Шавиа зодсон багшийн хэрэгт харьяалал тогтооно

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Шавиа зодсон багшийн хэрэгт харьяалал тогтооно

ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтайгаар ажиллуулна хэмээн уран нугараач охиныг авч яваад зодож дарамталсан гэх багш Э-д холбогдох хэргийг Мөрдөн байцаах газрынхан шалгаж дуусаад, прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Хэрэгт Нийслэлийн прокурорын газрын О.Гэрэл хяналт тавьж  байгаа бөгөөд энэ долоо хоногт харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Тэрбээр шавь нараа ямар ч амралтгүйгээр арав гаруй цаг хичээллүүлдэг, төмрөөр гуя шилбэ рүү нь цохидог, шийтгэж байна хэмээн хоолыг нь сойдог байсан аж. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст  шалгаж дуусчээ. Нугараач охин Орост байх хугацаандаа тодорхой хэмжээний цалин хөлс авч байсан учир түүнийг хүн худалдаалах гэмт хэрэг юм уу, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэж үзэх боломжгүй гэнэ. Харин түүнд нугаралтын хичээл заахдаа хэрцгийгээр зодож, олон цагаар хичээллүүлдэг байсан гэх багш Э-г Эрүүгийн хуулийн 181.3 буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж.  Үүнийг нь хохирогч тал ч нотолж байгаа бөгөөд тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж