Хотын таван сэхээтэн хөдөөний нэг малчинтай тэнцүү юу?
…Ингэж асуухаар хөдөөгийнхөн дандаа боловсролгүй харанхуй хүмүүс, хотынхон харин бүгд гэгээрсэн нөхдүүд байдаг гэж бүү бодоорой. Зүгээр “контраст”-ыг нь жаахан нэмэгдүүлэхийн тулд ялимгүй хүч оруулсан хэрэг. Түүнээс биш хөдөөд ч гэсэн боловсролтой хүмүүс /гэхдээ сургууль төгссөнөөсөө хойш салхи оруулаагүй дипломын тухай биш шүү/, сэхээтнүүд зөндөө л байгаа. Эмч, багш, инженерүүдээс аваад. Гэхдээ тэднийг нөгөө малчдынх нь тоонд харьцуулбал дахиад тавны нэг л болно. Үүнээс гадна малчид гэдэг угаасаа харанхуй, боловсролгүй хүмүүс бас биш. Авдраараа дүүрэн уран зохиолын номтой залуучууд, хурдан морины талаар докторын диссертаци бичиж чадахуйц мэдлэг, туршлагатай өвгөн уяачид зөндөө л байсан. Миний багад. Тэгээд ч малчин болно гэдэг чинь бас л нэг шинжлэх ухаанд суралцаж буй хэрэг.
Ингээд бодохоор хөдөөгийн нэг малчны боловсрол “хонгио” толгойтой хотын таван залуугаас илүү ч байж мэднэ. Тэгэхээр дээр миний тавьсан асуулт уг хүний мэдлэг боловсрол хийгээд нийгмийн гарал, үүсэлтэй огтын холбоогүй гэдгийг ойлгож болно. Харин хувь хүний сонгох эрх, тэгш эрхийн тухай л асуудал юм.
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд саяхан шинэ цэцэрлэгийн нээлтэд очоод “Нэгхэн жилийн дотор нийслэлд бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцүү тооны хүмүүс шилжин ирж байна” гэж ярьсан байна лээ. Тиймээс л сургууль цэцэрлэгийн тоо хүрэлцэхээ больчихоод байгаа хэрэг.
Зөв л олж харж. Түүнээс гадна УИХ-ын гишүүд буюу төлөөллийн эрх, мандатын тоо ч бас хотынхонд хүрэлцэхгүй болоод байна шүү гэдгийг эрхэм гишүүд, улс төрийн намуудад дуулгамаар байна. Нөхдүүд өөрсдөө бол “УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэдэг түмнээс төгөлдөр, олноос онцгой нэгэн учраас юунд ч хүрэлцэнэ, мэдэхгүй чадахгүй зүйл үгүй” гэж боддог байж магадгүй. Хэрвээ тийм байсан бол өнөөдөр Улаанбаатар хот утаа тортогтоо дарагдаж, ундны ус нь жорлонгийн ялгадсаар бохирдоод, замын ачаалал дээд цэгтээ хүрч, ажилгүйдэл, ядуурал хүн амын гуравны нэгээс даваад /37-39 хувь гэж тооцож байгаа/ явчихгүй л байсан байх.
Тиймээс л сонгуулийн төгөлдөршил, тогтолцооны шинэчлэл ярьж эхэлсэн цагаас хойш нийслэлчүүдийн зүгээс хууль тогтоогчдод дайж буй санал нь парламент дахь нийслэлчүүдийн төлөөллийг олшруулах, ядахдаа хүн амынх нь тоонд дүйцүүлэх явдал.
Одоогийн байдлаар УИХ-ын 76 гишүүн дотор нийслэлчүүдийн төлөөлөл 20 гишүүнээр хязгаарлагдаж, нийт мандатын 26,1 хувийг эзэлж байгаа. Харин хүн ам нь албан ёсны тоогоор нийт хүн амын 45 хувь, албан бус тоогоор бараг 50 хувьд хүрээд байгаа. 2000 оны сонгуулиар нийслэлийн хүн ам 773 мянга байсан бол 2010 оны тооллогоор сая 240 мянгад хүрч 60,2 хувиар өссөн байгаа юм. Гэтэл нийслэлд ноогдож буй мандатын тоо яг хэвээрээ. Тиймээс л Улаанбаатарын утаа, уушигны өвчлөл, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй гэр хорооллыг тойрсон сургууль, цэцэрлэгийн дутагдал, ядуурал, ажилгүйдэл нийт нийслэлчүүдийн толгойн өвчин болж буугаад буй хэрэг. Харин УИХ-д энэ асуудлыг шийдүүлэхээр төлөөлүүлсэн гишүүн нь 20-хон. УИХ нь хүртэл асуудлынхаа мөн чанар, ач холбогдол, үр ашиг, хор хөнөөлийг тооцохоосоо илүү кнопны олон цөөнөөр шийддэг болохоор энэ янзаараа бол цаашид ч гэсэн нийслэлчүүдийн асуудал үргэлж ард нь орхигдоно гэсэн үг. Хөдөөгийн 56-гийн эсрэг хотын 20.
Уг нь УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх ажил бараг төгсгөлийнхөө шатанд ороод, ямар ч байсан мажоритари жижиг тойргуудаас татгалзаж, мажоритари давамгайлсан ч гэсэн холимог тогтолцоог авахаар УИХ дахь хоёр том нам тохиролцоонд хүрлээ. Хорин жил яваад ирчихсэн тогтолцооноосоо сална гэдэг хувь улстөрчдөд ч, улс төрийн намуудад ч амаргүй шалгуур байсан нь мэдээж. Одоо яригдаж буй сүүлчийн хувилбар бол УИХ-ын 76 мандатын 28-ыг нь намын жагсаалтаар нийт орон даяар нэг тойрог болгон санал хураалгаж, үлдсэн 48-ыг олон мандаттай мажоритари 26 тойргоос сонгох явдал. Нэгдүгээрт 2008 онд байгуулсан 26 том тойргоо жижиглээгүй, хоёрдугаарт нийт мандатын ядаж гуравны нэгийг нь пропорциональ тойрогт намын нэрээр санал хураалгах болсноороо давуу, ямар ч байсан нэг алхам урагшилна гэж намууд ярьж байгаа.
Гэвч үүн дээр маргаан дагуулж буй ганц асуудал нь нийслэлчүүдийн төлөөлөл буюу хотын тойргийн мандатыг нэмэгдүүлэх байтугай 2000, 2008 оныхоос нь ч цөөлсөн явдал. Анх мажоритари 48 мандатын 12-ийг нь /25 хувь, өмнө нь 26,1 хувь байсан/ нийслэлчүүдэд өгөхөөр ярьж байсан МАН-ын бүлэг дахиад хоёр мандатыг нийслэлчүүдэд илүүчлэхээр болсон нь сонгуульд оролцож саналаа өгөх хүмүүсийн хувьд энэ нь бас л хангалтгүй сонсогдоод байна. Тэд “Хүн амын 45 хувь нь амьдарч байгаа нийслэлд төдий хэмжээний мандат /21-22/ өгөх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол хөдөөгийн нэг хүн хотын таван хүнтэй тэнцэхүйц төлөөллийн эрх эдэлж байгаа нь тэгш бус байдлыг бий болгож байна гэж үзэж байгаа билээ. Тиймээс Ардчилсан намаас тавьсан мажоритариар сонгогдох 48 мандатын 20-ийг нийслэлд, 28-ийг нь хөдөөд хуваарилья, мандатын тоо хүн амынхаа нягтралтай зайлшгүй уялдаж байх ёстой гэдэг санал нийслэлчүүдэд илүү ойр сонсогдож байлаа.
Яагаад гэвэл энэ нь Ардчилсан намынханд ашигтай гэхээсээ илүү нийслэлчүүдэд ашигтай хувилбар. Аль намаас байх нь хамаагүй, нийслэлийн төлөөлөл хотод хорь байна гэдэг /48-ын 41 хувь/ тулгамдаад буй асуудлаа шийдүүлэх гарц нь арай өргөсч байна л гэсэн үг.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүдийн зүгээс сүүлийн үест “Сонгуулийн хууль гарахгүй, гарсан ч Цэц дээр очоод унах болно. Тэгээд сонгууль хуучнаараа явна” гэсэн үгийг санаатай санамсаргүй, зорилготой зорилгогүйгээр амнаасаа унагах нь олширсон билээ. Сонгуулийн тогтолцооны төлөө хамгийн тууштай явж байгаа гэж харагдаж байсан Ардчилсан намын бүлгийн гишүүдийн дотроос асуудалд ингэж хандах болсон нь гайхашрал төрүүлсэн хэрэг. Өөрсдөө ингэж хүсээд байна уу, эсвэл өөр хэн нэгний хүслийг дамжуулаад байгаа юм уу гэж.
Хэрвээ сонгуулийн хуулийг одоогийн ярьж буй хувилбараар явуулна гэвэл зөвхөн хотын тойрог төдийгүй, хөдөөгийн тойргуудаас ч гэсэн нэлээд тооны мандат хасагдах болно гэдгийг та бид мэдэж байгаа. Учир нь УИХ-ын 76 мандатаас 28-ийг нь улс орон даяар нэг тойрог болгон намын жагсаалтаар санал авах учраас. Тэгэхээр хотын 20 нь 14 болж, хөдөөд байсан 56 мандат 34 болон /хэрвээ хотод 14-ийг өгнө гэвэл/ буурч байгаа юм. Гурван мандаттай байсан аймаг хоёр мандаттай, хоёр мандаттай нь нэг мандаттай болно гэсэн үг. Харин дөрвөн мандаттай байсан Төв аймгаас хоёр мандат хасч, Говьсүмбэрийг Дорноговьтой нэгтгэн нэг мандаттай үлдээжээ. Ингэлээ гээд иргэд сонгогчдийн хувьд бол нэг их алдаад байх зүйл байхгүй л дээ. Ядахдаа гишүүний нэг тэрбумыг ирэх сонгуулийн дараачаас харах хэрэггүй болж, хуульд өөрчлөлт орж байгаа. Өөр бусдаар гишүүний тоо нэг байх, хоёр байх нь нэг их чухал бус л байсан болов уу. Харин ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж буй гишүүдийн хувьд гол “аймшиг” ирээд байгаа бололтой юм.
Увсаас Ц.Нямдорж, Сүхбаатараас Р.Буд, Сүхбаатар дүүргээс Ц.Мөнх-Оргил ч гэдэг юм уу /зүгээр тохиолдлоор авсан нэр юм шүү, баталгаа нотолгоо хараахан байхгүй учраас/, намын жагсаалтад орох магадлал бага, тойрог дээр ч үлдэх “шаанс”-гүй лав арав гаруй гишүүд үлдэж байна. Одоогийн УИХ-аас шүү дээ. Ардчилсан намаас ч бас ганц нэг хүн байх нь мэдээж. Тэдний хувьд “Сонгуулийн хуулийг холимог тогтолцоогоор баталж, мажоритари тойргийн мандатыг цөөлөх юм бол Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэдэг дээр нэгдээд байгаа аж. Сонгуулийн хуулийг “Цэц дээр гацаах” тухай эхний яриа гарах болсон шалтгаан энэ.
Хоёр дахь нь МҮАН, МАХН-ын эвсэл. Ирэх сонгуульд хамтарч, эвсэж оролцох болно гэдгээ ил тод мэдэгдээд байгаа М.Энхсайхан, Н.Энхбаяр нарын нийгэмд эзэлж буй дэмжлэг ч бас эрх барьж буй намуудыг айлгаж буй бололтой. Н.Энхбаярын толгойлсон МАХН л гэхэд саяхны судалгаагаар зургаан орчим хувийн дэмжлэгтэй гарсан. М.Энхсайхан үүн дээр нэмэгдээд 10 орчим хувийн санал авлаа гэхэд араасаа зургаан суудал чирээд УИХ-д ороод ирэх бололцоотой гэж парламентын намууд харж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, ингэсэн тохиолдолд тэдний хэн хэн нь 2013 оны сонгуульд өрсөлдөх боломжтой болно гэсэн үг. Тэглээ гээд тэд хоорондоо өрсөлдөхгүй нь тодорхой. МАН-тай ч бас биш. Цагаа ирэхэд МАН, МАХН ч хоёр ялгаагүй, нэг л эх сурвалжтай. Тэгэхээр энэ эвслийн хамгийн том “хохирогч” нь одоо эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч л байх болов уу.
Энэ мэтчилэн шалтаг шалтгаанууд “Сонгуулийн хуулийг Цэц дээр гацаах” тухай ярианы эх сурвалж болж байна. Тэгэхээр сонгуулийн хуулийг УИХ-ын гишүүд, улс төрийн намууд хэнд зориулж гаргах гээд, бас гаргахгүй гээд байна вэ гэдэг нь илүү ойлгомжтой болно. “Арван хэдэн гишүүн Цэцтэй ажиллаад эхлэхээр бид яах юм бэ?” гэхийг сонсоод эхлээд гайхсан, цаана нь 50-60 гишүүн байгаа биз дээ. Харамсалтай нь тэд ч гэсэн Цэцийн шийдвэрийг битүүхэндээ хүлээж байгаа бололтой. Хэрвээ Сонгуулийн хууль Цэц дээр унах юм бол нөгөө хэл ам болж байж өөрчилсөн тогтолцооноос гадна санал хураалтыг автоматжуулах, саналын хуудсыг машинаар тоолох гэх мэтчилэн сонгуулийн булхай луйврыг арилгах талаар хуульд хийгдсэн бүр өөрчлөлтүүд унаж, нөгөө булхайтай сонгууль маань хуучин хуулиараа явна гэсэн үг. Нэг талаас иргэдийн төлөөллийн тэгш эрхийн төлөөх тэмцэл, нөгөө талаас улстөрчдийн эрх мэдлийн төлөөх хүсэл шунал хоёр ийнхүү зөрчилдөж эхэллээ. Тэгэхээр хэний гарт эрх мэдэл байгаа билээ…
"АРДЫН ЭРХ" СОНИН
Холбоотой мэдээ