүйнэ…

Нийслэлийн хэмжээнд ойролцоогоор 200 мянган авто машин бүртгүүлжээ. Харин нийс­лэ­лийн иргэдийн тоо 1,2 сая /албан ёсоор шүү. албан бусаар 1,5 сая гэдэг/ гэж бий. Зургаан хүний нэг нь буюу дунджаар өрх болгон авто машинтай гэсэн үг. Энэ тоон үзүүлэлт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй аж. Бүгд машинтай болж, дээр нь суугаа ажил эрхэлдгээс үүдэн хөдөлгөөний хомсдолд орох болжээ. Ингэснээр хотын нийт хүн амын арван хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой болсон гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хийсэн судалгаа нотолжээ. Дээр нь хөдөөгийнхөөс хотын эрчүүд дөрөв дахин ихээр хөдөлгөөний хомсдолд орж буй. Эмэгтэйчүүд нь хоёр дахин хөдөлгөөний хомсдолд орох эрсдэлтэйг тогтоосон байна. Үүнд нөлөөлж олон хүчин зүйл бий. Ажилдаа явна, ирнэ, гэхдээ машинаар. Эсвэл таксидана. Дундаж амьдралтайгийнх нь гэр бүлд найдвартай нэг такситай хүн бий. Түүгээрээ хүргүүлнэ. Үгүй дээ, нийтийн тээврээр явчихна. Хотын төвөөс зах руу явахад, түгжрэлийг тооцоод хоёр цаг. Ингэж тооцвол өглөө, оройдоо дөрвөн цаг сууна. Үдийн цайндаа гарахыг эс тооцвол ажлын найман цагт бас л сууна. Даргадаа аман тайлан тавихдаа өрөө рүү нь гүйхгүй. Даргын өрөө рүү огло харайхгүй шалтгаан нь мессенжер гэж сайхан юм бий. Түүний тусламжтайгаар суудалдаа “хадагдана”. Үүнээс үүдэн уушиг, ходоод, бөөрний өвчлөл эрс нэмэгдэж буй аж.

Бэл бэнчингээ биендээ шингээгсэд…

Гадаадад олон жил болсон нөхөр ирээд “Манайхан биш ээ” гэсэн үгийг уулзангуутаа “унагав”. Дургүй хүрмээр санагдсан ч “Бүгдээрээ тарган болчихож” гэхийг нь сонсоод нэгийг бодов. Судлаачдын хэлж буйгаар хүн амын маань биеийн жингийн илүүдэл хэмжээ 24,6 килограммд хүрчээ. Зөвхөн мах, гурил, сүү төдийхөн хэрэглэдэг асан монголчууд ингэж таргалах болсон нь хөдөлгөөний дутагдлаас гадна хоол, хүнсний оролцоо бий аж. Энэ бүх хүчин зүйлсийн балгаар нийт хүн амын 39,8 хувь нь “буяны таргатай” болжээ. Хүйсээр нь зааглавал эрчүүд байх ёстой жингээсээ 24,3 килограмм, эмэгтэйчүүд 24,9 килограммийн илүүдэлтэй байна. Монголчуудыг өргөн шанаа, монхордуу хамар, цагаан шүдээр тодотгодог байсан бол одоо “гэдэстэй” гэсэн нэг тодотгол нэмэгдэв. Учир нь нийт эрчүүдийн маань 29,1 хувь нь, эмэгтэйчүүдийн 55,7 хувь нь бүслэхийн таргалалттай болсон байх юм. Хөдөлгөөнгүй, суугаа ажил хийхийн дээр чөлөөт цагаа уушийн газар өнгөрөөж, шар айраг шимдэг нь үүнд нөлөөлдөг нэгэн хүчин зүйлд яахын аргагүй орно гэж байгаа. Сөрөг тал нь ингэснээр зүрх судасны төдийгүй элэг, бөөр зэрэг дотоод эрхтэний өвчлөл эрс нэмэгдэх болсон байна. 45-аас дээш насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчлөлт буюу дээр дурдсан эрхтэний өвчлөлөөр өвчлөх эрсдэлтэй гэдгийг ч мэргэжлийн хүмүүс тогтоосон байх юм.

Хэт их таргалснаас болж зүрх өөхөлж, улмаар өвчин нь даамжран залуугаараа нөгөө ертөнцөд “илгээг­дэж” болжээ. Мэдээж таргалах болсон шалтгаан нь өөх, тос ихтэй хоол, хүнс хэрэглэх нь ихэсч, жимс жимсгэнэ хэрэглэх нь багассантай холбоотой. Тиймээс бэл бэнчингээ биедээ хоол хүнс байдлаар бус спортоор хичээллэх байдлаар шингээхийг эмч нар зөвлөж байна.

Үгүй гэвээс үхэл танд ойрхон ирсэн гэж итгэ. Цусны эргэлтийн тогтолцооны /зүрх, судасны өвчин, цус харвалт/ өвчнөөр өөд бологсод нийт нас баралтын 20,5 хувийг эзлэх болжээ. Энэ эмгэг хуучны цагт голдуу өндөр настнуудад л тохиолддог байсан бол одоо өөр.

Одоогоос 20 жилийн өмнө 50 настай хүн цус харвах нь энгийн үзэгдэл байж. Тэгвэл одоо дөнгөж 30 гарч яваа залуус цус харваад өнгөрчихдөг болсон тухай мэргэжлийн эмч нар ярьж байна. Энэ нь хэвийн үзэгдэл болсон төдийгүй багагүй хувь нь таргалалтаас үүдэлтэйг ч тэд дурдана лээ..
 
Түгжрэлээс зугтаж амиа авар…

Түгжрэлд түгжигдэж, шатахуу­наа баран зогсонгүү элдвийн бүтээгдэхүүн “хэвж” явах нь хайран цаг, санхүүг тань бараад зогсохгүй амь насанд чинь заналхийлж байна гэвэл итгэх үү. Харамсалтай нь, энэ төрлийн үхэлд хүргэх зүйлс дээрх өвчлөлийн адил заналхийлж байна. Бэртэл, хордлого, гадны шалтгааны улмаас нас баралт 9,3 хувийг эзэлж буй. Хүнснийхээ 80 хувийг гаднаас баталгаат шинжилгээгүйгээр авдаг манайхан хүнснээсээ хордох нь ихэсч гадны шалтгаанаар нас барагсдын хувийг нэмэгдүүлэхэд хүргэжээ. Авто тээврийн хэрэгсэл хэт олширсоноос үүдэн сөрөг нөлөөлөл нь ч ихэсч байна.

Энэ бүх иргэншлийн буюу хүний амьдралын хэв шинжтэй холбоотой өвчлөл аюулын харанга дэлдэж эхэлжээ. Гэтэл бидэнд биеэ чийрэгжүүлэх боломж, түүнд гаргах зав ч алга. Хотын захад оршин суудаг иргэн төвд ажилтай бол нэг өдрийнхөө 12 цагийг дунджаар зарцуулдаг.  Ажилдаа 09:00 цагт очихын тулд 07:00 цагт гэрээсээ гарна. 18:00 цагт тараад гэртээ ирэхэд 20:00 цаг. Хам хум хоолоо хийж идээд л харахад 22:00 цаг. Ядарсан л байгаа. Ийм хүн яаж ч спортоор хичээллэх билээ. Гадаа жаахан алхая гэсэн ч утаанд угаартана. Ингээд л мах идсэн монгол “мангас зүүдлэх” цаг. Сэрүүлэг 06:30-д дуугарах вий.

Л.НАРАНТӨГС

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж